2016-09-15
“Отгонтэнгэр” Их Сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн багш философийн ухааны доктор (Ph.D) Б. Галиндэвтэй сүүлийн үед гаргасан ном бүтээл хийгээд хүний хүмүүжил, ёс суртахууны талаарх үзэл бодлыг нь хуваалцлаа.
Танд хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Сайхан амрав уу? Амралтынхаа сониноос хуучилна уу?
-Багш нар бидний зуны амралт адал явдал, сонин хачин багатай, харин хичээлтэй байх үедээ уншиж, харж амжаагүй ном судалгааны материалуудаа тав тухтайхан уншиж бодож эргэцүүлэх хугацаа байдаг юм уу даа. Би амралтаараа “Психоанализ”ын тайлбар толь жаахан уншиж сонирхлоо. Монголчууд бид одоо дотор сэтгэл рүү гээ өнгийх цаг болжээ гэж бодогдсон шүү. Өнөөгийн монголын нийгмийн амьдралын алаг цоохор мэдээлэлүүдээс хол амарсандаа баяртай байгаа.
Галиндэв багш маань хаана, хэд дэх жилдээ багшилж байна вэ?
-Би БХИС,ОТИС хоёрт л багшийн алба хашиж байгаа хүн. Багшийн ажил бурханаас заяасан жаргалтай алба. Албан тушаалын карьер, аахар шаахар атаа жөтөө, хэл амнаас хол ёстой л нөгөө Д.Нямсүрэн найрагчийн хэлдгээр “ёрөөл хараалаас хол” ерийн нэгэн модон байшинд амьдардаг гэдэг шиг онцлогтой, чадаж л байвал өдөр тутам танин мэдэхүйн баяр хөөр, сэтгэлийн ханамж авч байдаг сайхан ажил даа.
Та сүүлийн жилүүдэд хүний тухай их ярьж, бичих боллоо. Энэ чинь олон жил залуу үеийнхэнтэй ажилласантай холбоотой юу?.
-Энэ бол юуны өмнө өөрөө хүн байхсан, хүүхэд, залуучууд маань эхлээд хүн болоосой гэсэн бодол, эргэцүүлэлтэй минь холбоотой. Нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөний болон бас бус олон хүчин зүйлүүдийн улмаас манай хүүхэд залуучуудын амьдралын хэв маяг, амьдрах арга, ертөнцийг үзэхүй ихэд өөрчлөгдөж зарим чиглэлээрээ хүсмээргүй сөрөг тийшээ хандчихлаа шүү дээ. “Хаана элбэг хангалуун, амар хялбар амьдрал байна, тэнд миний эх орон байгаа”,”Эд материалын хувьд л хангалуун, тансаг амьдарч байвал миний амьдралын учир утга бүрдэнэ”,”Би л сайхан амьдарч байвал бусдын хэрэг явдлын хажуугаар, нүдээ аниад өнгөр” гэх мэт амьдралын суурь зарчмуудтай бүхэл бүтэн үе өсч өндийгөөд байна шүү дээ. Нийгмийн ийм нөхцөл байдал тулгараад байхад том утгаар нь бодож үзвэл монголчууд бид юуны өмнө өөрсдийнхөө “хүн чанар”, “хүн болж өсч төлөвших” дотор ухаан руугаа өнгийж харах ёстой болоод байна гэсэн ухаарлын улмаас иймэрхүү утга агуулгатай ном бичих санаа төрдөг юм аа. Улс орон, айл гэр, төр засгийн бодлого бүгд л “Өнөөгийн монгол хүн хэн болоод байна вэ?, “Хэн болгох ёстой вэ?”гэсэн асуултуудаас эхлэх байх
Та хоёр жилийн өмнө “Хүний төрх” гэдэг ном бичсэн. Сая “Хүн байх ухаан”-аа гаргалаа. Мэдээж энэ хоёр ном холбоотой байх?
-Энэ хоёр ном маань өөр хоорондоо дотроо агуулсан зорилго, зарим утга санаагаараа холбоотой. Орчин үеийн философи хүний агуулгыг их олон талаас нь авч үздэг болсон. Хүн ч өөрөө ийм олон талтай “оньсоголог” оршихуй.
Та “Хүний төрх” номынхоо агуулыг базаад хэлвэл?.
-Эрт эдүгээгийн философи сэтгэлгээний түүхэнд хүний асуудал ямархуу агуулгаар илэрхийлэгдсэн байдгийг өөрийнхөө чадал боломжийн хэрээр шүүрдэж үзсэн. Хүний төрхийг сэтгэл зүй, гоо сайхан, ёс суртахуун, шашин шүтлэг, үнэлэмж, хэрэгцээ зэрэг талаас нь авч үзэх оролдлого хийсэн. Эрт эдүгээгийн монгол хүний нийгмийн төрх байдлыг зарим нэг баримтууд дээр үндэслэж гаргахыг хичээсэн. “Хүний төрх” маань товчдоо ийм л агуулгатай ном болсон л доо.
Та “Хүний төрх” номондоо эрт, эдүгээгийн монгол хүний тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байсан. Ер нь монгол хүн маань хэн байснаа хэн болчихоод байна. Энэ талаар ярина уу?
-Монгол хүн маань нийгмийн янз бүрийн сорилт, үзлийн ертөнцөд амьдарч байгаа хачирхмаар түүх цадигтай ард түмэн юм. Ганц жишээ дурдахад л ХХ,ХХI зуунд монгол хүн Бөө мөргөл, Буддын шашин, социалист номлол, либераль үзэл,шүтлэг бишрэл гээд үзэл санааны дөрвөн ертөнцөд амьдарч үзэж байна шүү дээ. Ийм нөхцөл байдлын улмаас өнөөгийн монгол хүний менталитет танигдах арга үгүй болтлоо өөрчлөгдсөн төлөв байдалтай байна.
Хүний хөгжил, хүмүүжил, ёс суртахуунд иргэшлийн нөлөө аль хэр байдаг вэ?Соёл иргэншил, даяаршлын үед хүний хөгжил, хүмүүжлийг зөв чиглүүлэхийн тулд юуг анхаарах ёстой вэ?
-Өнөөгийн дэлхий дахин “Мэдлэгийн нийгэм” гэсэн зорилгоо томъёолоод урагшилж байна. Эндээс хүний хөгжлийн асуудал урган гардаг. Хүний хөгжлийн асуудал эрүүл мэнд, боловсрол, ажил эрхлэлт мэт хүрээнээсээ хальж, түүний ёс суртахуун, гоо сайхны боловсрол гээд олон талтай болчихлоо. Ингэхлээр даяаршиж байгаа ертөнцийн орон зайд амьдарч буй монгол хүн өөрийнхөө бүтээсэн түүхийн уламжлал, соёлоо эрхэмлэн өсвөр залуу үедээ сургахын зэрэгцээ дэлхий рүү харж амьдрах хэрэгтэй боллоо. Өнөөгийн монгол хүнийг үндэсний болон дэлхийн соёлын ололттой холбоход олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд онцгой үүрэгтэй болохыг бид алхам тутамдаа мэдэрдэг болсон
Таны “Хүн байх ухаан” ном нэлээд онолын шинжтэй юм шиг санагдлаа. Зөв хүн байхын үндэс нь цэвэр ариун ёс суртахуун мөн гэсэн санаа гаргасан юм болов уу гэж бодлоо. Та тодруулна уу?
-Миний ойлголтоор хүн шиг олон хувилбар, сонголттой амьтан хаа ч байхгүй байх. Хүний энэ олон талт төрх байдлын дотроос ёс суртахууных нь шинж байдал онцгой анхаарал татах сэдэв, чиглэл мөн байх гэж би хувьдаа боддог. Хүний зүрх сэтгэл нь ариун бол зан үйл нь зөв, ажил хэрэг нь бүтээлч, амьдрал ахуй нь гэрэл гэгээтэй байх учиртай гэсэн итгэл үнэмшил надад байдаг юм аа. Тийм үзлийнхээ үүднээс л би ёс суртахууны тухай энэ номондоо бичсэн. Ингэхдээ нийгмийн ёс суртахуун шашин шүтлэг, улс төр, эдийн засаг, урлаг, уран зохиол гэх мэт олон үзэгдлүүдтэй нягт холбоотойгоор өөрчлөгдөж, хөгжин дэвшиж байдаг болохыг нь гаргах оролдлого хийсэн юм
Та хүний тухай номнуудаа итгэл үнэмшилтэй болгохын тулд арвин баялаг материал ашиглажээ. Энэ их материалыг цуглуулахад хөдөлмөр, цаг хугацаа их орсон байх даа?
-Бидний үеийн багш нарт уншиж цуглуулсан материал, ном сурах бичиг, бодож ухаарсан бага сага юм цөмд л байдаг шүү дээ. Энэ бүхнийгээ л хэрэгтэй гэсэн бүлэг, хэсэгт нь ашигласан л даа.
Таны эрдэм шинжилгээний ажлын цаашдын зорилт юу байна, одоо ямар бүтээл дээр ажиллаж байна?
-Би ч нэг их том судлаач хүн биш л дээ. Би нэг том сэдэвт санаархсан жижигхэн багш байгаа юм. Хүний асуудлаа л гүнзгийрүүлж үзнэ. Дэлхийн уран зохиолын сор бүтээлүүдийг туурвисан Достоевский өөрийн тууж, романууддаа хүний тухай асуудлыг аль талаас нь авч үзсэн бэ? гэсэн асуултын хариуг эрж байна.
Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын судалгаа шинжилгээний ажилд өндөр амжилт хүсэе.
Sorgog.mn
Ярилцсан Н. Ариунзаяа
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд