Хот хөдөөгийн хөгжлийг хамтатган хэрэгжүүлснээр төвлөрөл саарна гэдгийг онцоллоо

2023-12-04

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Удирдлагын академи, УИХ дахь МАН-ын бүлэг хамтран “Хот хөдөөгийн хөгжил 30 жилд: Ололт амжилт, тулгамдсан асуудал, гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.12.01/ Төрийн ордонд зохион байгууллаа. 

 

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах чиглэлээр Нийслэлээс хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, эрх зүйн орчны шинэчлэл”, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан “Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал”, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн (Доктор (Ph.D.), дэд профессор М.Алтанбагана "Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн орон зайн төлөвлөлт, шийдлийн зураглал, суурь концепци ба Бүс, орон нутаг, хөдөөгийн сэргэлт", Удирдлагын Академи (Доктор (PhD), дэд профессор,) Л.Ариунаа “Орон нутгийн төсвийн бие даасан байдал, төвлөрөл сааруулах асуудалд” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ. 

 

Хэлэлцүүлэгт УИХ-ын хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Сарангэрэл, Т.Энхтүвшин, Т.Аубакир, НЗДТГ, Түгжрэлийг бууруулах үндэсний хороо, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Барилга хот байгуулалтын яам,  Шинжлэх ухааны академи, Удирдлагын академи, МУИС, ХААИС, ШУТИС-ын эрдэмтэд, Дархан-Уул аймаг, Орхон, Төв аймгийн удирдлага,  орон нутгийн төлөөллүүд оролцож, асуулт асууж, үг хэллээ. 

 

 

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан зургаан зорилтын нэг нь Хот хөдөөгийн сэргэлт юм. Сэдвийн хүрээнд бид өнгөрсөн 30 жилд ямар ололт амжилт, алдаа дутагдал байсан, цаашид хот хөдөөг ижил түвшинд хөгжүүлэх ямар гарц шийдэл байгаа талаар өнөөдрийн хэлэлцүүлгээр ярилцах юм. Хэлэлцүүлэг цаашдын хөгжлийн олон асуудлын гарц шийдлийг олоход тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэдэгт итгэж байна. Өнгөрсөн  гучин жилийн хамгийн том алдаа нь нийслэлдээ бүх ачааллыг төвлөрүүлсэн  явдал юм. Тодруулбал, хүн амын 46.7 хувь, ААН-үүдийн 70.4 хувь нь төвлөрсөн хотод бид амьдарч байна. Үүнээс гарах гарц нь хөдөөг хөгжүүлэх, иргэдийг орон нутагт амьдрах боломжоор хангасан хотуудыг байгуулах юм. Тиймээс энэ чиглэлээр УИХ, Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, хууль эрхзүйн орчинг бий болгох, дэд бүтцийг хөгжүүлэх асуудал юм. Ирэх жилийн төсвийг батлахдаа орон нутгийн хөгжлийг дэмжсэн дэд бүтцийг бий болгохоор тусгалаа. Өмнө нь тойргууддаа төсөв хуваарилдаг байсан бол энэ удаа аймаг, орон нутаг, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн томоохон төслүүдийг баталсан. Мөн иргэд орон нутагтаа амьдрах нөхцлийг сайжруулж, их дээд сургуулиудыг шилжүүлэх зэрэг асуудлыг хэрэгжүүлж эхлээд байна” гэв.

 

Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан “Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр илтгэлээ. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас хотын асуудлыг хөдөөгийн хөгжилтэй уялдуулах, хөдөөгийн бодлогыг дэмжих, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, улмаар түгжрэлийг бууруулахад нөлөөлөхүйц шийдвэрийг шат дараатай хэрэгжүүлж байна. Нийслэлийн түгжрэлийг үүсгэж буй гол шалтгаануудад  хот руу чиглэж буй шилжилт хөдөлгөөн, хүн амын механик өсөлт болох нь судалгаагаар харагдаж байгаа. 

 

Монгол Улс 1990 оноос өмнө иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хүн амын төвлөрсөн хяналтад байлгадаг, иргэдийн нүүх эрх нь хязгаарлагдмал байснаар хот хөдөөгийн хүн ам тэнцвэртэй байсан. Харин зах зээлийн нийгэмд шилжсэнээр амьдралын таагүй нөхцөл, боловсрол, эрүүл мэндийн тэгш хүртээмжгүй байдал, эдийн засгийн нөхцөл зэргээс шалтгаалж хотыг зорих иргэдийн тоо өссөн. Улаанбаатар хот болон бусад аймаг, орон нутаг руу өнгөрсөн 2013-2022 онд шилжилт хөдөлгөөн их явагдсан эхний 6 аймагт Дархан-Уул аймгаас 23.349, Орхон аймаг 23.033, Төв аймаг 19.951, Сэлэнгэ аймаг 19.763, Өмнөговь аймаг 14.548, Дорноговь аймгаас 14.350 иргэн  шилжсэн судалгаа байна. Улаанбаатар хот нийт нутаг дэвсгэрийнхээ 0.3 хувьд хүн амын 55 хувь нь амьдарч, их дээд сургуулийн 86 хувь, ААН-ийн 76 хувь нь төвлөрч, ДНБ-ий 65 хувийг дангаараа үйлдвэрлэж байна.  Энэ нь   нийслэлд ямар их төвлөрөл үүссэнийг харуулж байна. Засгийн газраас төвлөрлийг сааруулах бодлогыг үе шаттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдын цалинг 20-80 хувиар нэмэгдүүлэх, орон сууц худалдан авах иргэнд гурван хувийн хүүтэй ипотекийн зээл, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг олон арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байна. Мөн Хөдөө орон нутаг дахь зам харилцаа, цахилгаан, дулаан, эрчим хүч, төвийн дулаан, цэвэр бохир усны шугам сүлжээний шинэчлэлт хийх, хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, өргөтгөх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байна. Ингэснээр бид цаашид төвлөрлийг сааруулах боломжтой гэж үзэж байна ” гэв.

 

Энэ удаагийн хэлэлцүүлэгт Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах чиглэлээр Нийслэлээс хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, эрх зүйн орчны шинэчлэл” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Тэрбээр “Нийслэл хотын анхны төлөвлөөг 1954 онд баталсан. Энэ хооронд дөрвөн удаа төлөвлөгөөнд  тодотгол хийсэн. Харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг зөрчсөөр ирсэн. Иймд хот төлөвлөлтийн шинэчлэлтийн хийж, 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байна. Хот хөдөөгийн хөгжил хамт явж байж хотын төвлөрөл, түгжрэлийг сааруулах боломжтой гэж үзсэн. Үүний хүрээнд дагуул хотыг бий болгох нь зүйтэй гэж үзлээ. Ингэхийн тулд Толгойт, Баянхошуу, Дэнжийн мянга, Сэлбэ, Шархад, Дамбадаржаа гэсэн зургаан дэд бүтцийг байгуулах ажлыг эхний ээлжинд зохион байгуулж байна. Эдгээр дэд бүтцийг түшиглэж хотын төлөвлөгөөг хийх юм. Эхний ээлжид Сэлбэ, Баянхошуу орчмын дэд бүтцийг ашигласан микрорайоныг байгуулах ажлыг эхлүүлнэ. Иргэдтэй зөвшилцөж, Сэлбэ орчмын 2000 гаруй айлын газрыг чөлөөлснөөр 12 мянган айлыг орон сууцаар хангаж, дараагийн газрыг чөлөөлөх зэрэг ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Хамгийн чухал нь орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэргийг байгуулж, иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг хангах эрхзүйн зохицуулалтыг хийхээр ажиллаж байна” гэлээ.

 

Энэ удаагийн хэлэлцүүлэгт орон нутгийн төлөөллүүд оролцож, орон нутгийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлаа. 

 

 

Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан “Өнөөдрийн хэлэлцүүлэгт сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцлээ. Тодруулбал, Дархан-Уул аймаг нь газарзүйн байршил, тээвэр логистик, дэд бүтцийн хувьд Улаанбаатар хотын ачааллаас хуваалцах боломжтой. Мэдээж иргэн, гэр бүл, ААН-үүд шийдвэр гаргаад орон нутагт шилжин суурьшихад хамгийн чухал нь ажлын байр, орон сууц юм. Уг бодлогын хүрээнд Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ  Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ  10 мянган айлын “Залуус-1,2”  хорооллын төслийг  эхлүүлж, дэд бүтцийн ажлыг явуулж байна. Удахгүй төр, хувийн  хэвшлийн түншлэлийн хүрээнд хямд үнэтэй барилгыг барина. Орон нутаг өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд татварын таатай орчин, төрөөс үзүүлэх дэмжлэгийн дагуу энэхүү ажлуудыг гүйцэтгэнэ” гэсэн юм. 

 

Орхон аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Ганзориг  “Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулиар Эрдэнэтийг хот болгох боломж бүрдсэн. Хот болсноор хэд хэдэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Тухайлбал, газар нутгийн хэмжээг томсгосноор иргэдэд үнэ төлбөргүй  газар өмчлүүлэх боломжтой юм. Мөн хотын татварыг ИТХ-аар батлуулж, төсвийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой болно гэж үзсэн. Гэвч одоогоор улсын зэрэглэлтэй хот болох эсэх нь батлагдаагүй байна” гэв. 

 

Мөн энэ удаагийн хэлэлцүүлэгт ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн М.Алтанбагана (Доктор (Ph.D.), дэд профессор,) оролцож, "Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн орон зайн төлөвлөлт, шийдлийн зураглал, суурь концепци ба Бүс, орон нутаг, хөдөөгийн сэргэлт" сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр “Улаанбаатар хотын ачааллыг хуваалцах бүс нутгийн түвшний хотууд хэрэгтэй байна. Түүнийг бид газарзүйн байршлын хувьд судалж, тодорхойлсноор  таван зэрэглэл, статус бүхий хот байгуулах ёстой гэж үзсэн юм. Эдгээр хотуудыг газарзүйн байршлын судалгаанд үндэслэн Дархан, Ховд, Улиастай, Чойбалсан, Даланзадгад зэрэг хотууд гэж тодорхойллоо. Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэр, инноваци, эрүүл мэнд, дээд боловсрол зэргээр чиг үүргийг нь тодорхойлсон хотуудыг бий болгосноор төвлөрлийг сааруулна гэж үзэж байна. Ингэснээр бүх үйлчилгээг орон нутгийн иргэдэд бүс нутагтаа авах боломжтой болох юм. Одоогоор иргэд 2000 км-ээс Улаанбаатарт ирж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авч байна. Өнөөгийн Улаанбаатар хотын төвлөрөл бол хүн амын төвлөрөл гэхээсээ илүүтэй нийгэм, соёл, үйлчилгээний төвлөрөл юм. Тиймээс орон нутагт эдгээр татах хүчийг орон нутагт оновчтой байршуулах нь чухал байна” гэв. 

 

Хэлэлцүүлгийг дүгнэж, УИХ-ын хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Ж.Батжаргал хэлсэн үгэндээ “Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлүүд чухал байснаас гадна судлаач, оролцогчид өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж, олон санал, санаачилга дэвшүүлснээр амжилттай болсныг онцоллоо. Тэрбээр мөн “Монгол Улс сүүлийн 30 жилийн үйл явцад бодитой дүгнэлт хийхэд анхаарах зүйл нь бодлогын тогтворгүй байдал, төлөвлөлтийн тогтворгүй байдал байсан гэдгийг хэлмээр байна. Тиймээс хөгжилд тушаа болсон зургаан зүйлийг тодруулж, ойрын 30 жилийн төлөвлөөг боловсруулж ажиллаж байна. Бид суурин амьдралын хэв маягт нийцэж амьдрах эрхзүйн зохицуулалтыг орхигдуулсаар ирсэн. Тодруулбал,  500 мянган хүн амтай хот төлөвлөлттэй байсан бол 1.6 сая иргэн болтлоо өссөн байна. Энэ нь төвлөрөл ямар хэмжээнд байгаа вэ гэдгийг харуулж байна. Тиймээс энэ алдааг засч, бүс нутгийн хөгжлийг шинжлэх ухааны үндэслэлтэй зөв төлөвлөх ёстой” гэдгийг тодотголоо. 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй