Ж.Чинбүрэн: Ойрын 20-30 жилд хорт хавдрын өвчлөл, нас баралт нэмэгдэх тооцоололтой

2019-04-05

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, тус байнгын хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Ц.Цогзолмаа нар /2019.04.03/ Хавдар судлалын үндэсний төв эмнэлэгт ажиллав.

Эмнэлгийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцахын зэрэгцээ эмч нартай уулзаж, санал бодлыг нь сонсохоор ийнхүү ажилласан юм.

Эхлээд тус эмнэлгийн Ерөнхий захирал Ж.Чинбүрэн хорт хавдрын өвчлөл, нас баралт, эмчилгээ, мэс засал, тусламж үйлчилгээ, үзлэг, оношлогоо, шинжилгээний өнөөгийн байдлын талаар тоо баримт бүхий мэдээлэл танилцуулга хийлээ.

Элэгний хорт хавдрын өвчлөл болон нас баралтаар Азийн орнууд, дэлхийн дундажтай харьцуулахад манай улс тэргүүлж байгаа төдийгүй хорт хавдартай гэсэн онош сонссон хүмүүсийн 65 хувь нь нэг жил хүрэхгүй хугацаанд нас бардаг бол дэлхийн дундаж эсрэгээрээ 60 гаруй хувь нь гурав буюу түүнээс дээш жил байна. Манайд хожуу шатандаа оношлогддог учир ийм ялгаа гардаг. Ойрын 20-30 жилд Монгол Улсад хорт хавдрын өвчлөл, нас баралт нэмэгдэх тооцоололтой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч гурван эрэгтэй тутмын нэг нь, таван эмэгтэй тутмын нэг нь хорт хавдраар өвдөнө гэдэг таамаглал дэвшүүлсэн. Тиймээс зогсоо зайгүй урьдчилан сэргийлэх болон эрт илрүүлгийн мэдээлэл түгээж, ард иргэдийг энэ талын боловсрол мэдлэгтэй болгох шаардлага байна гэж Ерөнхий захирал танилцуулгадаа дурьдлаа.

Тус эмнэлэг Мэс заслын таван тасагтай ч таван тасгийн дунд мэс заслын дөрвөн өрөөтэй. Өрөөнүүдээ дээд хүчин чадлаараа ашигладаг ч мэс засал хийлгэх хүмүүсийг доод тал нь долоогоос дээш сар орчим хоногоор хүлээлгэж байгааг мэдээлсэн.

Тэрбээр мөн дэвшилттэй тал байгааг мэдээлэлдээ онцоллоо. Тухайлбал, мэс засал хийлгэсэн хүмүүсийн хагалгаа амжилттай болж, эмчилгээ авч байгаа тоон үзүүлэлт жилээс жилд нэмэгдэж 2018 онд 98 хувьд хүрсэн. 2007 онд 1150 хүнд мэс засал хийсэн бол энэ тоо өссөөр 2018 онд 2859 хүнд мэс засал хийсэн. Урьдчилсан таамаглалаар 2023 онд 3159 мэс засал хийгдэнэ гэж тооцвол мэс заслын өрөөний хүлээгдэл цаашид улам нэмэгдэхийг онцлон дурьдаад тус эмнэлгийн хамт олон байгаа төсвөө хэрхэн олон хүнд хүргэх вэ гэдэгт бүх анхаарал, боломж нөөцөө дайчлан ажиллаж буйг хэллээ.

Үүний дараа нь эмч нар санал бодлоо хэлэв.

Толгой, хүзүүний мэс заслын тасгийн эрхлэгч Г.Пүрэвдорж, “Хүнд өвчтэй хүнд нэг хоног ч урт хугацаа болдог. Эмнэлгийн барилга анх ашиглалтад ороход стандартын дагуу тоноглосон хагалгааны хоёрхон өрөөг төлөвлөсөн ч хүлээгдэл дийлдэхээ больсон учир 2000 оноос дээрх хоёр өрөөний үүдний өрөөг тохижуулж, дөрвөн өрөөтэй болсон. Өрөөний хүлээгдлээс болж тухайн өдөрт төлөвлөсөн мэс заслаа дуусгахын тулд эмч нар наанадаж 21.00, цаад тал нь шөнө “Төрийн дуулал” эгшиглэхтэй зэрэгцэн ажлаа дуусгадаг. Мэдэхгүй хүнд энэ байдал эмч нарыг ажлаа удаан хойрго хийдэг, эсвэл ажлаа хийж чаддаггүй юм шиг харагдуулдаг байх” хэмээн бэрхшээлээ тоочлоо.

Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Р.Ганбаатар, “Манай эмнэлэгтэй хамтын ажиллагаатай БНСУ-ын Корей их сургуулийн “Анам” эмнэлгийн ерөнхийлөгч 2018 онд 22 мянган хүн Монголоос ирж эмчилгээ, үйлчилгээ авсны 30 орчим хувь нь хорт хавдартай, нэг хүнд мэс засал хийсэн өртөг монгол мөнгөөр 50 сая төгрөг гэж хэлсэн. Тэгсэн хэрнээ мэс заслын чанар, амжилт нь манайхтай яг адилхан. “Анам” эмнэлгийн мэс заслын дараах нас баралт манай эмнэлэгтэй ойролцоо байдаг.

Бидний эмчилгээг голсондоо ард түмэн тэгж яваагүй юм билээ. Манайд тэр хөгжилтэй орнууд шиг аятай, тухтай үйлчилгээ үзүүлэх орчин алга, Гэтэл ийм үйлчилгээ, сувилгаа заавал хэрэгтэй. Энд нэг өрөөнд дөрөв тавууланг нь шахдаг бол “Анам” эмнэлэгт нэг өрөө нэг л өвчтөнд зориулагдсан. Бидэнд хамгийн хэрэгтэй байгаа зүйл одоо хүрэлцээтэй, багтаамжтай байр савны л асуудал байна. Нөгөө талаар эмч, ажилчдын цалин хөлс гээд системийн өөрчлөлт хийх шаардлага байна уу гэвэл тийм. “Анам” эмнэлэгт мэс заслын өндөр өндөртэй багажийг ажиллуулан мэс засал хийдэг өндөр мэргэжлийн эмч 70 сая төгрөгийн цалинтай байхад манайд дээд тал нь сая төгрөгийн цалин авдаг” гэлээ.

Эм зүйн албаны эрхлэгч Ж.Жавхлан, “Эм. Эмнэлгийн хэрэгслийн төсвийн хүрэлцээгүй байдал хүндрэлтэй хэдий ч бид боломж нөөцөөрөө гал алдахгүй шийдвэрлээд явдаг. Сүүлийн үед бай эмчилгээ хэмээх шинэ төрлийн эмчилгээ нэвтэрсэн ч өндөр өртөгтэй учир бид иргэдийн хувиараа олж ирсэн эмийг эмчилгээнд нь ашиглаж байна. Цаашид энэ эмийг эрүүл мэндийн даатгалд хамруулах замаар бай эмчилгээ, дархлаа эмчилгээ зэрэг шинэ тутам нэвтэрч буй дэвшилттэй эмчилгээг нутагшуулахад төсвийн дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Мөн эмнэлгийн ачаалал хэдэн арав дахин нэмэгдсэн байхад эм, эмнэлгийн хэрэгсэл хадгалах агуулах талбайн хэмжээ нэмэгдээгүй нь бидний ажилд хүндрэл учруулдаг” хэмээлээ.

Үг хэлсэн эмч нар хавдрын тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэхэд байрны хүрэлцээгүй, дутмаг байдал гол бэрхшээл үүсгэж, мэс заслын хүлээгдэл буурахгүй байх үндсэн шалтгаан болж байгаа төдийгүй мэс заслын хэт ачаалал нь халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэл үүсгэж буйг анхааралдаа авч ажиллахыг хүслээ.

Мөн улсын хэмжээнд хамгийн өндөр хүчин чадалтай цөмийн энерги ашигладаг цорын ганц эмнэлэг, цорын ганц объект болох тус төв эмнэлэг тойруулаад хувийн хэвшлийн байгууллагуудын барилга байшинд хашигдаж, баруун талаасаа ганцхан орц, гарцтай болсон нь хүнд өвчтэй хүмүүсийг чирэгдүүлэх төдийгүй болзошгүй гамшиг аюулаас сэргийлэх, яаралтай тусламж авах бүхий л боломжийг хаасныг хэлсэн.

Эмч, ажилтнуудын үгийг сонссоны дараа УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Хавдар судлалын үндэсний төв эмнэлэгийн үйл ажиллагаа, газар авсан хорт хавдар өвчинтэй тэмцэх чиглэлээр Монголын төр засаг ямар шийдвэр гаргаж, бодлого хэрэгжүүлдэг талаар Ерөнхий сайдад асуулга тавьсан байгаа. Асуулгын хариуг дөрөвдүгээр сарын 05-нд хаврын ээлжит чуулган эхэлсний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсож, төр засаг ямар бодлого хэрэгжүүлж, ямар үүрэг хүлээн ажиллах шаардлагатай байна, тэр түвшинд ажиллахыг шаардана. Байнгын хороон дээрээ энэ талаар хөндөж ярина. Шаардлагатай бол УИХ-ын нэгдсэн чуулганаас тогтоол гаргаж, Засгийн газарт саналаа хүргүүлнэ. Эмнэлгийн барилга байшингийн багтаамжгүй байдал эмчилгээ, үйлчилгээнд сөргөөр нөлөөлж байгааг эмч та бүхэн төдийгүй эмнэлгээр үйлчлүүлж буй иргэн бүр хэлдэг. Үхэлтэй өрсөлдөж байгаа хүмүүст 20 хоног хүлээнэ гэдэг маш урт хугацаа. Тиймээс байрны асуудлыг шийдвэрлэх гэх зэрэг олон чухал шийдвэрийг Монголын төр монголын ард түмний төлөө гаргах ёстой, энэ чиглэлээр эцсийн үр дүнг үзэх хүртлээ хамтран ажиллана” гэв.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, “Зөвхөн нэг тасгийн мэс заслын хүлээгдэл дөрвөн долоо хоног байгаагаас харахад л эмнэлгийн байр савны асуудалд төр засаг зайлшгүй анхаарахаас өөр аргагүй болсон байна. Байрны асуудлыг Байнгын хорооноос салбарын яам, Засгийн газартайгаа хамтраад шийдвэрлэх найдвар бий гэж харж байгаа. УИХ дахь эмэгтэй бүлгийн гишүүд энэ асуудлаар дуу хоолой болж ажиллана” гэлээ.

Уулзалт, ярилцлагын үеэр эмч нар болон УИХ-ын гишүүд эмнэлэг ачааллаа дийлж ажиллан, хүлээгдэл чирэгдлээ бууруулахын тулд 1982 онд ЗХУ-ын тусламжаар ашиглалтад орсон одоогийн байраа шинэчлэх шаардлагатай гэдэгт санал нэгдлээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол уулзалтын төгсгөлд дагалдан ажилласан Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнд энэ долоо хоногтоо багтаан ХСҮТ эмнэлгийн урд талд хувийн хэвшлийн барьж буй хавдрын эмнэлгийн зориулалттай 13 давхар барилгыг улсад авах асуудлын талаар ажлын хэсгийн ахлагчийн хувьд Байнгын хороонд танилцуулж, цаашид яаралтай шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах үүрэг, чиглэл өглөө.

Энэхүү уулзалтын үеэр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн ХСҮТ эмнэлгийн урд талд барьж буй эмнэлгийн зориулалттай 13 давхар барилгыг улсад авах ажлыг судлах ажлын хэсгийн ахлагчийн хувьд товч мэдээлэл хийсэн. Тэрбээр, Мэргэжлийн хяналтын байгууллага зэрэг холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаад, концессийн гэрээгээр улсад авах боломжтой гэсэн санал урьдчилсан байдлаар гарч байгаа талаар мэдээлэл өглөө.

ХСҮТ эмнэлгийн үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдалтай танилцсан энэхүү ажлын төгсгөлд Байнгын хорооны дарга, гишүүд эмнэлгийн тасгуудаар явж, эмчилгээ үйлчилгээний нөхцөл байдлыг харсны зэрэгцээ тус эмнэлгийн урд талд барьж буй 13 давхар эмнэлгийн зориулалттай барилгыг үзэж танилцлаа.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй