Х.Болдбаатар: Үйлдвэрийнхээ хөгжил, ирээдүйн сайн сайхны төлөө хамтдаа зүтгэе

2019-05-29

Эрдэнэт үйлдвэрийн “Бүтээлч санаачлагч-2018” сайн саналын системийн шилдэг 100 манлайлагчийн жагсаалтыг тэргүүлсэн Авто тээврийн цехийн Механикийн албаны механик Х.Болдбаатартай ярилцлаа. Тэрбээр сайн саналын системээр дамжуулан 38 санал гаргаж, 83,3 хувийг нь үйлдвэрлэлд хэрэгжүүлжээ.

   - Та аль нутгийн хүн бэ? Эрдэнэт хоттой хэрхэн холбогдсон тухай ярилцлагаа эхэлье?
  - Миний уугуул нутаг Булган аймаг. Их  бүтээн байгуулалтад оролцохоор аав маань илгээлт өвөрлөн 1974 онд Эрдэнэтийг зорьсон. Тэр үед би нэг настай байсан гэдэг. Ингэж л Эрдэнэтийн хүн болсон доо.

   - Ажил мэргэжлийн тухайд хүүхэд насны тань мөрөөдөл биелсэн үү?
   - Биелсэн гэж хэлж болно. Манай аав тээврийн тэрэгний жолооч байсан. Арваадхан настайгаасаа л би Хөвсгөл, Багануур, Дархан, Хөтөл гээд л холын тээвэрт аавынхаа машины бүхээгт хамт явдаг байлаа. Аав минь шаламгай, бахархмаар чадалтай хүн байсан. Би аав шигээ л сайн  жолооч болно гэж мөрөөддөг байлаа. Ааваасаа гуйж, жолоо барина, замд машины дугуй хагарах үед домкрат, дорцов ойртуулж, нөхөхөд нь тусалж  гүйсээр машинд дөртэй болсон. 1991 онд 10-р ангиа төгсөөд Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехэд автын засварчнаас ажлын гараагаа эхэлсэн. Их “айл”-ын өндөр босгоор алхахдаа “Би азтай хүн” хэмээн баярлаж, энэ сайхан тавилангаа хичээнгүй хөдөлмөрөөр  өнгөлөн зүлгэнэ гэж өөртөө тангараглаж билээ.
  
   - Засварчны мэргэжлээ хэдийд механикчаар солив?
  - Төрөл бүрийн машины авто гараажид тухайн үеийнхээ шилдэг ажилчид, оросын мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн засварчнаар ажиллаж байхдаа мэргэжлээ дээшлүүлэх, мэдлэгээ ахиулах хэрэгтэйг мэдэрсэн. Ингээд ажиллахын зэрэгцээ Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуульд автын инженер мэргэжлээр суралцаж 2005 онд төгссөн. Дараа жил нь Тоног төхөөрөмж болон өргөн тээвэрлэх машин механизмын механикч албан тушаалд томилогдон өнөөг хүртэл ажиллаж байна.

   - Та шилдэг шинийг санаачлагчийн жагсаалтад сүүлийн хоёр жил дээгүүр “давхиж” өнөө жил өнгөллөө. Ер нь шинэ санаачилга хэрхэн гаргадаг вэ?
   - Энэ бол зөвхөн миний амжилт биш. Миний удирддаг бүтээмж чанарын “Гавшгай” дугуйлангийнхны санаачилгын үр дүн. Бид ажлын цагийг өндөр бүтээмжтэй ашиглахыг зорьдог. Төлөвлөгөөт ажлаа чанартай хийж, илүү гарсан цагт юуг яаж өөрчилж сайжруулахад анхаарлаа хандуулдаг. Шинээр санаачилсан болгон ямар нэг байдлаар үр ашгаа өгдөг. Тухайлбал, бид ажлын байраа тасралтгүй сайжруулдаг. Ингэснээр хөдөлмөр хөнгөвчлөгдөнө, хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдана. Зарим тоног төхөөрөмж, техникийн эд анги, сэлбэгийг орлуулах, сайжруулах зэргээр  үйлдвэрийнхээ эдийн засагт томоохон хэмнэлт авчирна. Ер нь ажил хийх явцад хүндрэлтэй зүйл их тулгардаг. Үүнийг шийдэх гэж эрэлхийлж явахад л шинэ санаачилга урган гардаг. Үүнд хүн бүрийн идэвх оролцоо их чухал. Манай Механикийн албаныхан шинийг санаачлах, үр дүн нь ямар болох талаар байнга хэлэлцдэг. Гишүүдийн санаачилсан зүйлээ батлах мэтгэлцээн дундаас зөв шийдвэр гарах нь элбэг. Тогтсон санаагаа судална, тооцоолол хийнэ, инженерийн шийдэл гаргана. Ингээд л хэрэгжүүлнэ дээ.

   - Манай үйлдвэр ажиллагчдынхаа санаачилгыг хэр дэмжиж, урамшуулдаг гэж та үздэг вэ?
  - Эрдэнэт үйлдвэрээс бүтээмж инновацийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажил сүүлийн жилүүдэд их сайжирч байгаа. Бүтээмж инновацийн сантай болж, урамшууллыг өсгөснөөр хүмүүсийн оролцоо нэмэгдэж байна. Мөн дотоод гадаадын сургалт, үзэсгэлэнд хамруулж байгаа нь ажилчдын идэвхийг сэргээж байгаа. Манай цехийн инновацийн мэргэжилтэн Пүрэвсүрэн биднийг арга зүйгээр ханган чиглүүлж, бас урамшуулан дэмжиж ажилладаг. Өнгөрсөн оны 10-р сард Хятад улсад зохиогддог  олон улсын “Сanton fаir” үзэсгэлэнд манай цехээс бидний гурван ажилтан оролцсон. Үйлдвэрт нэвтрүүлж болох санаа, эдийн засгийн хэмнэлт авчрах орчин үеийн шилдэг техник технологитай танилцсандаа баяртай байна. Илүү ихийг сэтгэж, хийх  урам зориг өгсөн. 

   - Шилдэг шинийг санаачлагчийн хувьд бусад хүмүүст  туршлагаасаа хэрхэн хуваалцах  вэ? Ажилчдад хандаж юу уриалах вэ?
   - Ажилчидтай санал солилцож, ажлын байранд сургалт явуулж, туршлага солилцъё гэсэн бодол бий. Шилдэг шинийг санаачлагчдаас ч суралцъя. Өөрийнхөө мэддэгийг ч түгээе. Бидний эцсийн зорилго бол үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх, эдийн засгийн үр ашиг авчрах, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн бүтээлч  санал, санаачилга гарган хэрэгжүүлэх. Энэ бол Эрдэнэт үйлдвэрийнхээ хөгжил, ирээдүйн сайн сайхны төлөө хийж буй ажил. Үүний төлөө бүгдээрээ хамтдаа хичээе, зүтгэе.

   - Та амьдралд юуг “жанжин шугам”-аа болгодог вэ?
  - Би дөрвөн зүйлийг л чухалчилдаг. Нэгд, бие эрүүл байх. Үүний тулд амьдралын зөв хэв маягтай байж, эрүүл хүнс хэрэглэн, агаар салхинд алхахыг эрхэмлэдэг. Хоёрт, ажилдаа сэтгэлээсээ хандаж, ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээдэг. Гуравт, эргэн тойрныхонтойгоо эвтэй байж, хамт олон найз нөхдийнхөө сайн чанарыг нь түрүүлж олж харахыг боддог. Дөрөвт, хүнд тус хүргэж яваарай гэсэн аавынхаа сургаалийг мөрддөг. Хүнийг ядарч зүдэрч, алдаж “асгах” үед нь байгаагаа бариад л очихыг чин сэтгэлээсээ хүсдэг дээ. Би үйлдвэрт 28 дахь жилдээ ажиллаж байгаа дунд үеийн ажилтан. Технологийн сургуульд мэргэжлээрээ багшилдгийн хувьд  дүү нар болон шавь нартаа үр хүүхдүүддээ дээр дурдсаныг захиж хэлдэг.

   - Гэр бүлээ танилцуулна уу? Үр хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?
  - Манай эхнэр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Мэс заслын тасагт арга зүйчээр ажилладаг Ё.Амарцэцэг гэдэг бүсгүй бий. Охин Б.Хулан Орос 19-р сургуулийн 6-р анги, хүү Б.Жавхлан Цайхун гэгээ сургуулийн 4-р анги, бага хүү Б.Тэмүүлэн гурван  настай цэцэрлэгт явдаг. Манайхан ном уншиж заншсан. Хүн бүр оройд таван хуудас ном уншдаг. Хүүхдүүдээ ахас, ихсээ хүндэтгэн харьцдаг,  зөв сайхан төлөвшсөн, эрдэм боловсролтой иргэн болгох чин хүсэлтэй. Бид аль болох өөрсдөөрөө үлгэрлэхийг хичээдэг. Аливаа сайн үйлд бусдыг үлгэрлэн дагуулдаг энэ бүтээлч залуу “Санаачил, хичээ, хөдөлмөрлө. Үр дүнд нь таныг сэтгэлийн их таашаал, амжилт бүтээл, элбэг хангалуун амьдрал угтана” гэх. Үнэхээр ч шилдгийн шилдэг санаачлагчийн сэтгэлд нар гийсэн нь илт. Амжилт ч түүнийг дагажээ. Тэрбээр 2012 онд Авто тээврийн байгууллагын Хөдөлмөрийн аварга, 2017 онд Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аваргаар шалгарчээ. 2015 онд Засгийн газрын шагнал Тэргүүний уурхайчин цол тэмдэг хүртсэн байна. Өдгөө Эрдэнэт үйлдвэрийн сайн саналын системийн 100 манлайлагчийн жагсаалтыг тэргүүллээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Террористуудын эсрэг ажиллагааны талаар мэдээлэв
Сирид энгийн иргэд дайны хөлд ихээхэн нэрвэгджээ
Трампын захидал Эрдоганыг хилэгнүүлэв
Самсунг компани Galaxy S10-ын хурууны хээ мэдрэгчийн алдааг удахгүй засна
Автобус хүрэлцэхгүйгээс хүний амь эрсдэх нь
АТГ Сэлэнгэ аймгийн Засаг даргыг шалгаж эхэлжээ
Мексик улс мафийн гарт алагдсан 13 цагдаагаа оршуулжээ
Kпопын эргэн тойронд: Дуучин Heize Монголд
Цэрэг татлага аравдугаар сарын 18-20-нд явагдана
Ядуу орнуудад мөнгө төлж дүрвэгсдийг байршуулна
Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж байгуулах төсөл хэрэгжинэ
“THE HU” хамтлагийг 'GRAMMY AWARDS-2020' наадмын тайзан дээр дуулуулах давалгаанд нэгдээрэй
ШУУРХАЙ: Б.Амархүүд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ
Женнифер Энистон Инстаграм сүлжээг гацаажээ
Баримтаа бүртгүүлээд сугалаандаа хамрагдана уу
Сурагчдын эрхийг хамгаалахаар мэдээлэл хийсэн багшид зөрчлийн хэрэг нээжээ
980.0 мянган хүүхдэд 169.5 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ
Караокены галд өртсөн 16 хүн ГССҮТ-д эмчлүүлж байна
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Биатлоны домогт хос Хятадын шигшээг дасгалжуулж эхэллээ