"Би арав гаруй жил сүг болтлоо зодуулсан"

2018-11-05

Гэр бүл бол нийгмийг бүрдүүлэгч хамгийн анхан шатны нэгж. Тэр ч утгаараа энэ хоёр үг тухайн нийгмийн өнгийг тодорхойлдог. Гэтэл Монгол Улсад жил ирэх тусам хүчирхийллийн асуудал хурцдаж байгааг мэргэжлийн байгууллагууд онцолж байна. Улаанбаатар хотод л гэхэд хоногт дунджаар таван  эмэгтэй нөхөртөө зодуулсны улмаас цагдаагийн байгууллагад ханддаг байна. Энэ нь зөвхөн Нийслэлийн цагдаагийн газарт бүртгэгдсэн тоо гэдгийг сануулъя. Түүний цаана олны нүднээс далд хэчнээн эмэгтэйчүүд ханийнхаа гарт харгислал амсч байгааг таах аргагүй.  Сүүлийн үед иргэд нийгмийн стресс бухимдал гэр бүлийн хүрээнд үүсэж байгаа асуудлаа шийдвэрлэж чадахгүй  байгаагаас гадна  сэтгэл зүйн хүчирхийлэлд ихээр өртөх болжээ.

Тэгвэл өнгөрсөн зургадугаар сард Жендерт суурилсан хүчирхийллийн талаар улс орон даяар анх удаа явуулсан судалгааны тайланг Нэгдсэн  үндэстний байгууллага болон Үндэсний статистикийн хороо хамтран танилцуулсан. Энэхүү судалгааг түүврийн аргаар хийсэн бөгөөд 15-64 насны 7300 гаруй эмэгтэй судалгаанд хамрагдсан байна. Судалгаанд  хамрагдсан  эмэгтэйчүүдийн 46.9  хувь нь Улаанбаатар хотынх бол 53.1 хувь нь хөдөө, орон нутгийн эмэгтэйчүүд.

"БИ АРАВ ГАРУЙ ЖИЛ СҮГ БОЛТЛОО ЗОДУУЛСАН"

Дээрх судалгаанаас харахад амьдралдаа бусдын зүгээс бие махбодын хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн эзлэх хувь Улаанбаатар хотод хамгийн их буюу 22.1 хувь байна. Мөн хамтрагчийн зүгээс үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн эзлэх  хувь насны бүлгээр харилцан адилгүй.  Энэ үзүүлэлт нь 40-44 насны эмэгтэйчүүдийн дунд хамгийн өндөр буюу энэ насны таван эмэгтэй тутмын хоёр нь амьдралдаа хамтрагчийн үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд дор хаяж нэг удаа өртсөн байна. Ингэхдээ дотно хамтрагчийн зүгээс үйлдэж буй бие махбодын хүчирхийлэл нь түлхэх, алгадах, чимхэх, цохихоос эхлээд нүүрэн дээр дэвсэх, өшиглөх шалны мод ганжин зэрэг гарт тааралдсан зүйл ашиглах цохих, хутга заазуур ашиглан  гэмтээх,  үсдэж чирэх зэрэг харгис хэрцгий 40  гаруй  төрлийн үйлдэл хийдэг байна.

20-24 насны эмэгтэйн ярианы хэсгээс:

  • “Айхтар сүртэй биш ч хааяа нэг гар хүрч байсан. Эмэгтэй хүн нүд  ам нь хөхөрсөн явахад наад зах нь гоо сайханд муухай. Сэтгэлийн шархтай болно. Архи уусан үед нь айж чичрээд яах вэ гэж боддог. Өөрчлөгдөх байх гэж бодож байна. Өдөр бүр архи уугаад зовоогоод байдаг биш"

35-65 насны эмэгтэйн ярианы хэсгээс:

  • “Би арав гаруй жил сүг болтлоо зодуулсан. Шүүх хурлын танхимд надаас дахиж би хэзээ ч ингэхгүй гээд сөгдөж, мөргөөд гуйгаад байсан. Гэвч гарч ирээд л хаалгаа түгжиж аваад “Чи  намайг ялын өмнө зогсоодог хэн бэ” гээд зодсон. Тэгэхээр тэр хүн хэзээ ч засрахгүй. Би хэнд ч хэлдэггүй, нуудаг байсан. Мөн унтахгүй гэвэл зоддог байсан. Би амьд гаръя гээд зугтсан”

Бие махбодын хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдээс хүчирхийллийн шалтгааныг асуухад 62.2 хувь буюу гурван эмэгтэй тутмын хоёр нь тэдний хамтрагч архи ууж, согтуу байсан нь хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлсөн гэж хариулжээ. Түүнчлэн хардсан үедээ хүчирхийлэл үйлддэг гэж  36.2 хувь буюу гурван эмэгтэй тутмын нэг нь хариулсан байна. Ярилцлага өгсөн эмэгтэйчүүдийн ярианд “Архинаас л болж байгаа юм, архи уухаараа хүнээ байдаг архи уухаараа эхнэр хүүхдээ алах шахдаг, архи ууж орж ирээд” гэх үгс олон удаа давтагдаж байлаа. Олон жил хүчирхийллийн орчинд амьдарч буй эмэгтэйчүүд уурыг нь хүргэвэл “эрүүл үедээ ч зоддог болсон гэж ярьжээ.

"АВСАН БАЙРАА ӨӨРИЙН НЭР ДЭЭР БОЛГОЛОО ГЭЖ ДАРАМТАЛДАГ"

Судалгаанаас харахад эдийн засгийн хүчирхийлэл Улаанбаатар хотод хамгийн өндөр буюу 22.9 хувьтай гарчээ. Улсын дунджаар сүүлийн 12 сард эмэгтэйчүүдийн 12.0 хувь нь эдийн засгийн хүчирхийлэлд өртсөн байхад энэ үзүүлэлт  хотод хамгийн өндөр буюу 13.2 хувь байна. Эдийн  засгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн үзүүлэлтийг харахад бүрэн дунд боловсрол эзэмшээгүй эмэгтэйчүүд хамгийн их өртжээ. Мөн бие даан орлого олдог эмэгтэйчүүд ч эдийн засгийн хүчирхийлэлд өртдөг аж. Тухайлбал, нөхөр нь эхнэрийнхээ гэр бүлийн орлогод оруулж буй хувь нэмрийг нь үл тоох “Хүний хийдэггүй юмыг хийж байгаа юу”  гэх зэргээр ажлыг нь дорд үзэх, ‘Авсан байраа өөрийн нэр дээр” болголоо гэх зэргээр дарамталдаг байна. Судалгааны үр дүнгээс харахад эдийн засгийн хүчирхийлэлд 20-44 насны эмэгтэйчүүд хамгийн ихээр өртжээ.

"ХҮЧИНДЭХ БОЛГОНД  ЭЭЖИД ХЭЛЭХЭЭР  НАМАЙГ ХУДЛАА ЯРЬСАН ГЭЭД ОЙЛГУУЛЧИХДАГ БАЙСАН"

Бусдын зүгээс үйлдсэн бэлгийн хүчирхийлэлд 15-аас дээш насандаа өртсөн эмэгтэйчүүдийг насны бүлгээр авч үзэхэд залуу эмэгтэйчүүд түлхүү өртсөн гэж судалгаанд дурджээ. Бэлгийн хүчирхийллийн үйлдлүүдийг  дунд болон хүнд гэж хоёр ангилдаг бөгөөд дунд хэлбэрийн хүчирхийлэлд  хүсээгүй байхад бэлгийн хавьталд орохыг завдах, хүсээгүй байхад биед нь хүрэх зэрэг үйлдлүүдийг хамруулж үздэг аж. Харин хүнд хэлбэрийн бэлгийн хүчирхийлэлд хүчээр бэлгийн харьцаанд орох, архи, мансууруулах бодис хэрэглэсэн үед бэлгийн харьцаанд орох зэргийн үйлдлүүдийг хамруулан үздэг  байна.

Бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэйчүүдийн цөөнх нь дунд хэлбэрийн хүчирхийллийн тухай ярьжээ. Тухайлбал, бэлгийн хүчирхийлэл нь гадаа гудамжинд 14.3 хувь, ажил дээр 13.6 хувь, өөрийн гэрт 12.6 хувь, сургуулийн орчинд 12 хувь ихэвчлэн болдог байна. Харин хүнд  хэлбэрийн бэлгийн хүчирхийлэл нь эмэгтэйн өөрийн гэрт  65 хувь  хээр газар, ой мод, цэцэрлэг хүрээлэнд 10.9 хувь болдог аж.

Дийлэнх нь хүнд хэлбэрийн бэлгийн хүчирхийлэлд өртөж, улмаар жирэмслэх, хүүхдээ авхуулах, мөн хүүхдээ төрүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд орсон гэдгээ ярьжээ.

Энэ төрлийн судалгаанаас харахад бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч эмэгтэй өөрийн  гэр бүлийн нэр хүнд болон эдийн засгийн байдлаас хамаараад цагдаагийн байгууллагад мэдээлдэггүй байна. Судалгаанд хамрагдсан 15-19 насны охидын ярилцлагын хэсгээс:

  • "Хойд эцэг  анх удаа хүчиндэхэд онгон хальс цоороогүй гээд цагдаагийн байгууллагаас  гүтгэгдсэн гэсэн дүгнэлт гарсан. Тэгээд тэр намайг хүчирхийлсэн. Ер нь долоо хоногийн давтамжтай өдөр шөнө хамаагүй хүчинддэг байсан. Ээжийг минь их зоддог. Хутга авч шиднэ. Анх энэ талаар эмээ, өвөө хоёртоо хэлсэн тэд ээжид хэлсэн. Тэгэхэд ээж яах учраа  олохгүй сандарч байхад  нагац ах ирж таараад ярилцсан. Тэгээд цагдаа шүүхээр явсан. Хэрэг нь шийдэгдээд 15 жилийн ял авсан. Хойд эцгийн хүчиндэх болгонд  ээжид хэлэхээр  намайг худлаа ярьсан гээд ойлгуулчихдаг байсан юм. Би эцэг ондоотой дөрвөн дүүтэй болохоор ээжийгээ өрөвддөг. Анх хүчиндүүлсэн тухайгаа хэлэхэд хэцүү байсан”
  • "Анх тийм зүйл болоход би яахаа мэдэхгүй байсан. Аавын эгч ‘чиний болон аавын чинь нэр хүнд унана, шоронд орно’ гэсэн. Тэгээд би тэвчиж өнгөрүүлсэн. Жирэмсэн болсон учир өсвөрийн эмч, сэтгэл зүйч нар надад зөвлөгөө өгөөд “цагдаад өг” гэсэн. Гэхдээ ээжийн дүү нар цагдаад өг гэр бүлээсээ хасуул гэсэн. Ээжийг улам дарамтална гэж айгаад ээждээ хэлж чадаагүй

Хүчирхийлэл үйлдэгчид бараг араатнаас өөрцгүй, эрүүл ухаангүй, ангид хүмүүс байдаг гэсэн нийтлэг ойлголт, төсөөлөл нийгэмд бий. Харин сэтгэл зүйчид хүчирхийлэл үйлдэгчдийг өөрсдийнхөө буруу үйлдлийг зөв  гэж итгэн үнэмшчихсэн, энэ үйлдлийг хийхээс өөр гарцаагүй  гэж өөрийгөө зөвтгөдөг. Эсвэл миний энэ үйлдлийг хийхэд орчин тойрны хүмүүсийн үйлдэл нөлөөлсөн  тэд л буруутай гэж боддог сэтгэхгүйн  төөрөгдөлд орчихсон сэтгэл зүйн өвчтэй хүмүүс” гэж дүгнэдэг.

ХҮЧИРХИЙЛЭЛ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛДЭГ ТОЙРОГ

Гэр бүлийн хүчирхийлэл  нь  дахин давтагддаг даамжирдаг  тасралтгүй цикл хэлбэрээр  үргэлжилдэг үйлдэл. Эхний үед хохирогч зүгээр л гомддог. “Арай ч дээ. Надад гар хүрчихлээ”, “Ууртай, уучихсан байсан болохоороо л ийм үйлдэл хийчхэв үү”, “Миний буруу байсан юм болов уу” гэх зэргээр асуудлын голыг олж харалгүй өөр шалтгаануудыг хайж, гомдсон ч уучлаад өнгөрдөг.

Энэ үед хохирогч хүчирхийлэгчийг уучлахад бэлэн байдаг аж. Дараагийн шатандаа ороод эхлэхээр хохирогч “Би энэ байдлыг чинь тэвчиж чадахгүй”, “Чамд зодуулж амьдарч чадахгүй” гэсэн байр суурьтай болдог бөгөөд үүнийг тэмцэлдэх үе гэж үздэг. Гуравдах шат бол зайлсхийх үе. “Асуудал үүсвэл хэрүүл гарах вий”, “Чанга дуугарвал зодуулах вий”,  “Ингээд эхлэхээр л зодоон болдог шүү” гэсэн бодолтой болж өнөөх циклдээ ороод эхэлдэг. Энэ нь  улам даамжирсаар дөрөв дэх үе рүү орвол хүчирхийлэл амьдралынх нь нэг хэсэг болоод эхэлдэг байна.  Гэр бүл судлаачдын хэлж буйгаар  хүчирхийллийн харилцааны тойрогт орчихоороо хүн гарч чаддаггүй гэнэ.

Хэдийгээр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хохирогчид сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, нөхөн сэргээх сэтгэл заслын үйлчилгээг үзүүлэх, сургалтын үйл ажиллагааг тусгаж өгсөн ч  төрийн хамгаалалт тийм ч “найдвартай арга” биш. Учир нь эдгээр байгууллагууд дээд тал нь 60 хоног байрлуулдаг. Ихэнхдээ 3-7 хоног хамгаалах байранд амьдруулна. Эндээс гараад тэд эргээд л гэртээ очно. Уг нь олон улсын жишгээс үзвэл түр хамгаалах байрны үйлчилгээ дууссаны дараа хохирогчдыг ажил хөдөлмөр хайж олох, өөрийгөө ялан дийлэх хугацаа олгосон “Дамжих байр” байдаг аж. Гэвч энэ нь манай улсад байхгүй. Ийм төсөв, илүү байр ч үгүй. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй төвүүдийн ажлаас чангаадаг ганц асуудал нь төсөв, санхүүгийн бэрхшээл аж. Төрөөс тэдэнд асуудлыг дахин даамжрахгүй болтол нь шийдвэрлэ гэж мөнгө өгөөгүй учир тэд хохирогчдоо “түр хамгаалаад” төрхөмд буцаахаас өөр аргагүйд хүрдэг гэнэ. Тиймээс эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг таслан зогсоохын тулд Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд олон улсын байгууллагуудын олон талт хамтын ажиллагаа нэн чухал  байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй