Залуу үе хар тамхины хар ангал руу унасаар байх уу?

2019-09-17

Залуу үе хар тамхины хар ангал руу унасаар байх уу?

Есөн  жилийн өмнө Монгол Улс хар тамхи дамжин өнгөрүүлэгч орон байсан бол өнөөдөр мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэгчийн төвшинд үнэлэгдэх болжээ. Үүний нэг шалтгаан нь Монгол Улсын 15 мянга орчим га талбайд есөн төрлийн мансууруулах бодис агуулсан ургамал их хэмжээгээр ургадагтай холбоотой аж. Мөн хар тамхи хил, гаалиар оруулж ирэх гэсэн оролдлогууд яагаад нэмэгдэв гэдэг асуулт, хариулт нэхэж эхэлжээ.

Үүний хариулт нь 2017 оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн най­руул­гаар энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулж байгаа ял шийтгэлийн хэмжээ багассантай холбоотой аж. Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр нэвтрүүлэхэд 10-40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10-40 сая төгрөгөөр торгох, мөн 2-8 жил хорих ялаар шийтгэдэг болжээ.

Өөрөөр хэлбэл, мансуу­руулах бодис худалдаалах, хэрэг­лэх гэмт хэрэг үйлд­сэн этгээдэд ногдуулах ялын хэмжээ багассан нь энэ төрлийн гэмт хэрэг нэмэг­дэхэд нөлөөлж буй юм байна. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг болон түүнд холбогдогчдын тоо жил бүр 30-35 хувиар тогтмол өсч, нас нь залуужиж, улмаар насанд хүрээгүй хүүхдүүд холбогдох явдал нэмэгдэж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас тогтмол сэрэмжлүүлж, анхааруулж буй юм.

Тухайлбал, 2019  оны эхний найман сарын байдлаар, улсын хэмжээнд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой нийт 169 гэмт хэрэг бүртгэгдэж, 294 холбогдогчийг шалгасан аж. Нийт холбогдогчдын 49 хувийг 19-25, 43 хувийг 26-35,  долоон хувийг 46-55 насныхан эзэлж байна.

ЭНЭ БОЛ АЮУЛ. БҮР ҮНДЭСТЭН ДАМНАСАН АЮУЛ

Энэ оны есдүгээр сарын байдлаар хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 14-18 насны зургаан хүүхэд, 18-25 насны 130 залуус, холбогдон шалгагдсанаас Ерөнхий боловсролын сургуулийн 6 сурагч , 23 оюутан байжээ.

Манай Улсад хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл тогтмол хэрэглэдэг 60 орчим мянган иргэн бий гэх төрийн бус байгууллагын албан бус судалгаа бий. Нийслэлийн эрүүл мэндийн газар болон бусад холбогдох байгууллагуудтай хамтарч хийсэн 2010 оны судалгаанаас харахад архи, тамхины хэрэглээ өсвөр үеийнхний дунд өндөр байсан бөгөөд мансууруулах эм бодисыг тодорхой хэмжээгээр хэрэглэдэг гэж хариулжээ. Нийт судалгаанд хамрагдсан хүмүүсийн 44.6 хувь нь архи, 40.3 хувь нь тамхи, 2.9 хувь нь бензин, 1,8 хувь нь каннабис, 0.9 хувь нь экстаси хэрэглэж үзсэн хэмээн хариулжээ. Энэ бол аюул. Бүр үндэстэн дамнасан аюул.

Монгол Улс нь ОХУ, БНХАУ гэсэн хоёр том хөршийн дунд өргөн уудам газар нутгаар хиллэн оршдог.  Цагдаагийн байгууллагын мэдээлснээр хар тамхины хууль бус нийлүүлэлт нь БНХАУ, ОХУ болон Зүүн хойд, өмнөд Азийн орнууд гэсэн гурван урсгалаар орж ирдэг байна. Манай улсын хойд хөрш ОХУ-д опиум, амфетамины тархалт ихтэй, зургаан сая гаруй хэрэглэгчтэй бол өмнөд хөрш болох БНХАУ-д опиумын тархалт ихтэйгээс гадна 50 сая гаруй хэрэглэгчтэй аж.  

Дорноговь аймгийн Замын-Үүдийн хилийн шалган нэвтрүүлэх боомтын рентген тоног төхөөрөмж нь хоцрогдсон байдлыг далимдуулж, гэмт хэрэгтнүүд хар тамхийг ачаа, тээш бараа бүтээгдэхүүнд нууж хилээр нэвтрүүлэх оролдлого сүүлийн жилүүдэд ихэсчээ. Үүнийгээ дагаад  хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэх арга нь улам нарийссан байна.

Тухайлбал, даавуу цаасанд шингээх, цахилгаан бараа бусад эд хэрэгсэлд нууна. Хамгийн эмзэглэмээр нь гэмгүй нэгэнд дайдаг байна. Гадаадад гэмт хэрэгт холбогдон ял шийтгэл хүлээсэн олон иргэн байгаагийн 60 хувь нь хулгай, 36 хувь нь хар тамхины хэргээр ял эдэлдэг гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, гадаадад манай иргэдийн хамгийн их үйлддэг, холбогддог гэмт хэргийн нэг нь хар тамхи аж.

Хар тамхины дамжуулагч гэгддэг байсан Монгол орон арван жилийн дотор "хэрэглэгч" улс болтлоо ахисан нь хар тамхи хэрэглэгч хvмүүсийн тоо нэмэгдсэнийг гэрчлэж байгаа хэрэг. Хамгийн гол нь эх орны ирээдүй болсон өсвөр үеийнхэн хар тамхины хэрэглэгч болсон гэх тоо баримт, судалгаа нэмэгдэж байгаа нь эмзэглэмээр.  Тиймээс хар тамхины ангал руу ямар ч хяналтгүй “унаж” байгаа залуу үеэ аварч, улс орны уураг тархиа эрүүл байлгахын тулд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл судалгаа шинжилгээнд тулгуурлан оновчтой бодлого хэрэгжүүлж, аюулгүй байдлын  зөвлөмж гаргах шаардлага тулгараад байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

980.0 мянган хүүхдэд 169.5 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ
Караокены галд өртсөн 16 хүн ГССҮТ-д эмчлүүлж байна
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Биатлоны домогт хос Хятадын шигшээг дасгалжуулж эхэллээ
Японд жаран жил тохиогоогүй гамшиг нүүрлэв
Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын U turn буюу буцах эргэлтийн хөдөлгөөнийг нээжээ
Хан-Уул дүүргийн алслагдсан хороодын иргэдэд төрийн үйлчилгээ хүрч ажиллалаа
Арван дөрвөн тарваганы арьстай хөлдөөсөн мах нийслэл рүү нэвтрүүлэхийг завджээ
Үе мөчний саажилттай ч пара бодибилдингийн ААШТ-ий цомын эзэн болсон М.Гантулга
Бага насны хүүхэд цонхоор унах гэж байсныг эсэн мэнд аварчээ
Малын хулгайтай тэмцэх хуульд ямар өөрчлөлт оруулах вэ
Филиппиний ерөнхийлөгчийн туслах иргэдийн шаардлагыг хүлээн авч нийтийн тээврээр ажилдаа иржээ
Бокс: Эррол Спенс Жуниор автомашины осолд оржээ
Халимагт Чингис хааны хөшөөг босгожээ
Мигель Диас-Канель Кубын Ерөнхийлөгч болжээ
Наоми Осака АНУ-аас татгалзаж, Япон улсын иргэн боллоо
Дорноговь аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Украины ерөнхийлөгч хамгийн урт хэвлэлийн хурал зохион байгуулж, дэлхийн дээд амжилтыг тогтоожээ
Хөрөг бүтэх агшин
Сэлбэ голын эрэг дагуу 2562м.кв талбайд амралт зугаалгын тохижилттой талбай байгууллаа