2018-11-14
-Гашуунсухайтын боомтоор өдөрт дунджаар 600 орчим ачааны машин хил гардаг байснаа 100 болж буурчээ-
Монголын нүүрсний экспорт зогссон талаар олон нийтийн сүлжээнд нийтэлж эхэлсэн. Байдал чухам ямар байгаа талаар бид Гаалийн ерөнхий газар болон газар дээр нь тээвэр эрхэлж байгаа жолооч нараас тодруулсан юм.
Ямартай ч Монголын хил, гаалиас шалтгаалж, нүүрсний экспортод саатал үүсээгүй, Гашуунсухайтын боомтоор нүүрс ачсан автомашинуудыг гаргаж байгаа ч Хятадын боомт дээр очоод нэвтэрч чадахгүй хүлээх болсон талаар Гаалийн ерөнхий газраас хэлж байна. Тус газраас авсан статистик мэдээллээр Гашуунсухайтын боомтоор гэхэд 11 сар гарсаар өдөр бүр нүүрс ачсан 400-1000 ачааны машин хилээр нэвтэрч байгаад 11 сарын 10-ны Бямба гарагт 86 ачааны машин, 11-нд 197, 12-ны өдөр 100 гаруй автомашин хилээр хилээр гарсан гарч, буураад байна.
Байдал газар дээрээ ямар байгааг тодруулахаар бид Өмнөговь аймгийн Ханбогд суманд тээвэр хийж байгаа жолоочтой утсаар холбогдлоо.
Өмнөговь аймаг дахь нүүрс тээврийн жолооч Х.Хуандик "Өдөрт 100-200 машин татах уу, үгүйтэй л байна. 4 дүгээр постоос нааш машин 4-5 хоногтоо хүлээж байна. Шороон замаар явуулахгүй байгаагаас энд машин унасан гээд маш их эмх замбараагүй байна. Өмнө нь уурхайгаас нүүрс ачаад 5-7 хоногт тээвэрлэлт хийдэг байсан. Одоо 4 дүгээр постоос буюу 30 км замд л 5 хонож байна" гэв.
Бүх нийтээр 4 хоног амарсан нь боомтын ажиллагаанд нөлөөлсөн байх талтай ч өмнө нь нийтийн амралт тохиоход ийм байдал үүсч байгаагүй талаар жолооч нар мөн хэлж байна.
Монголын тээвэр, газрын тосны ҮЭХ-ны дарга Б.Рагчаа "Өмнөговь аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоо тэнд байгаа жолооч нартай холбогдоход Хятадын талаас нүүрс гаргах дээр асуудалтай байна гэдэг зүйлийг ярьж байгаа. Тэнд ажиллаж байгаа жолооч нарын хувьд нарийн мэдээлэл байхгүй. Ер нь хоёр улсын хоорондын гэрээ хэлэлцээрийн хүрээнд хийгдэх ёстой ажил. Магадгүй улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулж буюу Х дугаар Богдын асуудлаас болж хятадууд хилийнхээ асуудлыг хаах гэж байна гэх хардалт байна. Түүнээс биш энэ талаарх албан ёсны нарийн мэдээлэл алга" хэмээлээ.
Олон нийтийн сүлжээнд Ерөнхийлөгч X Богд тодруулахаар Монголоос Түвд рүү лам нар томилон явуулснаас болж Хятадын тал хилийн үйл ажиллагаагаа удаашруулсан гэж нийтэлж байгаа ч БНХАУ руу нүүрс тээвэр нэвтрүүлдэг бусад боомтын үйл ажиллагааг харахад хэвийн үргэлжилж байна. Тухайлбал, 11 сарын 10-ны өдөр Шивээхүрэнгийн боомтоор 573 ачааны тэрэг бүхий 54600 тонн нүүрс экспортлогдсон бол Хангийн боомтоор 49 машин, Ярантын боомтоор 44 машин хилээр нүүрс экспортолсон нь энгийн өдрүүдийнхтэй ижил байна.
Өчигдрийн байдлаар Гашуунсухайтын боомтоор 40 машин гарсан ч БНХАУ-ын хил дээр саатаад байгаа, боомт хүртэлх зам дээр зөвхөн нүүрс тээврийн 1000 гаруй машин дугаарлаж байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд