Эрүүл мэнд минь баяртай

2018-12-17

Эрүүл мэнд минь баяртай

Улаанбаатарынхан маань эрүүл мэнд, амь насаараа утааны бүрэн хамааралтай болжээ. Энэ нь анагаахын хэллэгт архи, тамхины хамааралтай хүн гэж байдаг шиг л юм.

Хүрээлэн буй орчин нь ингэж иргэдийн эрүүл мэндэд нөлөөлөх үзэгдэл тухайн улс орны хөгжилтэй холбоотой байдаг ажээ. Ялангуяа, хүн амын насжилт болон өвчлөлд орчин шууд нөлөөлдөг байна. Нийт өвчлөл, нас баралтын 25 орчим хувь нь хүрээлэн байгаа орчноос хамаардаг болохыг ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоожээ. Тус байгууллагын тайланд бүртгэгдсэн 102 нэршлийн өвчний 85 нь гадаад орчны хүчин зүйлсээс шалтгаалдаг байна. Тиймээс НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын нэгд хүрээлэн буй орчны доройтлыг бууруулах асуудал багтсан юм.

Манай улсын хүн амын нас баралтын шалтгаанд зүрх судасны өвчлөл, хавдар тэргүүлдэг. Үүний аль алинд нь агаарын бохирдол шууд нөлөөлж байгаа. Тоо баримт дурдвал Улаанбаатар хотод бүртгэгдсэн нас баралтын 9-13 хувь нь агаарын бохирдолтой ямар нэгэн байдлаар холбоотой байгаа ажээ. Түүнчлэн гадаад орчны агаарын бохирдлын улмаас нас барсан хүний тоогоороо манай улс дэлхийн дунджаас өндөр үзүүлэлттэй яваа юм. Нэмж дурдахад Монгол Улсад цаг бусын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон гурван өвчин бүгд агаарын бохирдолтой холбоотой байгаа.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн Канадын их сургуультай хамтарч хийсэн судалгаагаар агаарын бохирдол зүрх судасны өвчлөлийг 29 хувиар, уушигны хавдрын шалтгаант нас баралтыг 40 хувиар нэмэгдүүлж байгааг тогтоожээ.

1999-2016 оны хоорондох статистик мэдээллийг авч үзэхэд агаарын бохирдолтой шууд холбоотой амьсгалын тогтолцооны өвчин 26.8 хувиар, зүрх судасны тогтолцооны өвчин 18.1 хувиар нэмэгдсэн дүн мэдээ ч байна.

Агаарын бохирдол хүн амын эрүүл мэндэд ийм аюул занал учруулж байгаа нь ганц Монголд тохиолдож буй зүйл биш л дээ. Дэлхийн хэмжээнд хүний эрүүл мэндэд хамгийн их нөлөөлдөг эрсдэлт 10 хүчин зүйлийн жагсаалтыг гаргахад агаарын бохирдол үүнд багтсан байдаг юм билээ.

Агаарыг түгээмэл бохируулагч бодисууд хүний бие эрхтэн тогтолцоонд дөрвөн үндсэн чиглэлээр нөлөөлөл үзүүлдэг. Үүнд, амьсгалын замын эрхтэн тогтолцоо, зүрх судас, дархлаа болон дээд мэдрэлийн үйл ажиллагаанд эдгээр бодисууд шууд нөлөөлдөг байна.

Төрөл бүрийн хорт хавдар үүсгэдэг  PM10 тоосонцор хамгийн ихтэй улс орнуудыг “шалгаруулахад” Монгол Улс магнайдаа тоосгүй түрүүлсэн байна. Энэ үзүүлэлтээр нь 2010 онд Улаанбаатарыг дэлхийд агаарын бохирдлоороо тэргүүлэгч хот болохыг зарласан юм.

Тиймээс ЭМЯ-ны газрын дарга Д.Цогтбаатар “Улаанбаатар хотын сая гурван зуун мянган иргэн бүгдээрээ архаг хордлоготой байгаа” хэмээн хэлж байв.

Эдүгээгээс зургаан жилийн өмнө “Хүний эрх хөгжил төв” төрийн бус байгууллага агаарын бохирдлын улмаас эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гарган Засгийн газрыг хариуцагчаар татах стратегийн өмгөөлөл хийж байсан юм. Энэ бол агаарын бохирдол Улаанбаатар хотын оршин суугчдын эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгааг хурцаар илэрхийлсэн нийтийн эрх ашгийн төлөөх өмгөөлөл байв. Үндсэн хуулиар олгогдсон амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй байгаа нийслэлчүүдэд энэ байтугай л тэмцэл хэрэгтэй байгаа. Ингэх шалтгаан хангалттай байгааг дээр өгүүлсэн. Товчхондоо бол бид агаарын бохирдлыг дорвитой бууруулж, утаатай салах ёс гүйцэтгэж чадахгүй бол эрүүл мэнддээ баяртай гэж хэлэх л үлдэнэ.

Хамгийн аймшигтай нь агаарын бохирдол хүүхэд багачуудад, тэр бүү хэл энэ хорвоод ирээгүй байгаа, төрөөгүй хүмүүст хүртэл хортойгоор нөлөөлж байгаа юм. Яагаад ингэж хэлэх болов гэхээр агаарын үндсэн бохирдуулагч бодис ургийн бойжилтод шууд муугаар нөлөөлж байгааг нотолсон олон улсын судалгааны үр дүн бий. 2014-2016 онд Сүхбаатар дүүргийн жирэмсэн эхчүүдийн ургийн бойжилтод агаарын бохирдол яаж нөлөөлж байгаа талаар судалгаа хийхэд агаарын бохирдолтой орчинд ураг тээж төрүүлэхэд бага жинтэй ураг төрөх зэрэг олон эмгэг илэрч байжээ. Мөн агаарын бохирдол нь ураг эрүүл мэндийн хувьд эмзэг, өвчлөмтгий болох магадлалыг нэмэгдүүлж байгааг ч тогтоожээ.

Тухайлбал, Д.Энхмаа нарын судлаачид “Монгол Улсад улирлын чанартай агаарын бохирдол нь ураг аяндаа зулбахтай хүчтэй корреляци хамааралтай”, Г. Дорж, А.Даян,К.Нанжид, У. Лхагваа,С.Очир нарын эрдэмтэд “Монгол Улсын Улаанбаатар хотод агаарын бохирдол бага жинтэй хүүхэд төрөх эрсдэлийн хүчин зүйл мөн үү?” зэрэг судалгаа хийжээ. Уг судалгаануудын үр дүнд,

Улаанбаатар хотын гадаад орчны агаарын бохирдол болон үр зулбалтын тохиолдлын статистикийн харилцан хамаарал өндөр байгааг тогтоосон байна. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдол, гүйцэд тээлттэй боловч бага жинтэй төрөлтийн хооронд өндөр хамаарал байгааг тодорхойлсон байна.

Эрүүл мэнд минь баяртай

Насанд хүрсэн хүн бүү хэл дөнгөж төрсөн нярай ийнхүү Улаанбаатарын утааны хор уршгийг амсч байна. Цаашилбал хүүхэд багачуудын дундах өвчлөлд агаарын бохирдол хамгийн том шалтгаан болж буй. Үүнийг олон улсын судалгаа, статистик дээр тулгуурлан хэлж байгаа юм. Баримт түшвээс, Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг дахь хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг нь агаарын бохирдол болжээ. Мэдээж гол шалтгаан нь хотжилт эрчимжиж байгаа явдал.

Жил бүрийн нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд сансраас зураг авахад “Азийн бор үүл” харагддаг болоод уджээ. Энэ нь үүл биш утаа Ази тивийг бүрхэх болсон гэсэн үг.

Азийн бусад улс орнуудыг бодвол хүн ам цөөн, өргөн уудам нутаг дэвсгэртэй атлаа Монгол Улс агаарын бохирдлоор тэргүүлж, “Бор үүл”-ний сүүдэрт хамгийн их нэрвэгдэж байгаа. Үүнийг НҮБ-ын Хүүхдийн сангаас 2016 онд хийсэн “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” судалгаанаас харж болно.

Дэлхийн хэмжээгээр агаарын бохирдлын улмаас жил бүр 4,3 сая хүн нас барж байна. Эдгээр нас баралтын хагас сая гаруй нь тав хүртэлх хүүхдийн эндэгдэл бөгөөд үүний 50-иас дээш хувь нь агаарын бохирдлоос үүдсэн уушигны хатгалгаа өвчнөөс шалтгаалж байгаа гэдгийг дээрх судалгаанд онцолжээ.

Хүүхэд хөгжлийнхөө эмзэг үед агаарын бохирдолд өртөх нь эрүүл мэндэд нь урт удаан хугацааны нөлөө үзүүлдгийг нотолсон байдаг аж. Монгол Улсын хувьд уушигны хатгалгаа өвчний улмаас үүдэх нялх, балчир насны хүүхдийн эндэгдэлд агаарын бохирдол шууд нөлөөлж байгаа юм. Түүнчлэн агаарын бохирдлоос үүдсэн уушигны гэмтэл нь хүүхдийн эрүүл мэндэд цаашид олон сөрөг нөлөө үзүүлдэг. Улаанбаатар хотын хүүхдүүдийн дундах агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний дийлэнх нь уушигны доод замын цочмог халдвар буюу хатгаа байгаа ажээ. Хатгаа болон амьсгалын замын өвчлөлөөс үүссэн уушигны бүтцийн өөрчлөлт хүүхдийн биеийн хөгжилд сөргөөр нөлөөлж эдгэрэшгүй өөрчлөлтөд хүргэдэг байна.

Өнөөдөр Улаанбаатарт амьдарч байгаа бага насны хүүхдүүд цаашдаа амьсгалын замын архаг өвчнөөр өвчлөх магадлал нь урд өмнө байгаагүй түвшинд хүрнэ гэсэн тооцоолол ч гарсан байна.

Далайцтай, шинэлэг арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол ирэх арван жилд агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний эдийн засгийн зардал улам бүр нэмэгдсээр байх болно гэдгийг ч НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаанд дурджээ. Далайцтай, шинэлэг гэдгийг утаагүй зуух, шахмал түлш, гэрийн дулаалга, агаар шүүгч төдийхнөөр төсөөлмөөргүй байна. Жил бүр агаарын бохирдлыг бууруулахад зарцуулж байгаа хэдэн арван тэрбум төгрөгийн зарцуулалтыг хянаж, зөв голдирлоор нь “урсгахаас” эхлээд олон асуудал бий. НҮБ, Дэлхийн банк гээд олон улсын олон байгууллага Улаанбаатарын агаарын бохирдлыг тал талаас нь судалж, үндэсний эрдэмтэд ч судалгаа хийж тодорхой арга хэмжээ, шийдлийн талаар зөвлөмжүүд гаргасан байдаг юм билээ. Бодлого болж хэрэгжих ёстой тэр судалгаа, зөвлөмжүүд “илжигний чихэнд” орсон бол дэндүү хайран юм даа.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй