2019-10-03
АНУ Хятадаас гадна Европын орнуудтай худалдааны маргаан үүсгээд байгаа юм. Америкийн зүгээс Европын орнуудын бараа бүтээгдэхүүнд 7.5 тэрбум америк долларын татварыг оногдуулахаар болоод байна. Харин Европын холбооны зүгээс Америкийн бараа бүтээгдэхүүнд мөн адил тариф тавихаар бэлтгэж байгаа юм.
Европын орнуудаас Америк уруу оруулж байгаа онгоцны эд ангид 10 хувийн татвар, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд 25 хувийн нэмэлт татвар оногдуулна гэдгийг АНУ-ын худалдааны албаныхан мэдээллээ. Дэлхийн худалдааны байгууллагаас эцэслэн батласан энэ шийдвэр 10-р сарын 18–аас мөрдөгдөж эхлэх юм. Америкийн албаныхан татварын нэмэгдэлд хамрагдаж байгаа Европын бүх бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гаргажээ. Эдгээр бүтээгдэхүүний ихэнх нь Франц, Герман болон Их Британиас Америк уруу экспортлогддог юм байна.
Харин үүний хариуд Европын холбоо Америкаас Европын зах зээлд нийлүүлдэг бараа бүтээгдэхүүнүүд нэмэлт татвар оногдуулахаар Дэлхийн Худалдааны байгууллагад саналаа хүргүүлээд байна. Европын комисс 20 тэрбум америк долларын нэмэлт татварыг Америкийн бараа бүтээгдэхүүнүүдэд оногдуулах санал гаргажээ. Дэлхийн Худалдааны байгууллага Европын Комиссын саналыг нягтлан үзэж, ирэх жил энэ асуудлаар шийдвэр гаргана. Европын холбоо болон Америкийн хоорондох энэ худалдааны маргаан 2004 оноос эхэлсэн юм байна. Тодруулбал, 2004 онд Европын холбоо ЭЙРБУС гэх агаарын тээврийн компаниуд хөнгөлөлттэй зээл буюу татаасыг өгч байна гэж АНУ-ын зүгээс буруутгаж байсан юм.
Европын орнуудаас ЭЙРБУСД өгч байгаа энэ татаас нь Америкийн Бионг компанийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна гэж Вашингтоны зүгээс гомдол гаргасан юм. Үүгээр АНУ Европын орнуудаас Америкийн зах зээлд нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүнүүдэд 11 тэрбум америк долларын нэмэлт татварыг оногдуулах саналаа Дэлхийн Худалдааны Байгууллагад хүргүүлээд байжээ. Харин Дэлхийн Худалдааны байгууллага 11 тэрбум америк долларын нэмэлт татвар оногдуулах саналын үнийн дүнг буулгаж, АНУ 7.5 тэрбум америк долларын нэмэлт Европын бараа бүтээгдэхүүнд оногдуулж болно гэсэн шийдвэр гарсан байна. Дэлхийн худалдааны байгууллагын түүхэнд ийм өндөр үнийн дүнтэй татварын асуудал өмнө нь яригдаж байгаагүй гэдгийг олон улсын зарим хэвлэлд онцолсон байна. Сонирхуулахад, Цагаан ордны тэргүүн Дональд Трамп Европын автомашинуудын татварыг мөн л нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл гарчээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд