2021-06-02
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Тус тэмцээний эрэгтэйчүүдийн жин тус бүрийн аваргын тулаанд манай улсаас 56 кг-д Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, Универсиад наадмын аварга 2019 оны Азийн аваргын хүрэл медальт ОУХМ Хархүүгийн Энх-Амар, “Екатринбург-2019” дэлхийн аварга, “Жакарта-2018” Азийн наадам болон “Бангкок-2019” Азийн аварга Узбекистаны Миразизбек Мирзахалиловтой учраа таарч 3:2-оор ялснаар алтан медаль хүртлээ.
Узбекистаны боксчинд өмнө нь манай Х.Энх-Амарыг Жакартагийн Азийн наадамд ялж байсан бол 2019 оны ДАШТ-д Э.Цэндбаатарыг хагас шигшээд ялж, түрүүлэх замаа засч байв.
Энэ удаад манай Х.Энх-Амар эхний үед 3:2-оор хожигдож байсан ч сүүлийн хоёр үед илүү байснаар тивийн аваргад анх удаагаа түрүүллээ. Харин түүний дараа 60 кг-ын жинд “Ажнай” корпорацийн тамирчин ДАШТ-ий хүрэл медальт Эрдэнэбатын Цэндбаатар “Токио-2020” олимпийн эрх аваад байгаа Ираны Данияал Шахбахштай финалд учраа таарч 5:0-ээр илт давуу ялалт байгууллаа.
Ингэснээр тэрбээр Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга болж байна. Түүнчлэн 64 кг-д “Алдар” спорт хороо, “Капитрон” банкны тамирчин ОУХМ Баатарсүхийн Чинзориг алтан медаль хүртснээр манай финалд шалгарсан гурван тамирчин бүгд алтан медаль хүртлээ. Азийн наадмын мөнгөн медальт, ОУХМ Баатарсүхийн Чинзориг аваргын төлөө ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аваргын иж бүрэн медальтай Энэтхэгийн Шива Тапатай тулалдаж 3:2-оор ялалт байгууллаа.
Б.Чинзориг тивийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтан боллоо. Тэрбээр өмнө нь 2017 онд мөнгө, 2019 онд хүрэл медаль хүртээд байлаа.
Мөн энэ удаагийн Азийн аваргаас эрэгтэй 49 кг-д Охонтунгалагын Өнөболд, 69 кг-д Баттөмөрийн Мишээлт, эмэгтэйчүүдийн 51 кг-д Лутсайханы Алтанцэцэг, 54 кг-д Эрдэнэдалайгийн Мичидмаа, 75 кг-д Мөнхбатын Мягмаржаргал нар хүрэл медаль хүртлээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд