Венесуэлийн хүний эрхийн хямрал

2019-02-11

Венесуэлийн хүний эрхийн хямрал

Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурог хууль бусаар хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлсэн хэмээн үзэж, огцрохыг шаардсан тэмцэл хөдөлгөөн өрнөж байгаа билээ. Эдийн засгийн гүн хямралд өртсөн Венесуэл улсад үе үе төр засгийн эсрэг жагсаал болдог ч энэ удаагийн жагсаал тэмцлийн онцлог нь эрх баригч социалист намаас бусад бүх улс төрийн хүчнүүд нь нэгдэж байгаа явдал юм.

Түүнчлэн сөрөг хүчин олонх байдаг парламентынх нь дарга Хуан Гуайдо өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарлаж, Ерөнхийлөгчийн дахин сонгууль явуулахыг уриалж байгаа юм. Н.Мадуро, Х.Гуайдо нараар тэргүүлсэн Венесуэл улс ийнхүү хоёр хуваагдаад байгаа бөгөөд тэднийг дэмжсэн олон улсын хамтын нийгэмлэг ч бас хоёр хуваагдаад байгаа юм. Тухайлбал, Уго Чавесын залгамжлагч, одоогийн Ерөнхийлөгч Н.Мадурог Венесуэлд асар их хөрөнгө оруулалт хийсэн, эртний сайн харилцаатай улс болох ОХУ мөн Хятад, Турк тэргүүтэй орнууд, харин Х.Гуайдог АНУ, Европын холбооны болон Латин Америкийн 30 гаруй улс орнууд дэмжиж байна.

Улс орондоо өөрчлөлт шинэчлэлт авчрахыг амласан Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Х.Гуайдог АНУ дэмжихдээ Венесуэлийн эсрэг тавьсан хориг арга хэмжээнүүдээ чангатгахаа амласан билээ. Гэвч энэ нь аль хэдийн хоол хүнс, эм тарианы дутагдалд орсон, ачааны хүндийг үүрч байгаа Венесуэлийн ард иргэдэд улам хүндээр тусах юм. Улс орныхоо эдийн засгийг доройтуулахад төр засгийнх нь гүйцэтгэсэн үүрэг их ч АНУ-ын тавьсан хориг ч бас нөлөөлсөн бөгөөд цаашид хоригоо чангатгавал илүү олон хүн эх орноосоо дүрвэн гарах шинжтэй байгаа аж.

ВЕНЕСУЭЛЭЭС ДҮРВЭСЭН ХҮМҮҮСИЙН ТОО  ТАВАН САЯД ХҮРНЭ

Улс төр, эдийн засгийн хямралд өртсөн Өмнөд Америкийн тус улсаас сүүлийн таван жилийн хугацаанд хүн амынх нь арав гаруй хувь буюу гурван сая хүн дүрвэн гарсан бол улс төрийн нөхцөл байдал ширүүсч байгаагаас энэ тоо оны эцэс гэхэд 5.3 саяд хүрэх төлөвтэй байгааг НҮБ-аас мэдээлжээ.

Венесуэлээс дүрвэсэн иргэдийн ихээр очдог орнууд бол хөрш Колумб (1.17 сая дүрвэгсдийг хүлээн авсан), Эквадор (250,000) болон Перу (550,000) юм.

Х.Гуайдо ард иргэдээ өлсгөлөнгөөс гаргахын тулд олон улсын хамтын нийгэмлэгээс хүмүүнлэгийн тусламжийг хүссэн билээ. Гэвч Н.Мадуро “бид гуйлгачин биш!” гэж хэлээд хоол хүнс, эм тариа гадаадын улс орноос тусламжаар авахыг эрс эсэргүүцсэн юм.

Х.Гуайдогийн хүсэлтэд АНУ, Латин Америкийн улс орнууд гараа сунгаж, хөрш Колумбаар нь дамжуулан Венесуэлд хоол, хүнс илгээхээр болсон. Гэвч Н.Мадуро Венесуэл-Колумбын хилээр машин орох гол зам болох “Тиендитас” гүүрний гурван зорчих хэсэгт нефть тээвэрлэгч болон контейнер тавьж орц, гарцыг хаасан төдийгүй хүчний байгууллагынхныг хамгаалалтад гаргасан байна.

Харин өчигдөр /2019.02.10/ Х.Гуайдо Венесуэлийн иргэдэд хүргэх хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэх замуудыг нээхээ амлажээ. Тэрбээр уг ажилд туслахыг төрийн бус байгууллагууд болон сайн дурынханд уриалаад, энэ долоо хоногтоо багтаан Венесуэлд гадаадаас хоол хүнс, эм тарианы тусламж оруулж ирэхээ мэдэгдсэн байна.

УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ШИРҮҮСЭХ ТУСАМ АРД ИРГЭДИЙН АМЬДРАЛ ДОРОЙТНО

Одоо өрнөж байгаа жагсаал тэмцлийн улмаас 40 хүн амиа алдаж, 850 орчим хүн баривчлагдсан тухай НҮБ-аас мэдээлжээ. Мөн саяхан гарсан мэдээллээр Венесуэлийн инфляцын түвшин арван сая хувь давсан байна.

Америкийн улсуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Венесуэлийн нөхцөл байдлын тухай “Венесуэлд шинээр мэндэлсэн хүүхдийн амьд үлдэх боломж нь Сирид төрсөн хүүхдийнхээс бага байна” хэмээн хэлжээ.

Тус улсын хүн амын 90 орчим хувь нь ядуурлын шугамаас доогуур орлогоор амьдардаг бөгөөд хүн амынх нь тал нь хүнс, тэжээлийн дутагдалд орсон байгаа юм. Түүнчлэн 300 мянган хүүхдийн амь нас тэжээлийн дутагдлын улмаас дээсэн дөрөөн дээр байгаа аж.

Тус улсын хүн амд хэрэгцээтэй байгаа эм, тарианы 85 хувь нь байхгүй байгаагаас, мөн эрчим хүчний хангамж доголдсоноос эмнэлгийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй болоод байгаа аж. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 13 мянган эмч өөрсдөө “амьд үлдэхийн тулд” Венесуэлийг орхин, дүрвэж гарчээ. Эмнэлэг, эм тарианы нөхцөл байдал ийм болсоны учир тус улсад сүрье, хумхаа зэрэг эдгэрдэг өвчнөөс болж олон хүмүүс нас барж байна.

Эдийн засаг нь ийнхүү хямрахад төр засгийн алдаатай бодлого, олон улсын хориг арга хэмжээнээс гадна экспортын гол бүтээгдэхүүн болох газрын тосны олон улсын зах зээл дээрх үнэ буурсан явдал ихээхэн нөлөөлсөн. Тухайлбал, 2014 онд нэг баррель газрын тосны үнэ 100 ам.доллар байсан бол 2016 онд 26 ам.доллар болтлоо буурч, энэ оны байдлаар 50 ам.доллар болоод байна. Өөрөөр хэлбэл, экспортын гол бүтээгдэхүүнийх нь үнэ ханш сүүлийн таван жилд хоёр дахин буурсан юм.

Маш олон хүмүүс эх орноо орхин дүрвэж байгаа бол үлдэж байгаа хүмүүс нь амьдралаа залгуулахын тулд хэцүүхэн нөхцөл байдалтай нүүр тулдаг. Тухайлбал, нэгэн цагт хуульч, эмч, төрийн албан хаагч, их сургуулийн оюутан байсан хүмүүс идэх хоолтой, унтах газартай байхын тулд гудамжинд чихэр, талх, кофе зэргийг зарж суух нь энүүхэнд болжээ. Түүнчлэн олон мянган хүмүүс орон гэргүй болсны улмаас цэцэрлэгт хүрээлэн, далайн эрэг зэрэг олон нийтийн газар амьдарч байгаа юм. Өл залгуулах мөнгө олохын тулд биеэ үнэлэх эмэгтэйчүүд ч олон байдаг тухай Колумбад ирсэн Венесуэлийн дүрвэгч эмэгтэй ярьжээ. Тэд Колумбын хилээр гарахын тулд маш урт замыг туулдаг бөгөөд ихэнх нь ирэх замдаа дээрэмчидтэй таарч, бүх мөнгө, эд хөрөнгөө дээрэмдүүлснээс ганц хоёр хувцас хунартайгаа л ирдэг аж. Колумбад ирсний дараа ч тэднийг амаргүй орчин угтан авдаг. Учир нь олон жил үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөн, улс төрийн хямралаас болж Колумбид долоон сая орчим хүн идэх хоолгүй, орон гэргүй болсон байна.

ВЕНЕСУЭЛ УЛС СҮҮЛИЙН ЗУРГААН ЖИЛД

2013 оны дөрөвдүгээр сар. Венесуэлийг олон жил удирдсан Уго Чавесыг нас барнаас нэг сарын дараа түүний хувийн туслах, жолооч байсан Н.Мадуро өрсөлдөгчөөсөө хэдхэн саналаар илүүрхэн ялж, Ерөнхийлөгч болсон. Түүнийг эсэргүүцсэн жагсаал орон даяар өрнөв.

2015 оны арванхоёрдугаар сар. Уго Чавес болон Н.Мадурогийн тэргүүлсэн социалист намын 16 жил удирдсан парламент буюу Үндэсний ассамблейд сөрөг хүчин давамгайлж эхэлсэн.

2017 оны хавар. Парламент дахь сөрөг хүчний гишүүдийг нухчин дарах Н.Мадурогийн төлөвлөгөөг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөж, долоон хүн амиа алдсан.

2018 оны тавдугаар сар. Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар Н.Мадуро дахин сонгогдсон. Гэвч тэрбээр ялалт байгуулахын тулд олон бусармаг арга хэрэглэсэн нь илэрсэн.

2018 оны наймдугаар сар. Инфляцын түвшин асар өндөр болсон Венесуэл улсын мөнгөн тэмдэгтийг шинэчилж, “тэгүүдийг хассан” нь эдийн засгийг улам дордуулж, сая гаруй хүн эх орноосоо дүрвэсэн.

2019 оны нэгдүгээр сар. Хууль бусаар Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан гэх улс төрийн хүчин, ард иргэд болон олон улсын эсэргүүцлийг үл тоон Н.Мадуро тангараг өргөж, бүрэн эрхийн хугацаагаа дахин эхлүүлсэн. Гэвч түүний эсрэг сөрөг хүчнүүд нь нэгдэж, ард түмнээ уриалан дуудсанаар өргөн хүрээтэй жагсаал цуглааныг эхлүүлээд байна.

Эх сурвалж: NHK, Guardian

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй