2016-11-02
-Энэ удаа бид Эдийн засгийн ухааны доктор, Хүн ам зүйч, Жендэрийн үндэсний шинжээч, МУИС-ын багш А.Солонготой их дээд сургуулиудын ерөнхий суурь хичээлийн хөтөлбөрийн агуулгад жэндерийн дүн шинжилгээ хийсэн төслийн ажлынх нь тухай сонирхон ярилцлаа-
-Та жендэрийн үндэсний шинжээч, энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг судлаач хүний хувьд жендэр гэх ойлголт, жендэрийн агуулга, мэдрэмжтэй байдлын нийгэмд үзүүлэх нөлөөний тухай яриагаа эхлэе гэж бодож байна
-Жендэр гэдэг бол эрэгтэй эмэгтэй хүний нийгмийн харилцааны үр дүнд бий болсон хүмүүсийн ухамсарт төлөвшил. Бидний ойлгож байгаа утгын ертөнц гэхэд болно. Жишээ нь аав хүн гэр бүлээ тэжээх ёстой, ээж хүн хүүхэд гэр орны ажлаа хийх ёстой гэдэг л ойлголтууд амьдралын туршид хөгжил болон соёлоор дамжиж бидний оюун ухаанд буугаад байгаа тухай л ойлголт юм даа. Энэхүү ойлголтоор илэрч байгаа эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн ялгааг жендэр гэдэг ойлголтоор тодорхойлдог. Харин хүйс гэдэг нь байгалиасаа заяасан ялгаа буюу цэвэр биологийн ялгааг хэлдэг. Эрэгтэй хүн ханхгар том цээжтэй, бүдүүн хоолойтой байх, эмэгтэй хүн уян налархай зөөлөн байдаг гэсэн шинж чанаруудаараа хүйс тодорхойлогддог. Тэгвэл эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд хүйсээр хамаарсан байдлаар үүсэж байгаа нийгмийн ялгаатай байдлыг жендэр гэсэн нэр томъёогоор тодорхойлж байгаа. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын ялгааг, хоёр хүйсийн хоорондох ялгаатай хэрэгцээ сонирхол шаардлагыг амьдралынхаа үйл ажиллагаанд харгалзаж үзэхийг бид жендэрийн мэдрэмжтэй байх гэж ярьдаг. Энэ нийгэмд эрэгтэй эмэгтэй хүн ялгаатай байдаг гэсэн утгын ертөнц бий болчихсон байна шүү дээ. Эрэгтэй эмэгтэй хүнээс хүлээх хүлээлт, үүрэг даалгаваруудыг нь хувиарлаад өгчихсөн, ялгаатай гэдгээ хүлээн зөвшөөр гэдэг хандлага түгээмэл байна. Тийм ялгаатай хүмүүсийн амьдралыг ижилхэн аргаар зохицуулаад, тэр аргаараа аливаа нөөцийг хувиарлаж, ижил боломжууд бий болгох нь боломжгүй юм. Үр дүн нь ч ялгаатай гарна. Жишээ нь хоёр эмэгтэйг авч үзвэл хоёулаа өндөр боловсролтой ч нэг нь олон нялх хүүхэдтэй нөгөөдөх нь нөхөртэйгээ л амьдардаг байя. Энэ хоёр илүү цагаар ажиллана. Энэ тохиолдолд хэнд нь илүү албан тушаал ахих, амжилт гаргах боломж олдох вэ гэвэл нөхөртэйгээ хамт амьдардаг ахуйн ачаалал арай багатай эмэгтэйд л олдоно шүү дээ. Эмэгтэйчүүдийн хувьд ч мөн ялгаа гарч байна. Ийм тохиолдолд хоёуланд нь адилхан үүрэг даалгавар, хүлээлт өгөх нь зөв үү? Тиймээс л энэ тохиолдолд дэмжлэгийг хоёуланд нь ижилхэн боломж олгохоор зохицуулах замыг сонгох нь зөв. Олон нялх хүүхэдтэй эмэгтэйг олон цагаар ажиллахад шаардлагатай үед хүүхдүүдийг нь харах, асрах зохистой үйлчилгээгээр хангах нь эдгээр эмэгтэйчүүд хоёулаа ижилхэн хөгжих боломж олгож чадна. Үүнийг бид тэнцүү эрх тэгш боломж гэж ярьдаг. Тиймээс бүгдийг ижил тэгш гэж бодоод байвал зөрүүтэй бодлогууд улам нэмэгддэг. Хэн давуу боломжтой байна тэр үр шимийг нь илүү хүртдэг. Зөвхөн хүйсээс нь л хамаарч боломж бага олгогдоод байгаа хэсгийг дэмжинэ гэдэг жендэрийн мэдрэмжтэй бодлогоо явуулж байна гэсэн үг.
-БСШУСЯ-ны захиалгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Дээд боловсролын шинэчлэлийн төсөл хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэхүү төслийн нэгэн хэсэг нь их дээд сургуулиудын ерөнхий суурь хичээлийн хөтөлбөрийн агуулгад жэндерийн дүн шинжилгээ хийх төсөл гэж сонссон. Энэ төслийнхөө талаар танилцуулахгүй юу?
-Монгол Улсын их, дээд сургуулиуд хэрэгжүүлж буй хөтөлбөрийнхөө хүрээнд боловсон хүчин бэлтгэх эхний гараа ерөнхий эрдмийн суурь хичээлээс эхэлдэг. Нэгдүгээрт мэргэжлийн суурь болохуйц ур чадварыг олгох мөн хувь хүний ур чадварыг дээшлүүлэх боловсрол эдгээр хичээлүүдээр олгогддог. Хувь хүний ур чадварт хамгийн түрүүн цагийн менежменттэй байх, хариуцлагатай байх, багаар ажиллах ур чадвартай байх, логик сэтгэлгээтэй байх, аливаа асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дүн шинжилгээ хийх гэх мэт чадварууд багтаж байдаг. Хувь хүний ур чадвар төлөвшүүлэх нь ерөнхий эрдмийн суурь хичээлийн үндсэн зорилго. Нийгмийн тэгш бус байдлыг арилгах, аливаа ялгаварлалгүй нийгмийг бий болгох хүсэл эрдэмзлэл үнэт зүйлтэй хувь хүн төлөвшүүлэх нь ч эдгээр хичээлүүдийн нэгэн зорилго байх ёстой. Ийм төлөвшлийг олгохын тулд бидний зааж байгаа ерөнхий эрдмийн суурь хичээлүүд хэр жендэрийн мэдрэмжтэй вэ гэдгийг үнэлж өгөөч гэсэн даалгаварыг Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас өгсөн. Энд МУИС, ШУТИС, ХААИС, хувийн сургуулиас Отгонтэнгэр их сургууль, Идэр дээд сургууль хамрагдсан. Таван багш эдгээр сургуулиудаас төлөөлөл болон судлаачаар оролцож уг судалгааг хийсэн. Нийт 52 багш 60 ерөнхий эрдмийн суурь, байнгын ашиглагддаг 30 сурах бичиг, давхардсан тоогоор 164 хичээлийн хөтөлбөрийн агуулагад үнэлгээ өгч 131 мянга 600 орчин оюутны дүндээр анализ хийсэн маш том ажил болсон. Хичээл заадаг 52 багштай бид нүүр тулсан ярилцлага хийсэн.
- Үнэхээр том, өмнө хийгдэж байгаагүй өргөн хүрээтэй ажил байна. Ер нь их дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт жендэрийн дүн шинжилгээ хийхийн ач холбогдол их байх, энэ талаар?
- Их дээд сургуульд суралцаж байгаа эрэгтэй эмэгтэй оюутнуудын хооронд суралцах үйл ажиллагаа, хичээлд оролцож байгаа байдал, ашиглаж байгаа сурах бичгүүд, оюутнуудад үйлчилгээ үзүүлж байгаа боловсон хүчин болох багш нар, тэдгээрийн жендэрийн мэдрэмж ямар байна гэдэг нь их чухал. Энэ нь оюутнуудад жендэрийн тухай ойлголт мэдлэг, жэндэрийн тэгш бус байдлыг ойлгох хандлагыг хөтөлбөрөөрөө, заах арга зүйгээрээ, ашиглаж байгаа ном сурах бичгээрээ ч олгож болох тэрхүү нөхцөл байдлыг судлаж байгаагаараа онцлог. Тэгш бус байдал хаана бага байна тэнд хөгжил эрчимтэй явагддаг. Нийгмийн тэгш бус байдлын үндэс суурь нь жендэрийн асуудал. Хөтөлбөрт дүн шинжилгээ хийх нь хувь хүний ур чадварыг хөгжүүлэхэд оруулж байгаа маш том хувь нэмэр гэж ойлгож болно.
-Сурах бичигт жендэрийн мэдрэмжийг шалган дүн шинжилгээ хийнэ гэдэг их анхаарал татаж байна, ер нь их сонин ч сонсогдож байна. Энэ талаар тодруулж өгөхгүй юу.
- Эмэгтэй эрэгтэй зохиолчдийн номыг уншихад харах өнцөг нь өнгө аяс нь өөр өөр байдаг. Дан нэг хүйсийн зохиогчтой ном, сурах бичиг хэрэглэвэл өрөөсгөл. Багшийн жишээ авч байгаа хүйсийнхэн дандаа нэг хүйсийнхэн байвал ямар байхав? Манай ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулиудад хэрэглэж байгаа ном сурах бичигт эрэгтэй зохиогчын төлөөллүүд арай илүү оролцдог. Мөн эрэгтэй дүрүүдийг илүү тодруулж жишээ авдаг байна. Энэ нь соёл, нийгмийн хөгжлөөр дамжиж бидний ухамсарт тогтсон ойлголт өгч эрэгтэй хүн илүү хүчирхэг давуу байдаг гэсэн хэвшмэл ойлголтыг лавшруулж байдаг. Энэ тогтсон ойлголт, өөрөөр хэлбэл нийгэмд эрэгтэйчүүд л гол үүрэг гүйцэтгээд, эрэгтэй эрдэмтэд л нээлт хийгээд байгаа мэт ойлголтыг сурах бичгүүд дэмжээд байна уу. Эсвэл эсрэгээр хэвшмэл ойлголтыг сааруулах хандлагууд илрээд байна уу гэдгийг тодруулсан. Хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо эрэгтэйчүүдийнхээс огт дутахгүй гэдгийг залуу үед ойлгуулахад өнөөдрийн хичээлд хэрэглэгдэж байгаа сурах бичгүүдийн үүрэг маш их . Ашиглаж байгаа жишээ баримт нь эмэгтэй эрэгтэй төлөөллийг эн тэнцүү тусгасан байх нийгэмд зөв ойлголт төлөвшүүлэх ач холбогдолтой. Энэ нь өнөөдөр их, дээд сургуулиудад сурч байгаа оюутнууд, тэр дундаа эмэгтэй оюутнуудын өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх ач холбогдолтой төдийгүй байгалын ухаан, техникийн чиглэлд цөөхөн байдаг эмэгтэй эрдэмтдийн тоог нэмэгдүүлнэ гэсэн чин эрмэлзэл, итгэл үнэмшилийг нь бий болгох гол зэвсэг нь.
-Гадаадын их дээд сургуульд жендэрийн тэгш байдлын агуулгыг хичээлдээ хэрхэн тусгадаг юм бол?
-Мэргэжлийн хөтөлбөрүүдэд бие даасан хичээлүүд орж байна. Бидний хувьд ерөнхий эрдмийн суурь хичээлүүдэд л судалгаа хийсэн. Нарийн мэргэжлийн мэргэшүүлэх хичээлүүд 3-4 курсээс орж эхэлдэг. Энэ нь шинжлэх ухааны өөрийн гэсэн тодорхой чиглэл зорилго, агууллын хүрээнд ордог. Үүнийг уншигчид эндүүрэх вий. Хувь хүний ур чадварыг хөгжүүлэх, төлөвшүүлэх зорилго бүхий ерөнхий эрдмийн хичээлүүдээр дамжуулна гэдэг нь жишээлбэл түүхийг хичээлээр эмэгтэй хүн хөгжилд ямар хувь нэмэр оруулсан юм. Энэ тухай түүхэнд бүрхэг байдаг бол яагаад ийм байгаа, ямар нөхцөл байдалтай байсан учраас эмэгтэйчүүд түүхэнд тодорхой үүрэг гүйцэтгэх, тэмдэглэгдээгүй байгааг ойлгуулах ёстой юм. Нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжихэд эрэгтэй эмэгтэйчүүдийн оролцоо яаж өөрчлөгддөг талаар дурдах тийм жишээнүүд ч байдаг. Жендэр судлал, Хүний хөгжил, Соёл судлал, Философийн хичээлүүдэд энэ сэдэв бие даасан сэдэв болж орж байна. Эдгээрийн хичээлүүдийн агуулга, хөтөлбөрт зүүн европын орнууд өөрчлөлт оруулчихсан. Харвардын их сургууль аль хэдийнээ өөрчлөлт оруулаад хэрэгжүүлсэн арвин туршлагатай байна.. Бид зөвхөн хөтөлбөрийн агуулга дээр анализ хийгээд байгаа. Харин жендэрийн анализ хийх, энэ асуудлыг судлах хүрээ нь 5 үндсэн чиглэлтэй байдаг. Суралцах орчны хувьд жендэрийн хэр мэдрэмжтэй юм гэдэг нь хамаардаг. Нэг сургуульд ороход охидуудын ариун цэврийн өрөөний тоо олон хөвгүүдийнх цөөхөн эсвэл зориулалтын бус байх, Нэг анги дотор ороход эрдэмтдийн төлөөлөл гээд дан эрэгтэй эрдэмтдийн зураг дүүрэн өлгөсөн байх гэх мэт нь ч мөн л жендэрийн ойлголт төлөвшүүлж л байдаг. Энэ мэтчилэн сургуулийн орчны байдалд өөрчлөлт хийж байгаа сургуулиуд ч байна. Мөн сургууль гэхгүй нийгэм, олон нийтийн орчинд ч энэ өөрчлөлтүүд хийгдэж байгаа. Жишээ нь явган хүний гарц дээр ганцхан эрэгтэй хүний дүр зургийг хориглох шийдвэр хүртэл зарим улсад гаргаж байна.
-Сүүлийн үед их дээд сургуульд эмэгтэйчүүд илүү суралцаж байгаа боловч нийгэмд шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд илүү байгаа. Энэ тухай их ч ярьж байна. Энэ юунаас хамааралтай байна вэ?
-Дээд боловсрол эзэмшиж байгаа оюутнуудийн хүйсийн байдлыг судлахад охидууд давамгайлж байгаа. Шалтгаан нь ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн ихэнх нь охидууд байдагтай холбоотой. Тиймээс массаараа сургуулиудад орох нь ойлгомжтой. Мөн хүлээж авч байгаа сургуулиудад ерөнхий бүтцийг нь харахад техникийн чиглэлийн сургууль улсын хэмжээнд ганцхан. хувийн их, дээд сургуулиудын дийлэнх хувь нь нийгмийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж байгаа нь үүнд нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл нийлүүлэлт нь эмэгтэйчүүд байна. Гэхдээ их дээд сургууль сурч төгсөх нь нийгэмд эзлэх байр суурийг нь дээшлүүлж байна уу гэхээр үгүй. Эмэгтэйчүүдийн ур чадвар хүсэл сонирхолыг нь хангах тийм ажлын байр хомс байна. Өнөөдөр шинээр бий болж байгаа эдийн засаг, уул уурхай, барилга, зам гэх мэтийн хүнд чиглэлийн үйлдвэрүүдэд өндөр цалинтай ажлын байр бий болдог. Гэтэл тэнд эмэгтэйчүүд ажиллах ажлын байр ховор байна. Ажил олгогч нь хүн ажил авахдаа ч, халахдаа ч хүйсээр ялгаж байгаа нь нууц биш. Хамгийн түрүүн хүүхэдтэй эмэгтэйчүүд халагддаг, ажилд авахдаа ар гэрийн ачаалал багатай эмэгтэйчүүдийг л голдуу авдаг. Өнөөдөр аль ч байгууллага, сургуульд захирал дарга дийлэнх нь эрэгтэй байна. Улсын их дээд сургуулийн эмэгтэй захирал ховор, бараг байхгүй. Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргахад оролцъё гэхээр ямар хэнхэг юм гэх хандлагатай байна. Дээр хэлсэнчилэн тэгш бус байдал газар авсан бол түүнийг арилгахад ихээхэн хүчин чармайлт хэрэгтэй болно.
- Суралцаж байгаа эрэгтэй оюутнууд цөөхөн учраас багш нар хөвгүүдээ дэмжиж урам өгөх зорилгоор илүү дүн тавьдаг байх гэж би хувьдаа боддог. Энэ талаар таны бодол..., бас судалгаанаас харагдсан үр дүнгээсээ хуваалцахгүй юу?
-Эрэгтэй эмэгтэй оюутны дундаж сурлагын дүн болон эрэгтэй эмэгтэй багшийн тавьж байгаа дүнгийн зөрүүтэй байдал хэр байна гэдэг дээр судалгаа хийж үзсэн. Эсрэг хүйстнээ дэмжиж, дэмжихгүй байна гэдэг ганц хоёрхон үзүүлэлтээс харагдахгүй. Нийгмийн харилцаа маш олон хүчин зүйлээс хамаарна. Судалгаанаас хичээл зааж байгаа багшын хүйсийн ялгаа дүнд нөлөөлөхгүй байгаа нь статистикаар нотлогдсон. Харин багш нарыг хичээлээ заах даа жендэрийн мэдрэмжтэй байна уу үгүй юу гэдгийг шалгахад жендэрийн мэдрэмжгүй гэсэн дүн гарсан. Эрэгтэй оюутнуудыг хариуцлагагүй, хайнга боловч уг нь чадвар сайн, эмэгтэй оюутныг нямбай, хичээнгүй гэсэн дүрээр багш нар харж байна. Тиймээс эрэгтэй оюутанг яаж хариуцлагатай, сууж чаддаг, нягт нямбай болгох вэ? эмэгтэй оюутанг яаж хурдан сэтгэдэг болгох вэ? гэдэгт анхаарч ажиллах хэрэгтэй байгаа юм. Нямбай хариуцлагатай эмэгтэйчүүд байгууллагад туслах чанарын л ажлыг, сэтгэн бодох чадвар сайтай хариуцлагагүй гэдэг эрэгтэйчүүд дарга дээд албан тушаалын ажил голчлон хийж байна шүү дээ.
-Багш нарын заах арга зүйг жендэрийн мэдрэмжтэй болгох ямар арга хэмжээ авах талаар зөвлөмжид тусгах уу? Судалгааны үр дүнг хөтөлбөр хэрэгжүүлэгч багш нар хэрхэн хүлээн авч байгаа бол гэдэг их сонирхолтой байна?
-Түрүүн хэлсэнчилэн ерөнхий эрдмийн суурь хичээлүүдэд судалгаа хийсэн. Мэргэжлийн ур чадвар олгодог хичээлүүдэд жендэрийн эрх тэгш байдлыг байнга тусгана гэвэл хэцүү. Тиймээс багш өөрийнхөө заах арга зүйгээр дамжуулан эрэгтэй эмэгтэй оюутны суралцах үйл ажиллагаанд гарч байгаа ялгааг судалж, ядаж л оюутны дундаж дүн дээр анализ хийж байх нь чухал. Багш нар эрэгтэй эмэгтэй оюутны онцлогийг хичээлдээ харгалзаж байх нь чухал юм.
-Багш нар судалгааны үр дүнг яаж хүлээж авсан вэ?
-Багш нар их эергээр хүлээж авсан шүү. Энэ асуудлыг анхаарч бодууштай юм байна гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн шүү. Оюутны хаана сууж байгаагаас нь хараад дүгнэж болохгүй. Жишээ нь нэг том биетэй эрэгтэй оюутан дандаа хойно суухаар нь хичээлээ хийхгүй залхуурч хойно суулаа гэж би боддог байлаа. Гэтэл тэр хүү бага ангиасаа л багш нь дандаа хойно суу, хүүхэд хааж байна гэсээр өөрийгөө хойно суух ёстой гээд ойлголсон болохоос залхуу хэнэггүй дээ энд суугаагүй гэж сүүлд тайлбарлаж байсан. Хүнийг шууд хараад тогтсон хандлагаараа дүгнэж болохгүй. Сургуулийн орчин өөрөө жендэрийн мэдрэмжтэй байна уу гэдгийн л хамгийн энгийн жишээ байхгүй юу. Иймээс их дээд сургуулиуд налуу шалтай лекцийн танхимыг бэлдэх ёстой байдаг шүү дээ.
-Нэмэлтээр энэ төсөл, түүний ач холбогдолын тухай миний асуугаагүй зүйл байгаа бол та дэлгэрүүлэхгүй юу?
-Бид ерөнхий эрдмийн суурь хичээлээрээ дамжуулж ирээдүйд аав ээж болох залуусыг жендэрийн мэдрэмжтэй болгох эхлэлийг тавьж байна. Мөн хүн хамт ажиллаж байгаа нийтлэгийн дунд жендэрийн мэдрэмжтэй амьдарч сурах анхдагч суурь эдгээр хичээлүүдээс ихээхэн хамаарч байна. Их, дээд сургуулийн багш нарын хувьд энэ асуудлыг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд очиж ярих хэрэгтэй гэсэн хандлагатай байдаг. Гэвч яг одоо оюутан болж байгаа энэ үе жендэрийн тухай ойлголтгүй байна. Тэгвэл энэ үеийнхэн яах вэ гэсэн асуулт гарч байгаа юм. Шинээр төрж байгаа хүүхдүүдийг сургууль цэцэрлэгээс нь хүмүүжүүлж болно. Энэ ажил ч хийгдэж л байгаа. Гэвч жендэрийн тухай ойлголтгүй, тогтсон хэвшмэл ойлголттой байгаа эдгээр залуучуудыг бид орхих ёсгүй. Манай үеийнхэний хувь даярчилсан нийгэмд амьдарч байна. Зүүн өмнөд азийн орнуудтай харьцуулвал манай улс илүү нээлттэй байна. Жендэрийн хэвшмэл ойлголтыг ч засаж залруулах боломж бий. Гэхдээ өөрийн уламжлалт, зан заншил соёлоо үгүйсгэ гэсэн үг биш ээ. Зүгээр л адил тэгш боломж олгоход бүгд анхаарах ёстой л гэсэн үг юм.
Ярилцсанд баярлалаа
Д.Жансэнм
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд