Жүжигчин хүн мөнхийн эрэл хайгуул хийж явдаг

2018-10-12

Маск продакшны захирал, гавьяат жүжигчин П.Эрдэнэзаантай ярилцлаа.


-Маск продакшны намрын улирлын нээлтийн тоглолт эхэлжээ. Монгол хүн та инээмсэглэ тоглолтын талаар ярилцлагаа эхлэх үү?

-“Маск” продакшн байгуулагдаад 12 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд тайзны 30 орчим бүтээлийг үзэгчдийн хүртээл болгожээ. Энэ намрын улирлын уран бүтээлийн нээлтээ “Монгол хүн та инээмсэглэ” шоу тоглолтоор эхэлж байна. Үзэгчид сэтгэл өндөр хүлээж авлаа. Бид үүнд ч баяртай байгаа. Хошин урлагийнхан бид үзэгчдийнхээ сэтгэлийн таашаалаар хөглөгдөж, ажиллах урам зориг авч байдаг улс шүү дээ. Цаг үе гэдэг жил жилээр өөрчлөгдөж байна. Энэ хурдыг гүйцэж уран бүтээл хийх шаардлагатай тулгарч байгаа.

-Жүжигчид гэдэг бусдын амарч байхад л ажиллаж байдаг улс юм шиг. Маскпродакшн өнгөрсөн зун дэлгэцийн уран бүтээл хийгээд их л завгүй байсан сурагтай. Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

-Эргээд харахад өнгөрсөн зун 10-аад хоног л амарсан байна. Түүхэн “Соёлын довтолгоон” киноны зураг авалтыг амжилттай дуусгалаа. Түүхэн кино гэдэг утгаараа олон хүний хүч хөдөлмөр оролцоотойгоор бүтлээ. Монголчуудын нүүдлийн амьдралаас суурин амьдрал руу шилжиж буйг харуулсан кино л доо. Энэ бүтээлээрээ монголчуудыг суурин амьдралаар амьдарч сурсныг дэлхий нийтэд таниулахыг зорьсон.

-Өнөө цагт хамтлагууд тайз, дэлгэцийн уран бүтээл зэрэг хийгээд байдаг болжээ. Тус тусынх нь онцлогийн талаар ярихгүй юу?

-Дэлгэц, тайзны уран бүтээл хоорондоо эрс ялгаатай л даа. Тайзны дүрийг би амьд дүр гэж хэлэх дуртай. Яагаад гэвэл үзэгчид бүтээж буй миний дүрийг яг дэргэдээс хардаг учраас үүнд илүү мэдрэмж шаардагддаг. Үзэгч юу хүсч байгааг өөрийн үйлдлээрээ харуулахын тулд хийх ёстой үзэгдлээ хүртэл өөрчилдөг. Түүнчлэн миний амьсгалыг хүртэл тэд мэдрэх боломжтой учир тайз гэдэг агуу урлаг. Нэг үгээр хэлэхэд амьд холбоо тогтоож байна гэсэн үг. 1000 хүн өөдөөс хараад сууж байхад өөртөө татаж тоглоно гэдэг их ур чадвар шаардана. Харин кино гэдэг нь дэлгэцэд баригдаж тоглодог болохоос биш чөлөөтэй. Зураг авалт дууссаны дараа монтажилж илүү, дутууг нь хасчихна. Гэхдээ уран бүтээлч хүн ялгааг нь мэдэрч байх ёстой.

-Өнгөрсөн зун та хичээл зүтгэлээ төрдөө үнэлүүлж гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаалгасан. Гавьяат болсон мэдээгээ сонсох мөчид хаана, юу хийж байв?

-Тухайн үед дүүгийнхээ хурим дээр байсан л даа. Утсаар “Баяр хүргэе. Танд гавьяат жүжигчин цол хүртээх Ерөнхийлөгчийн зарлиг гарсан байна” гэж дуулгасан. Эхэндээ итгэж өгдөггүй юм билээ. Ерөнхийлөгчийн Тамгын газраас залгасан юм чинь арай ч худлаа яриагүй байлгүй гэж ч бодогдоод л. Их самгардсан шүү. Тэгээд хамгийн түрүүнд эхнэртэйгээ баярт мэдээгээ хуваалцаж бэлтгэлээ базааж эхэлсэн дээ. Хүн өөрийнхөө хичээл зүтгэлийг төрдөө үнэлүүлнэ гэдэг үнэхээр сайхан юм бил ээ. Энэ бол “Маск” продакшны үйл ажиллагаа тогтвортой явж, үзэгчдэд хүрч байгаагийн илрэл юм даа. Өнөөдөр бид уран бүтээлийг их хөдөлмөрлөж хийж байгаа. “Маск”-ийн хамт олны хичээл зүтгэлийг үнэлж байгаа шан гэж ойлгож байна.

-Төрийн шагнал дагаж их хариуцлага нуруунд тань ирсэн байх?

-Шагнал гэдэг асар өндөр хариуцлага дагуулдаг л даа. Сүүлд Бавуугийн Лхагвасүрэн гуай нэг нэвтрүүлэгт орохдоо “Ид уран бүтээлээ туурвиж байгаа хүнийг үнэлж, цаашаа илүү хийж бүтээх хугацааных нь өмнө өгсөн шагнал жинхэнэ шагнал болдог” гэж хэлж байсан нь их сэтгэлд хүрсэн шүү. Нээрээ “Би чинь ид хийж бүтээж байгаа залуу хүн, цаашаа хийж бүтээх ажил их байна” гэж толгойд бодогдсон доо. Тиймээс энэ шагнал надад цааш илүү эрч хүчтэй ажиллахад ташуур болж өглөө.

-Олон жил тайз дэлгэцийн урлагт хүчин зүтгэсэн хүний хувьд өөрийгөө сориод үзэх юмсан гэж бодож явдаг дүр байдаг уу ?

-Тийм дүр олон бий шүү. Би ч хошин урлагийн гал тогоонд бараг 20 гаруй жил чанагдаж байна. Одоо тодорхой хэмжээний туршлагатай боллоо гэж өөрийгөө үнэлж байгаа. Энэ бол мэргэжлийн жүжигчний хувьд өөртөө тавьж байгаа дүн юм даа. Нэг тийм бяр амтагдана гэх нь ч юу юм. Ямар ч дүрд тоглоход өөрийгөө бэлэн байна гэж боддог болсон.

-М.Баярмагнай, Ж.Мөнхсайхан нартай олон жил нэг тайзанд тоглож байна. Хамтрагчдынхаа талаар ярихгүй юу?

-“Маск”-ийг бид гурваар төсөөлдөг хүмүүс олон байдаг байх. Маск”-ийн нүүр нь юм даа. Энэ хоёргүйгээр ажил явахгүй шүү дээ. Уран бүтээл гэдэг багийн ажиллагаа, хамтын хичээл зүтгэл байдаг. Түшиг тулгуур минь юм даа.

-Салбар салбарынхан ирээдүй хойч үеэ бэлтгээд явдаг. Маск-ийн хувьд залуу хойч үеэ бэлтгэх тал дээр хэрхэн ажиллаж байна?

- Жавхлан, Ганзориг, Дэлгэрсайхан, Гэрэлцэцэг гээд олны хайр хүндэтгэлийг татсан олон жүжигчид төрж гарсан. Залуу хойч үеэ хэрхэн бэлтгэж байгаагийн илрэл нь эд нар минь юм даа.

-Маск продакшны дэлгэцийн анхны уран бүтээл Хайр харуусал киноны талаар асуумаар байна. Кино хэрхэн бүтэж байв?

-Хошин урлагийн жүжигчид драмын төрөл жанрын бүтээл хийж чадахгүй гэх хандлага их ажиглагдаж байсан л даа. Бид үүнийг үгүйсгэж сэтгэл зүйн драмын кино хийхээр ярилцаад сэтгэл шулуудсан. 18-аас доош насныхан бол ойлгохгүй кино л доо. Сүүлд нь харахад алдсан, оносон юм ажиглагддаг л юм. Гэхдээ үзэгчдийн сэтгэлд хүрсэн дэлгэцийн чанартай бүтээл гаргасандаа баяртай явдаг.

-Жүжигчний мэргэжлийг сонгосондоо харамсах өдөр танд байсан уу?

-Харамсах юу байхав дээ. Шантрах үе харин байсан шүү. Хэцүү санагдаж хаяад явчихмаар өдрүүд надад олон байсан. Их сургуулийн гуравдугаар дамжаанаас мэргэжлийнхээ мөн чанар гээчийг ойлгож байгаа юм даа. Тэгж явсаар сургуулиа төгсч, одоо л жүжигчин гэдэг хэцүү бөгөөд асар их мэдлэг, мэдрэмж шаарддаг болохыг ойлгосоор явна.

-Мэргэжлийнхээ гоё сайхныг хэзээ хамгийн ихээр мэдэрч бахархаж байв?

-Оюутан ахуйдаа драмын театр “Худалч эхнэр” жүжиг тавьж, Жиммигийн дүрд Г.Равдан гуайн тоглож буйг үзэж байлаа. Тэгэхэд л энэ мэргэжлийн гоо сайханд татагдаж “Ямар гоё дүр вэ” гэж уулга алдаж билээ. Сүүлд сургуулиа төгсөөд “Өнгөт инээд” хамтлагт орсон хойноо “Худалч эхнэр” жүжгээс сэдэвлэн “Үнэнээ хэлээч” хөгжимт жүжиг тавихад Жиммид тоглох завшаан тохиосон юм. Мэдрэх, дурлах гэдгийг тэр дүрд тоглохдоо л ойлгож авсан даа. Энэ дүрээрээ “Гэгээн Муза” наадмын эрэгтэй шилдэг дүрийн шагнал хүртэж байлаа.

-Та бүхэн тоглож буй жүжгийнхээ санааг өөрсдөө зөвлөөд гаргахад амар биш байх. Гол төлөв ямар төрлийн, ямар зохиолоос сэдэвлэж жүжгийн зохиолоо боловсруулдаг вэ?

-Бид зохиолч, найруулагчид биш жүжигчид. Жүжигчин хүн мөнхийн эрэл хайгуул дунд амьдардаг гэж би боддог юм. Зөвхөн зохиол бүтээлээс ч биш, энгийн амьдралаас ч содон сонирхолтой зүйлийг эрэлхийлж байдаг. Хүний сэтгэл зүй гэдэг хэзээ ч таагдашгүй оньсого байдаг учраас уран бүтээлчид түүнийг хайж эрэлхийлж олохын төлөө тэмцдэг. Хэцүү юм шиг ч, гайхамшигтай мэргэжил юм даа.

-Сүүлийн үед нийгэм хошин урлагийн уран бүтээлчдийг шүүмжлэх хандлага ажиглагдах болсон. Энэ талаарх таны бодол?

-Уран бүтээлд драм, инээдмийн төрөл жанр, сонгодог урлаг, балет, дуурь гэх мэт олон төрөл бий. Уран бүтээлчид хүн үзэх л юм хийх хэрэгтэй. Энэ бол урлагийн зарчим, бичигдээгүй хууль шүү дээ. Энэ цаг үед ажиллаж амьдарч байгаа уран бүтээлчид бүгд л СУИС, КУДС л төгссөн байгаа. Цөөхөн хэд нь л гадаадад энэ төрлийн боловсрол эзэмшсэн байгаа. Нарийн ярихад нэг багшийн шавь нар ч олон бий. Тэгэхээр бидэнд энэ салбарынхан ийм, тэд нар тийм гэсэн ойлголт байж болохгүй. Мэдээж алдаа оноо бол байна. Үүнийг дагаад тодорхой хэмжээний шүүмжлэл хэрэгтэй. Би бол шүүмжлэлд эмзэглээд байдаггүй. Мэргэжлийн талын шүүмж, хувь хүний үзэл бодлыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Зөв шүүмжийг нь авч уран бүтээлдээ тусгаж хэрэгжүүлж өгдөг.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй