2019-10-11
Боксчин Эррол Спенс пүрэв гарагийн өглөө Далласт автомашины осолд оржээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэрээр Даллас хотын төвийн гудамжаар Ферари загварын машинаараа хурдтай давхиж байгаад жолоодлого алдсан байна. Улмаар түүний машин замаас гарч, хэд хэдэн удаа бүтэн эргэсэн байна. Эррол суудлын бүс зүүгээгүй явж байсан учраас машинаасаа шидэгдэж, ухаан алдаж унасан ажээ.
Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэн, эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн ажээ. Амь насанд нь аюулгүй хэдий ч их хэмжээний бэртэл авсан талаар тус эмнэлгийн эмч сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна. Азаар түүний машин жолоодлого алдсан хэдий ч тэр хавьд явж байсан явган зорчигч болон бусад автомашинуудыг мөргөөгүй аж.
29 настай Эррол Спенс Жуниор мэргэжлийн рингэн дээр 26 тулалдаж ганц ч ялагдал амсаагүй явж байгаа билээ. Тэрээр WBC, IBF холбооны 63 кг-ийн аваргын бүсийг эзэмшдэг байгаа юм. Түүний нэр 2017 оноос дэлхий нийтэд танил болж эхэлсэн гэхэд хилсдэхгүй.
Эррол Спенс Жуниор бол Келл Брүүк, Ламонт Петерсон, Майки Гарсиа, Шон Портер нарын шилдгүүдийг рингэн дээр буулгаж авсан орчин цагийн шилдэг боксчдын нэг юм. Түүний хувьд хамгийн сүүлд 9-р сарын 28-нд Портертой тулалдаж шүүгчдийн хуваагдсан саналаар ялалт байгуулсан билээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд