“Boeing”-ын захиалга “Airbus”-д шилжив

2019-03-27

“Boeing”-ын захиалга “Airbus”-д шилжив

АНУ-ын “Boeing” компани болон Европын “Airbus” компаниуд сүүлийн 20 гаруй жил нисэх онгоц үйлдвэрлэлийн салбарт эн тэнцүү хүчтэй өрсөлдөгчид байж  ирсэн. Гэвч “Boeing” компанийн сүүлийн үеийн “737 Max 8” загварын нисэх онгоцны дараалсан хоёр ослын дараа АНУ-ын компани бизнесээ хамгаалж үлдэхэд эрсдэл учирч эхэлжээ. Зургаан сарын дотор “Boeing 737 Max 8” загварын хоёр нисэх онгоц унаж осолдсоноор 300 гаруй хүн амь үрэгдэв. Тус загвар нь АНУ-ын компанийн түүхэнд хамгийн олон захиалга авсан боловч компани хүргэлтийнхээ 20 хувийг ч хийж амжаагүй байхад дээрх хямрал үүсчээ. “Boeing” компани “737 Max 8” загвараа 2017 оноос үйлчилгээнд гаргаж эхэлснээс хойш хоёр жилийн дотор 5000 гаруй онгоцны захиалга хүлээн авснаас ердөө 350-ыг нь захиалагчид хүлээлгэж өгөөд байв.

Улмаар дэлхий даяар “737 Max 8” загварын нисэх онгоцыг үйлчилгээнд ашиглахыг түр зогсоож, АНУ болон олон улсын нисэхийн аюулгүй байдлын албаныхан шалгалт явуулж байна. Аялал жуулчлалын салбараа тэлэх зорилготой Хятад улс нь “Boeing 737 Max 8” нисэх онгоцны хамгийн том “фен” байсан юм. Тус улс нь нийт 97 ширхэг “737 Max 8” нисэх онгоцыг гадаад, дотоодын нислэгт ашиглаж байна. Мөн ослын хохирогч болсон Индонезын талаас “Boeing” компаниас 47 нисэх онгоц авахаар хэдэн тэрбум ам.долларын гэрээ байгуулснаа цуцлахаар ярьж эхэлжээ. Үүний зэрэгцээ “Boeing” компани шинэ загварын хөлгийнхөө нисэх зөвшөөрлийг хэрхэн авсан талаар нисгэгчдэд зориулсан сургалт гарын авлагыг хэрхэн бэлтгэдэг зэргийг мөрдөн шалгах шийдвэрийг АНУ-ын Засгийн газраас өчигдөр /2019.03.20/ гаргажээ. Тус улсын нисэх онгоц үйлдвэрлэгчид Холбооны нисэхийн удирдах газар буюу FAA (Federal Aviation Administration) гэх байгууллагаас онгоцоо үйлчилгээнд нэвтрүүлэх зөвшөөрөл авдаг юм.  Одоо АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажилладаг Патрик Шанахан гэх эрхэм өмнө нь “The Boeing” компанид ажиллаж байсан ба түүнийг зөвшөөрөл авахад нь нөлөөлсөн гэж үзэж ийнхүү шалгалт явуулах болсон гэнэ. “Boeing” компани “737 Max 8” нисэх онгоцыг анх 2011 оны наймдугаар сард танилцуулж, 2016 оны нэгдүгээр сард анхны нислэгээ үйлдэж байв. Улмаар 2017 оны гуравдугаар сард сертификатаа авчээ.

Энэ хооронд “Airbus” компани Хятад улсад 300 нисэх онгоц нийлүүлэх гэрээг байгуулж, өрсөлдөөнд давуу талыг бий болголоо. Хятадын дарга Ши Жиньпиний Франц улсад хийж буй айлчлалын хүрээнд олон тэрбум ам.долларын нисэх онгоц худалдан авах гэрээг байгуулжээ. Хятадын эх сурвалжид мэдээлснээр “Airbus A320” загвараас 290-ыг, “Airbus A350” загвараас 10-ыг худалдан авахаар төлөвлөсөн аж. Францын талаас мэдээлснээр Хятадад нисэх онгоц худалдаах гэрээ нь 30 тэрбум еврод хүрчээ. Энэ нь өмнө нь яригдаж байснаас хамаагүй их байсан ба 2017 онд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Хятадад айлчлах үед байгуулсан “Boeing” компанийн захиалгатай ижил болжээ. Хятад улс “Boeing”-оос татгалзаж, “Airbus”-ыг сонгох болсон нь дан ганц ослоос шалтгаалсан эсвэл АНУ-тай худалдааны  маргаантай холбоотой эсэх нь хараахан тодорхойгүй байна.  Өмнө нь Францын ерөнхийлөгч Макрон 2018 онд Хятадад айлчлах үеэр  “Airbus” компани 184 нисэх онгоц худалдах гэрээ байгуулах гэсэн ч бүтэлгүйтсэн байв. “Airbus” нь АНУ-ын өрсөлдөгчөө бодвол хамаагүй жижиг компани боловч “Boeing” компаниас дутахгүй захиалга авдаг. “Airbus А320” нь дэлхий дээрх хамгийн өргөн тархсан онгоцнуудын нэг. Анхны нислэгээ 1988 оны гуравдугаар сард хийж байсан бөгөөд 2017 оны 8-р сарын байдлаар 7,731 А320 загварын онгоц үйлдвэрлэснээс одоогоор 7,397 нь ашиглалтад байна. Олон улсын агаарын тээврийн 300-аад компани “А320” загварын онгоцыг хэргэлдэг. Дотроо 4 загвар байдгаас А318, А319 нь богиносгон загвар нь ба А321 нь уртгасан загвар аж.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Террористуудын эсрэг ажиллагааны талаар мэдээлэв
Сирид энгийн иргэд дайны хөлд ихээхэн нэрвэгджээ
Трампын захидал Эрдоганыг хилэгнүүлэв
Самсунг компани Galaxy S10-ын хурууны хээ мэдрэгчийн алдааг удахгүй засна
Автобус хүрэлцэхгүйгээс хүний амь эрсдэх нь
АТГ Сэлэнгэ аймгийн Засаг даргыг шалгаж эхэлжээ
Мексик улс мафийн гарт алагдсан 13 цагдаагаа оршуулжээ
Kпопын эргэн тойронд: Дуучин Heize Монголд
Цэрэг татлага аравдугаар сарын 18-20-нд явагдана
Ядуу орнуудад мөнгө төлж дүрвэгсдийг байршуулна
Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж байгуулах төсөл хэрэгжинэ
“THE HU” хамтлагийг 'GRAMMY AWARDS-2020' наадмын тайзан дээр дуулуулах давалгаанд нэгдээрэй
ШУУРХАЙ: Б.Амархүүд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ
Женнифер Энистон Инстаграм сүлжээг гацаажээ
Баримтаа бүртгүүлээд сугалаандаа хамрагдана уу
Сурагчдын эрхийг хамгаалахаар мэдээлэл хийсэн багшид зөрчлийн хэрэг нээжээ
980.0 мянган хүүхдэд 169.5 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ
Караокены галд өртсөн 16 хүн ГССҮТ-д эмчлүүлж байна
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Биатлоны домогт хос Хятадын шигшээг дасгалжуулж эхэллээ