О.Тэгшгэрэл: МҮОНРТ 10 жил яригдсан “MNB WORLD” төслийг эхлүүлж чадлаа

2018-12-19

О.Тэгшгэрэл: МҮОНРТ 10 жил яригдсан “MNB World” төслийг эхлүүлж чадлаа

Гадны олон улс үндэстэн дэлхийн хамгийн түгээмэл хэл болох англи хэлээр эфирээ цацдаг олон улсын телевизийн сувагтай. Өндөр хөгжилтэй орнууд энэ төслөө өргөжүүлж олон хэлээр телевизийн эфирээ цацаж, өөрийн улсаа сурталчилдаг. Харин Монгол Улсын хувьд энэ “гарц” хаалттай байлаа. Тэгвэл 20 гаруй жилийн өмнөөс “хаалттай хаалга”-аар салхи оруулж, “ММ Today англи хэлний хөтөлбөрөө эхлүүлж байсан МҮОНРТ англи хэлээр эфирээ нэвтрүүлэх Монголын анхны сувгаа маргааш албан ёсоор нээнэ. Энэ төслийн талаар “MNB World сувгийн захирал О.Тэгшгэрэлтэй ярилцлаа.

-MNB World төсөл хэрхэн эхэлсэн бэ?

- Олон Нийтийн Радио Телевизийн тухай хуулинд “Олон нийтийн радио, телевиз гадаадын сонсогч, үзэгчдэд зориулсан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, Монгол Улсын гадаад, дотоод бодлогын талаар мэдээлэх, Монгол орныг дэлхий дахинд сурталчлах, таниулах чиглэлийн хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэж түгээх” үүргийг заасан байдаг. Энэ чиг үүргээ МҮОНРТ 54 жилийн түүхтэй “Voice of Mongolia” олон хэлний радиогоороо дамжуулан хэрэгжүүлж ирсэн. Мөн хориод жилийн турш “MM today” англи хэлээр телевизийн мэдээллийн хөтөлбөр тогтмол явуулж ирсэн. Эдгээр туршлага дээрээ үндэслэн МҮОНРТ “MNB World” төслийг санаачилж эхлүүлсэн юм.

- “MNB World” төслийг олон улсад танилцуулсан гэж дуулсан. Энэ талаар?

-2017 онд БНХАУ-д болсон Ази-Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны 54 дүгээр Ерөнхий чуулганы үеэр бид “MNB World” төслийн бэлтгэл ажлын явцын талаар дэлхийн олон орны 200 гаруй төлөөлөгчдөд танилцуулсан. Ерөнхий чуулганд илтгэл тавьснаар хэвлэл мэдээллийн олон байгууллага, мэргэжилтнүүд бидэнд санал зөвлөгөө өгч дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Энэ нь эрсдэлийг тооцоход ач холбогдолтой чухал танилцуулга болсон. Чуулганы хэд хэдэн салбар хуралдаан, бусад орны хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй цаг товлосон уулзалт хийж, тэдгээр орны олон нийтийн телевизийн туршлагаас судалсан.

- “World төслийн хувьд хамгийн том сорилт юу байв? BBCCNN, CCTV зэрэг гадны телевизүүдээс арга туршлага судлав уу?

-“MNB World” төслөө нээхийн тулд бид маш олон сорилт, бэрхшээлтэй тулгарсан. Үүний хамгийн том жишээ нь Монголд үндэсний хэмжээ англи хэлээр контент цацдаг телевизийн суваг нээсэн туршлага байхгүй. Хөдөлмөрийн зах зээлд англи хэлтэй сэтгүүлч, телевизийн уран бүтээлч маш хомс байсан зэргийг нэрлэж болно. Бид тулгарч байсан олон бэрхшээлээ даван туулахын тулд дэлхийд нэр хүндтэй BBC, CNN, DW, KBS World, Arirang, NHK зэрэг телевизийн ухаалаг менежментийг түүвэрлэн судалсан. Тэр дундаа Их Британийн BBC телевизэд ажилласан туршлагатай зөвлөхүүдийг урьж, төслийнхөө төлөвлөлт хэрэгжилтэд үнэлгээ хийлгэсэн. Германы DW академийн мэргэжилтнүүдтэй ойр ажиллаж байгаа. Барууны телевизүүд улс төр, эдийн засгийн болон олон улсад өрнөж буй үйл явдлыг шуурхай мэдээлэхэд түлхүү анхаардаг бол KBS World, Arirang, NHK зэрэг Азийн телевизүүдийг тус бүрээр нь судлахад өв соёл, ёс заншил, урлаг уран сайхны контентуудыг голчилдог болох нь харагдсан. Монгол Улс бол хоёр том хөрштэй, далайд гарцгүй орон. Гэвч манай гадаад бодлого энх тайвнаар зэрэгцэн орших, хөрш орнуудтай найрсаг хамтын ажиллагаатай байх, гуравдагч хөршийн бодлогыг хөхиүлэн дэмжихийг баримталдаг учир бид туршилтын эфирийн анхны жил буюу 2018-2019 онд туршилтын хугацаандаа аль болох улс төрөөс ангид, бие даасан шинжтэй, дэлхийн үзэгчдэд өөрсдийн өв соёл, түүх, онцлогийг харуулсан, хөтөлбөр нэвтрүүлэхээр бодлогодоо оруулсан.

-Гадны олон улсын телевизүүдтэй контент солилцоо хийх үү?

- Бид БНСУ-ын Arirang телевизтэй контент солилцоо хийж байна. ЮНЕСКО-ийн Өв соёлын газартай хамтарч хийсэн Монголын өв соёлын тухай 10 киног Arirang телевизээр дамжуулж байгаа. Өөрийн гэсэн үзэгчидтэй болсон олон жилийн түүхтэй тус телевизээр Монголын тухай мэдээлэл гарч байгаа нь тэр олон үзэгч, гадаад зах зээлд хүрэх том боломж гэж харж байна. Японы NHK телевизтэй мөн контент солилцооны ажил эхлүүлсэн.

- Үзэгчид “MNB World” сувгийг яаж үзэх вэ? Тэр тусмаа гадаадад амьдарч буй хүмүүс танай телевизийг үзэх боломжтой юу? 

“MNB World” суваг олон улсын телевизийн суваг болох зорилготой. Бид 2018 онд Монгол Улс даяар туршилтын эфирээ цацаж эхлэх гэж байна. Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Скаймедиа, Юнивишн, Сансар, Эм Эн Би Си зэрэг кабелын телевизийн 68 дугаар суваг нь манай суваг байх болно. Бидний дараагийн зорилго бол олон улсад эфирээ цацах. Олон улсад эфир цацахад маш өндөр дүнтэй зардлын асуудал яригдаж байгаа. Энэ хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх мөн түүнд шаардлагатай төсөл хөтөлбөрийн бүх л судалгааг 2018-2019 оны төгсгөл хүртэл хийнэ. Гэхдээ гадаадын үзэгчдэд бид онлайн, дижитал платформуудаар дамжуулан контентоо хүргэсээр байгаа. Манай сувгийн “Facebook”, “Youtube” хуудсаараа аль ч орноос хандаж, тогтмол шинэ соргог мэдээ нэвтрүүлэг хүлээн авч үзэх боломжтой.  

-“MNB World” сувгийн төслийн хэрэгжилтийг дөрвөн жилээр төлөвлөсөн гэсэн. Энэ талаар?

-Би 2017 оны есдүгээр сараас энэ төслийн удирдагчийн ажлаа эхлүүлсэн. Өнгөрсөн онд төслийн хэрэгжилтийн төлөвлөгөөг боловсруулж, багаа бүрдүүлж эхэлсэн. Эхний ээлжид нэн шаардлагатай цөөн тооны ажилтан авч, хөрөнгө мөнгө санхүүжилт, хөтөлбөрийн бодлогоо төлөвлөсөн. Энэ онд багийн гишүүдээ бүрдүүлж, контент үйлдвэрлэлээ эхлүүлсэн. Бид маргааш туршилтын эфирээ орон даяар цацна. 2019 онд Азийн чиглэлд, 2020 оноос Америк болон европын чиглэлд эфирээ цацах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гэхдээ төслийн хэрэгжилтийг урьдчилан төлөвлөх нь нэг асуудал. Төслөө хэрэгжүүлж, бодит хөрсөнд буулгах нь өөр тусдаа ажил юм. Дээрх зорилтод хүрэхэд нөлөөлөх гадны хүчин зүйл нэлээд бий. Жишээлбэл, гадаад зах зээлд гарахад гадны харилцаа холбооны газар, оператор компани, IPTV, телевизүүдтэй олон улсын хэмжээний гэрээ хэлцэл хийх хуулийн экспэртүүд ажиллуулах шаардлагатай. Цаашлаад үндэсний хэмжээний компаниудтай хөрөнгө оруулалтын яриа хэлцэл хийх, гадны экспэртүүдийг авч ажиллуулах, тэднийг дагалдуулж сэтгүүлчдээ дадлагажуулах, сургалтын болон өндөр хөрөнгө шаардсан том ажил хүлээгдэж байна. Бүх том ажил хөрөнгө оруулалт гэсэн нэг цэгт төвлөрч байгаа.

“MNB World” төсөл төгс төгөлдөр хэрэгжихэд доод тал нь таван жилийн хугацаа хэрэгтэй. Энэ хугацаанд бид төслөө тогтвортой хөгжүүлж чадвал 2020-2025 оны дараагийн таван жилийн урт хугацааны төлөвлөлтөд сувгаа олон хэлний телевиз болгох өргөжүүлэлтийг багтаасан.  2020-2025 онд зөвхөн “MNB World” төслийн баг бус Монгол Улсыг үндэсний хэмжээний гадаадад сурталчилж байгаа “Voice of Mongolia” радио, Монцамэ агентлаг нийлж, нэгдсэн мэдээллийн платформ болсноор дараагийн төлөвлөлтийг цааш нь өргөжүүлэн хөгжүүлэх шаардлага зайлшгүй тулгарна.

-Сүүлийн хэсгийг танд үлдээе. Асуулгүй орхигдуулсан зүйл байвал хариулт өгөөч?

-“MNB World” төслийг хэдий МҮОНРТ санаачилж, өөрийн дотоод нөөц бололцоо, байгаагаас байхгүй хүртлээ энэ төслийг хэрэгжүүлж байгаа боловч олон улсын зах зээлд энэ төсөл Монгол Улс гэсэн ганц том малгайн дор танигдана. Тиймээс энэ төслийг цаашид байх ёстой стандартын дагуу хэрэгжүүлэхэд Засгийн газар, яам, тамгын газрууд, бодлого боловсруулагчид, мэдээллийн агентлагууд, бусад арилжааны телевиз, хувь уран бүтээлч, судлаач, түүхч, хэл шинжлэлийн мэргэжилтэн зэрэг бүх хүний оролцоо зайлшгүй шаардлагатай байна.

Бид нэг санаа зорилготойгоор, нэг үндэстнийхээ сурталчилгааны сувгийг гаргахын тулд нэгдэж ажиллаж чадвал энэ төсөл цаашид цэцэглэн хөгжинө. Юмыг гаднаас нь шүүмжлэхэд амархан. Яг хийж хэрэгжүүлэхэд олон төрлийн бэрхшээл тулгардаг. Бэрхшээлээ бид гадаад зах зээлд ярих утгагүй. Харин дотооддоо олон боломж дээр хамтран ажиллахыг урьж байна. Бид арилжааны, олон нийтийн телевиз, хувь уран бүтээлч, студи гэж ямар ч хил хязгаар тавихгүйгээр Монгол үндэстэн бүр нийлж, энэ төслийг цааш нь BBC, NHK, CNN, DW шиг болгохын төлөө хамтдаа ажиллах ёстой.

Олон нийтийн дунд том хэмжээний санал асуулга явуулж, “MNB World” сувгаар гарах нэвтрүүлэг, хөтөлбөрийг олон улсад төлөөлөх хэмжээний сэтгүүлчдийг урьж ажиллуулах зайлшгүй шаардлага бий. Эхлэл гэдэг аливаа ажлын амжилтын 50 хувь байдаг. Бид арван жил ярьсан төсөл хөтөлбөрийг эхлүүлж чадаж байгаа нь амжилт. Энэ амжилтдаа дөрөөлж дараагийн олон амжилтыг бүтээх хэрэгтэй байна. Бид хамтдаа бүтээж чадна.













Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

1-5 дугаар ангийн сурагчдад Монгол ёс, хүмүүжлийн хичээл орно
Франц улс юу хүлээж байна вэ?
Тарваган тахлын эсрэг дархлаажуулалт ирэх долоо хоногт орон даяар эхэлнэ
ЗГ: Хөх хот дахь Ерөнхий консулыг эгүүлэн татлаа
NASA-гийн судлах дараагийн сансрын биет нь Санчир гарагийн дагуул Титан байна
“Их 20”-ийн уулзалтын гол дүрүүд
Хөшигийн хөндийн нисэх буудлын менежментийн төслийг Монгол, Японы хамтарсан компани концессоор хэрэгжүүлэхээр боллоо
З.Орхонсүрэн: Цаг алдсаны улмаас хутгалуулсан иргэн цус алдаж, ухаан балартсан байсан
Хүүхдэд өгч болохгүй хориотой эмийн жагсаалт
Залуусыг буруу зүйлд уриалж буй шинэ цагийн ХИП ХОП
Үсчин, гоо сайхны газрууд хэрэглэсэн багажаа халдваргүйжүүлдэггүй зөрчил нийтлэг илэрчээ
Мадурогийн амийг хорлох хуйвалдааныг илрүүлснээ Венесуэлийн засгийн газар зарлажээ
Европ тивд хагас тонн жинтэй шувуу хүмүүстэй зэрэгцэн амьдарч байсныг эрдэмтэд баталжээ
Ж.Ганхуяг: Гарцын тэмдэглэгээг тодотгохын тулд шар хаалгануудыг байрлуулсан
Монголд хар тамхи байнга хэрэглэдэг 708 хүн байна
Наадмын түүхийг гажуудуулсан алдас буюу баримтат үнэн оршвой
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болов
Европын амьтны хүрээлэнгүүдэд төрсөн хирснүүдийг Руанда руу шилжүүлжээ
Виктория Бекхэм нууцаа ”задаллаа”
"Ираны эсрэг АНУ-ын хоригууд бол эдийн засгийн терроризм"