Баавгайд бариулсан аав, хүү хоёрт нүүхийг олон удаа сануулжээ

2019-10-08

Баавгайд бариулсан аав, хүү хоёрт нүүхийг олон удаа сануулжээ

Монголчуудын төсөөлж ирсэн найрсаг зантай майга бор догшин ширүүн араатан болохоо харуулж, хүний аминд хүрсэн нь олныг цочирдуулаад байна. Хөвчийн хүрэн баавгай тайгаасаа бууж хоттой хонь үргээх, айлын өрөм цагаа идэх нь энүүхэнд болж, гэртээ байсан аав, хүү хоёрын аминд хүрсэн харамсалтай хэрэг энэ сарын 3-нд гарлаа. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг, Могойн гол хэмээх газарт нутаглаж байсан айлд ийм золгүй явдал тохиолдсон нь идэш тэжээлийн хомсдолтой холбоотой гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлаж буй юм.

Сэлэнгэ аймагт наймдугаар сарын 20-ны үеэс эхлэн суурьшлын бүсэд баавгай орж ирэх тохиолдол нэг бус удаа гарчээ. Тодруулбал, аймгийн хэмжээнд нийт 12 ийм тохиолдол бүртгэгдсэн гэж тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээлэв. Тус газрын дарга н.Түвшинтөгсийн хэлснээр, энэ жил баавгай олноороо үзэгдэх болсон нь идэш тэжээлийн хомсдолоос болсон төдийгүй амьдрах орчин нь хумигдсанаас үүдэлтэй аж.

Тэрбээр “Сэлэнгэ аймаг хөвчийн бүс ихтэй. Энэ жил баавгай суурьшлын бүс рүү орж, хоттой хонь мал руу дайрч, барих нь бидэнд тулгамдаж буй гол бэрхшээл болж байна. Гэхдээ ховордсон амьтан учраас буудаж болохгүй. Шөнийн цагаар гэрэл тавих, дуу чимээ гаргах, сум тавих байдлаар үргээлэг хийж байгаа ч баавгай эргээд л суурьшлын бүсэд ирж байна. Энэ нь хоол тэжээлийн хомсдолтой холбоотой. Бас хүний буруутай үйл ажиллагаанаас болж тэдний амьдрах орчин хумигдах болсон. Энэ нь иргэд ойн зах, голын эргээр нутаглаж амьдрах болсонтой холбоотой.

Бидний зүгээс малчдад зэрлэг амьтдын нутагладаг бүстэй ойр нутаглахгүй, нүүхийг анхааруулж, сэрэмжлүүлж байгаа ч үл тоож байна. Зарим нь анхаарч өвөлжөө рүүгээ нүүж байгаа ч ихэнх нь сэрэмжлүүлгийг хайхрахгүй байгаа нь тэдний ухамсартай холбоотой” гэлээ.

Аав, хүү хоёрын аминд хүрсэн баавгай нь манай орны хүрэн баавгай юу, Сибирийн ойн түймрээс дүрвэж орж ирсэн өлсгөлөн хар баавгай юу гэдэг дээр олон хүн маргаж, нэг зоосны хоёр тал болж, мэтгэлцэх болов. Амьтан судлаачид, мэргэжилтнүүд хар баавгай Монголд орж ирэх боломжгүй. Хоол тэжээлийн хомсдолд орсон манай орны хүрэн баавгай хэмээж буй.

Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас өгсөн мэдээллээр, тухайн айл нь малчин өрх биш, бичил уул уурхай явуулж байсан техник тоног төхөөрөмжийг манаж байсан айл аж. Аав, хүү хоёрын амьдарч байсан гэр суурьшлын бүсээс хол, зэрлэг амьтдын нутагладаг бүстэй ойр байсан тул наймдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн нүүхийг нэг бус удаа сануулсан ч хүчрээгүй байна.

Тус аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас “Баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн цагаас эхлэн тухайн айлд нүүхийг сануулсаар байтал нүүгээгүй. Эцэст нь маш харамсалтай юм боллоо. Гэхдээ тухайн айл руу дайрсан баавгай нь хүрэн баавгай биш, хар баавгай байх магадлалтай” гэдгийг тодотгосон юм. Хэдийгээр Сибирийн хар баавгай хил давж ирсэн нь нотлогдоогүй ч Сэлэнгэ аймгийн мэргэжилтнүүдийг баавгай үргээх, био техникийн арга хэмжээ авах үед нэг бус удаа хар баавгай харагджээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлснээр, өмнөх жилүүдэд баавгай суурьшлын бүс рүү орсон тохиолдол цөөхөн гарч байсан бол энэ жил олноороо харагдах болсон нь жимс, самрын ургац бага, идэш тэжээлийн хомсдолоос болсон аж. Сүүлийн нэг сарын байдлаар зургаан аймгийн есөн суманд баавгай хүн рүү дайрсан есөн тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал, Төв аймаг, Хэнтий, Сэлэнгэ, Дархан аймагт бүртгэгдсэн.

Өмнөх жилүүдэд баавгай суурьшлын бүс рүү орсон цөөн тохиолдол гарч байсан бол энэ жилийн хувьд олноороо суурьшлын бүсэд үзэгдэх болсон нь идэш тэжээлийн хомсдолоос болсон гэж мэргэжилтнүүд тайлбарлаж буй юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Номин-Эрдэнэ “Баавгай нь жилийн дөрвөн улирлаас шалтгаалан идэш тэжээлээ өөрчилдөг холимог идэштэн.

Яг одоо буюу намрын улиралд самар, жимсээр хооллодог. Энэ амьтан самар жимс, загас, амьтны сэгээр хооллодог холимог тэжээлтэн юм. Зөвхөн идэш тэжээл нь хомс үед бор гөрөөс, зэрлэг гахай зэрэг амьтан барьж махаар хооллодог. Энэ жил самар жимсний ургац бага, хоол тэжээлийн хомсдолд орсон учраас айл руу дайрсан байх магадлалтай. Энэ нь хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой.

Самар жимсний ургац бага, дээр нь хүмүүс хууль бусаар самар жимс их хэмжээгээр түүж хурааснаас болж баавгайд хоол тэжээлийн хомсдол үүссэн гэж хэлж болно. Хэрэв энэ жил самар жимсний ургац их байсан бол хүн рүү дайрахгүй байсан” гэжж хэлсэн юм. Мөн Сибирийн баавгай Монголд байгаа эсэхийг одоогоор тогтоох боломжгүйг яамнаас мэдэгдэв.

Баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн тухай мэдээлэл есдүгээр сарын 3-нд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирсэн бол есдүгээр сарын 4-нд Хэнтий аймгаас бас иржээ. Энэ дагуу тус яамнаас иргэдийг зэрлэг амьтны суурьшлын бүсээс нүүлгэх, сэрэмжлүүлэг өгөх, сум тавьж үргээлэг хийх, хүний амь нас эрүүл мэндэд халдах эрсдэлтэй зайлшгүй нөхцөлд Амьтны тухай хуулийн 35.5-д заасны дагуу буудах зөвшөөрөл олгожээ.

Гэхдээ баавгайг буудахаас илүү унтуулж, идэш тэжээлтэй газар тавих нь хамгийн зөв арга гэж Байгаль орчин ,аялал жуулчлалын яамнаас онцолсон билээ. Манай улсын хувьд зэрлэг амьтан суурьшлын бүсэд орсон тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар нарийн зохицуулалт байхгүй. Цаашид Амьтны тухай хуульдаа энэ тухай зохицуулалт оруулах шаардлагатай аж.

Эргэн сануулахад, өнгөрсөн жилийн аравдугаар сарын 21-нд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг, Яргайтын ам орчимд намаржиж байсан найман айл руу баавгай халдаж, гэрийг нь түйвээсэн тохиолдол гарч байв. Золоор тухайн үед хүн амьтан бэртээгүй, баавгай хэд хэдэн айлын гэр дээр гарч унь, тооныг нь эвдэж, амбаарт нь байсан аарц, тос, өөх, махыгь идсэн байдаг. Энэ нь мөн л хоол тэжээлийн хомсдолоос үүдэлтэйг амьтан хамгаалагчид болон мэргэжилтнүүд хэлж байсан билээ.

Манай орны хувьд 500 гаруй баавгай байдаг. Мах, жимс, өвс ногоо, шавж гээд төрөл бүрийн зүйлээр хооллодог энэ амьтан намрын улиралд самар нөөцөлж, жимсээр хооллож, арваннэгдүгээр сар гэхэд ичээндээ ордог байна. Гэвч идэш тэжээлгүй болсноос үүдэн ичиж чадахгүйд хүрч арга буюу суурьшлын бүс рүү нэвтрэх болсныг ч бас буруутгах аргагүй юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

980.0 мянган хүүхдэд 169.5 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ
Караокены галд өртсөн 16 хүн ГССҮТ-д эмчлүүлж байна
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Биатлоны домогт хос Хятадын шигшээг дасгалжуулж эхэллээ
Японд жаран жил тохиогоогүй гамшиг нүүрлэв
Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын U turn буюу буцах эргэлтийн хөдөлгөөнийг нээжээ
Хан-Уул дүүргийн алслагдсан хороодын иргэдэд төрийн үйлчилгээ хүрч ажиллалаа
Арван дөрвөн тарваганы арьстай хөлдөөсөн мах нийслэл рүү нэвтрүүлэхийг завджээ
Үе мөчний саажилттай ч пара бодибилдингийн ААШТ-ий цомын эзэн болсон М.Гантулга
Бага насны хүүхэд цонхоор унах гэж байсныг эсэн мэнд аварчээ
Малын хулгайтай тэмцэх хуульд ямар өөрчлөлт оруулах вэ
Филиппиний ерөнхийлөгчийн туслах иргэдийн шаардлагыг хүлээн авч нийтийн тээврээр ажилдаа иржээ
Бокс: Эррол Спенс Жуниор автомашины осолд оржээ
Халимагт Чингис хааны хөшөөг босгожээ
Мигель Диас-Канель Кубын Ерөнхийлөгч болжээ
Наоми Осака АНУ-аас татгалзаж, Япон улсын иргэн боллоо
Дорноговь аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Украины ерөнхийлөгч хамгийн урт хэвлэлийн хурал зохион байгуулж, дэлхийн дээд амжилтыг тогтоожээ
Хөрөг бүтэх агшин
Сэлбэ голын эрэг дагуу 2562м.кв талбайд амралт зугаалгын тохижилттой талбай байгууллаа