"Дотоодын үйлдвэрээс авах боломжтой барааг тусад нь багцалж тендер зарлана"

2019-03-26

"Дотоодын үйлдвэрээс авах боломжтой барааг тусад нь багцалж тендер зарлана"

Нийгэмд хүлээлт болсон хуулиудын нэг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа.

Хуулинд орсон гол өөрчлөлтүүдийн талаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.


-Ер нь энэ хуулийн зохицуулах хүрээ нь юу вэ? Энэ нэмэлт өөрчлөлтийн давуу тал нь юу байна.

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль нь төсөв батлагдсанаас хойш тендер шалгаруулалтыг хэрхэн зохион байгуулж, шалгарсан тендерт оролцогчтой гэрээнд гарын үсэг зурах хүртэлх харилцааг зохицуулдаг. Өнөөдрийн үйлчилж байгаа хуулийг 2005 онд баталсан бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 23 удаагийн өөрчлөлт оруулсан байдаг.

Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, тендер шалгаруулалтын зохион байгуулалтыг хурдан шуурхай болгох, авлига ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, худалдан авах ажиллагаанд цахим систем ашиглахыг боловсронгуй болгох, үндэсний үйлдвэрлэл, дотоодын бизнесийг дэмжих, гэрээний үүргээ биелүүлээгүй этгээдийг тендерт оролцох эрхийг хязгаарлах хар жагсаалт бүртгэх, олон улсын байгууллагуудад өргөн хэрэглэж байгаа урьдчилсан худалдан авах тогтолцоог нэвтрүүлэх зохицуулалтуудыг оруулсан. Тендер тойрсон авлига, хүнд суртал, шат дамжлагыг бууруулсан нэг тогтолцоотой, худалдан авах ажиллагааны нэг газартай, тэр нь төрийн хяналттай байх зэрэг нэлээд том шинэчлэл хийгдэж байна.

-Хууль батлагдсан өдрөөсөө эхэлж мөрдөгдөж амжих уу?

-Хууль ирэх 6 сарын 1-ээс эхлэн хэрэгжиж эхэлнэ. Хууль батлагдсантай холбогдуулан Засгийн газраар Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл хөтлөх журам, Тендерт оролцогч нарын материалыг тухайн оролцогч нарт ил болгох журам, Цахим худалдан авах ажиллагааны журам, Гомдол маргааны хянан шийдвэрлэх журам, Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм гэсэн 5 журам батлагдах ёстой. Хуулийн хэрэгжих хугацааг аль болох наашлуулах санал их гарсан л даа. Гэхдээ Хууль тогтоомжийн тухай хуулиар хууль, тогтоол, журмын төслүүдийг цахим системд 30 хоног байршуулж санал авах ёстой. Дээрх 5 журмыг боловсруулж цахим системд байршуулах 30 хоног, батлах хугацаагаа тооцоход хуулийн хэрэгжих хугацаа үүнээс илүү наашлуулах боломжгүй.

-Энэ хуулиар дотоодын үйлдвэрлэлийг нэлээд дэмжиж байгаа гэж сонссон. Та дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?

-“Чанар стандартын шаардлага хангасан, дотоодын үйлдвэрээс авах боломжтой барааг импортын бараанаас  тусад нь багцлах”-аар хуульчилж өглөө. Дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг үйлдвэрлэл эрхэлсэн төрийн захиргааны байгууллага боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар батлуулна. Тогтоолын хэрэгжилт, үр дүнд жил бүр үнэлгээ шинжилгээ хийж, шаардлагатай бол нэмэлт, өөрчлөлтийг тухай бүр оруулахаар хуульчилсан. Үүнээс гадна тендерийн шалгаруулалтанд инновацийн бүтээгдэхүүний үнийг 25 хувиар бууруулж тооцохоор тусгаж байгаа. Мөн ерөнхий гэрээгээр дамжуулан дотоодын үйлдвэрлэлийг дэмжих боломж бүрдэж байгаа. Жишээ нь төрийн байгууллагууд, төрийн өмчит компаниудын хэрэглэдэг гутал, зөөлөн эдлэлийн худалдан авах ажиллагааг нэгтгэн дотоодын үйлдвэрлэгчдийн дунд худалдан авах ажиллагааг зохион байгуулж шалгарсан үйлдвэрлэгчтэй 3 хүртэлх жилийн хугацаатай гэрээ байгуулах боломж бүрдэнэ. Дотоодын үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа ч тогтворжино. Ингэж дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэнээр ажлын байр олноор нэмэгдэж, тэр хэмжээгээр ажилтай, орлоготой өрхийн тоо нэмэгдэнэ. Түүнээс гадна гадагшаа урсах валютыг хязгаарлах боломж бүрдэнэ. 2017 онд төсвийн 1,4 их наяд төгрөгийн худалдан авалт хийснээс 46,7 тэрбум төгрөгөөр дотоодын үйлдвэрүүдээс худалдан авалт хийсэн байна. Өөрөөр хэлбэл 96,7 хувь нь импортын бараа, 3,3 хувь нь үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдан авсан нь  Монгол Улсын валютын нөөцийг гадагш нь экспортолж, дотоодын бизнесийн орон зайг хумьж, Монголынхоо нийгмийн баялгийг үнэгүйдүүлж байгаа бодит жишээ. Ер нь бол татварын хөнгөлөлтөөс өөрөөр дотоодын үйлдвэрлэлийг дэмжих нэг том хөшүүрэг нь Засгийн газрын худалдан авах ажиллагаа л даа. Ингэж үндэсний үйлдвэрлэлдээ давуу эрх олгож зөвхөн үнээр бус чанараар нь хооронд нь өрсөлдүүлснээр дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний чанар, стандартыг улам сайжруулж илүү өрсөлдөх чадвартай болгоно гэсэн үг л дээ.

-Ерөнхий гэрээний талаар?

-Ерөнхий гэрээ гэж захиалагч нь байнгын хэрэгцээтэй бараа, ажил, үйлчилгээ үзүүлэгчтэй 3 хүртэл жилийн хугацаанд үнэ болон бусад нөхцөлийг тохирч байгуулсан гэрээг хэлээд байгаа юм. Байнгын хэрэгцээтэй бараа, ажил, үйлчилгээг ингэж худалдан авах нь цаг хугацаа, зардал хэмнэж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Тухайлбал: Анх удаа Ерөнхий гэрээний худалдан авах ажиллагааг 2018 онд нийт 16 нэр төрлийн нийт 5 тэрбум төгрөгийн өртөгтэй эмийн  тендер шалгаруулалтыг туршилт байдлаар зарласан байна. 16 нэр төрлийн эмийг 4.8 тэрбум төгрөгийн худалдан авалт хийгдэж 325 сая төгрөгийн хэмнэлт гарсан байна. Нөгөө талаас дотоодын үйлдвэрлэгчдийг ерөнхий гэрээгээр дамжуулан дэмжих боломж бүрдэнэ. Дотоодын бараа үйлдвэрлэгчдийн дунд тендер зарлаж, шаардлага хангасан тохиолдолд цахим дэлгүүрт байршуулан тухайн барааг худалдан авна. Ерөнхий гэрээгээр худалдан авахаар заасан барааг өөр этгээдээс худалдан авахыг хориглоно гэж хуулийн төсөлд заасан тул захиалагч тухайн төрлийн барааг худалдан авахдаа зөвхөн ерөнхий гэрээнд шалгарсан дотоодын үйлдвэрлэгчдээс авах боломжийг бүрдүүлж байгаа юм.

-Орон нутгийн аж ахуйн нэгжийг дэмжих талаар зүйл заалт бий юу?

-Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд орон нутгийн аж ахуйн нэгжийг дэмжих зохицуулалт байдаг. Хуулийн 10 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт орон нутагт үйлдвэрлэсэн бараа, материал, үзүүлж байгаа үйлчилгээг хамгийн ихээр ашигласан бол түүний ирүүлсэн тендерийн Монгол Улсын гарал үүсэлтэй барааны хэсгийн үнийг 10 хувиар тооцон давуу эрхийн зөрүү тооцуулах боломжтой.

-Бие даасан мэргэжлийн байгууллагатай болохоор батлагдсан уу? Ямар давуу тал үүсэх бэ?

-Засгийн газрын худалдан авах ажиллагааны агентлагтай байхаар өөрчлөлт оруулсан. Одоогийн зохицуулалтаар Төрийн өмчийн асуудалтай хамтатгасан нь тендер зохион байгуулсан байгууллага өөрөө тухайн өмчийг бүртгэж авах тогтолцоог бий болгоод байгаа. Тиймээс хуулинд өөрчлөлт орсноор худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь бие даасан бүтэцтэй болж, хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломжтой болно гэж үзэж байна.

-Хамгийн бага үнэ санал болгосон тендерийг шалгаруулж, чанаргүй ажил хийгдэж, чанаргүй бараа бүтээгдэхүүн авдаг байсныг халлаа гэж ойлгож болох уу?

-Хуулийн “Тендерийг хянан үзэх гэсэн 27 дугаар зүйл”-д заасан ерөнхий шаардлага буюу чадавхийн шаардлага, санхүүгийн шаардлага, техник тоног төхөөрөмж, ажиллах хүчний чадавх,  туршлага болон техникийн тодорхойлолт буюу ажлын даалгавар хангасан тендерүүдээс хамгийн хэмнэлттэй байх зарчмаар сонгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан. Энэ нь дэлхийн улс орон, олон улсын байгууллагуудын худалдан авах ажиллагаанд мөрдөгддөг нийтлэг зарчим юм. Өөрөөр хэлбэл бүх шаардлагыг хангасан тендерт оролцогчдоос хамгийн бага харьцуулах үнэтэй оролцогчийн сонгон шалгаруулна. Хэдий бага үнэ санал болгосон ч гэсэн дээр дурдсан ерөнхий нөхцөл, шаардлагыг хангаагүй бол шалгарах боломжгүй гэсэн үг л дээ.

-УИХ-ын нэгдсэн чуулган болон байнгын хорооны хэлэлцүүлгээс харахад гишүүд төсвийн хөрөнгөөр чанаргүй барилга баригдаж байна. Хариуцлагын заалт орсон уу гэж их асууж байсан.Энэ дээр та хариулт өгөхгүй юу?

-Тендерийн хууль нь төсөв батлагдсанаас хойш тендер шалгаруулалтыг хэрхэн зохион байгуулж, шалгарсан тендерт оролцогчтой гэрээнд гарын үсэг зурах хүртэлх харилцааг зохицуулдаг гэж дээр хэлсэн. Чанарын болон гүйцэтгэлийн асуудлууд гэрээ байгуулснаас хойш гардаг. Барилгын тухай хууль зэрэг холбогдох хуулиар тухайн барилга байгууламжийн гүйцэтгэлд хяналт тавих асуудал зохицуулагдсан байна. Барилгын гүйцэтгэлд зураг төсөв зохиогчийн хяналт, захиалагчийн байгууллагын хяналт, тухайн шатны Газрын харилцаа, барилга хот байгуулалт хариуцсан нэгж, улсын хэмжээнд Барилга хөгжлийн төв хяналт тавин ажилладаг. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих эрх, үүргийг захиалагчид олгосон байдаг тул захиалагчийн зүгээс гэрээний хэрэгжилтэд тавих хяналтаа зохих ёсоор хэрэгжүүлж гэрээний үүргээ зөрчсөн этгээдэд хуулийн хариуцлага тооцдог байх шаардлагатай байна. Иймээс Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжийн тендерт оролцох эрхийг хязгаарлаж хар жагсаалтад оруулах шинэ зохицуулалтыг тусгаж байна.

-Хар жагсаалтыг сэргээсэн явдалд ажлын хэсгийн ахлагч Оюунхорол гишүүнд талархаж байна гэсэн мэдээлэл нэлээд явж байсан шүү. Хар жагсаалт гэдгийн талаар тайлбарлахгүй юу?

-Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журмыг Сангийн яамнаас боловсруулан Засгийн газраар батлуулах зохицуулалтыг шинээр нэмж байна. Хууль батлагдаж гарсны дараа Сангийн яам журам боловсруулж батлуулах ёстой. Өөрөөр хэлбэл төсвийн мөнгөөр чанаргүй барилга барьсан, бараа үйлчилгээ нийлүүлсэн ААН-ийн хар данс хөтлөгдөнө гэсэн үг. Хар жагсаалтанд орсон байгууллага тодорхой хугацаагаар төрийн мөнгөөр ажил үйлчилгээ хийх эрхгүй болох юм.

Мөн хуулийн төсөлд барилга байгууламжийн гүйцэтгэлийн явцад олон нийтийн хяналтыг бий болгох үүднээс гүйцэтгэгчийн гэрээний үүргийн биелэлтэд чанар болон гүйцэтгэлийн хяналт тавьж, явцын мэдээллийг хагас жил тутам худалдан авах ажиллагааны цахим системд оруулж байхаар тусгасан. Ингэж худалдан авах ажиллагааны гэрээний гүйцэтгэлийн мэдээллийг ил тод болгосноор иргэдийн хяналт, сайжирч гэрээний гүйцэтгэл, үр дүн тодорхой хэмжээнд дээшилнэ гэж үзэж байна.

-Техникийн тодорхойлолт, ажлын даалгавар буруугаас  чанаргүй барилга баригдаж байгаа асуудлыг нэг мөр шийдэж өгөх ёстой гэж зарим гишүүд үзэж байсан?.

-Барилга байгууламжийн зураг, төсөв, ажлын даалгаврыг тухайн салбарын тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий этгээд боловсруулж, холбогдох байгууллагаар хянан баталгаажуулж байгаа. Тухайн барилга байгууламж нь сум орон нутаг, аймаг нийслэлд ямар байдлаар хийгдэж байх нь тухайн салбарын стандартын асуудал л даа. Нэгдсэн байдлаар үндэсний стандарт гаргаж, мөрдөх нэн шаардлагатай байгаатай санал нэг байгаа. Жишээ нь хэдэн хүн амтай хороо, суманд ямар багтаамжтай сургууль, цэцэрлэг байх ёстой юм.  640 хүүхдийн сургууль гэхэд барилгын бүтээц хийцээс эхлээд чанарын шаардлага тусгасан нэг стандарт байх ёстой. Хэдэн анги танхим, хэр хэмжээний спорт заал, урлаг заал, гал тогоо, ариун цэврийн өрөө байхын. Ямар өртгөөр нийслэлд баригдах ёстой юм, алслагдсан хөдөө орон нутагт тээврийн хөлс тооцдог хувьсагчаар үржүүлээд л өртөг нь гардаг баймаар байна. Тэгэхгүй бол барилга бүр дээр зураг төсөв гээд бас л их мөнгө урсаж байна.

-Гомдол гаргахад барьцаа байршуулна, цаашлаад хураалгах тухай асуудал байна уу?

-Худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, хурдан шуурхай болгох, авилгаас ангид байлгах нь энэ нэмэлт өөрчлөлтийн гол агуулгын нэг л дээ. Үүний тулд тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн саналыг тухайн тендерт оролцсон этгээдүүдэд ил болгох зохицуулалтыг тусгасан. Өөрөөр хэлбэл тухайн тендерт оролцогчид материалаа харьцуулан үзэх боломж нь нээлттэй болно. Ингэснээр тендер шалгаруулалтын үнэлгээ хуулийн дагуу, шударга явагдсан эсэх талаар гомдол маргаан гаргахаас өмнө өөрсдөө хяналт тавих боломж бүрдэнэ. Хэрвээ үнэлгээ буруу явагдсан гэж үзвэл гомдол маргаан гаргаж болно. Гэхдээ гомдол гаргах харилцааг хариуцлагатай болгох үүднээс тендерт оролцогчийн гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд хуулийн 55.5-д заасан барьцаа төлбөрийг улсын орлого болгоно. Барьцаа төлбөрийн хэмжээг тухайн тендер шалгаруулалтанд оролцогчийн санал болгосон үнийн дүнгийн 1 хувиар тооцох бөгөөд дээд хэмжээ нь 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар тусгасан. Ингэснээр үнэн худал гомдол гаргаад төрийн ажлыг гацаадаг асуудал багасна гэж үзэж байна. Худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол гаргасан байдлыг авч үзвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт 2017 онд 133, 2018 онд 198, Сангийн яаманд 2017 онд 813, 2018 онд 1187, Захиргааны хэргийн шүүхэд 2017 онд 38, 2018 онд 61 гомдол  гаргасан байна.

-Гомдол гаргах, ирсэн гомдлыг шийдвэрлэх хугацаануудад өөрчлөлт орсон байх аа?

-Сонгон шалгаруулалтыг хурдан шуурхай болгох үүднээс гомдол гаргах, шийдвэрлэх хугацааг шат шатанд нь өөрчилсөн. Гомдлыг тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан заалт оруулсан, өрсөлдөх тэгш боломжийг хангаагүй гэж үзсэн тохиолдолд тендерийн нээлт хийхээс  10-аас доошгүй хоногийн өмнө  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргана. ШӨХТГ 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Мөн хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргавал хүлээн авахаас татгалзахаар тусгасан. Харин гэрээ байгуулах эрх олгогдсоны дараа Сангийн яаманд гомдлоо гаргана. Сангийн яам мөн 14 хоногт багтаан шийдвэрлэнэ.

-Урьдчилсан худалдан авах ажиллагаа гэж шинэ зүйл яригдаж байгаа. Энэ талаар ярилцъя? 

-Урьдчилсан худалдан авах ажиллагаа гэдэг нь гадаад улс, олон улсын байгууллагын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжих төслийн гэрээг УИХ-аар хэлэлцүүлж батлуулахаас өмнөх шатанд худалдан авах ажиллагааг нь урьдчилан зохион байгуулахыг хэлж байгаа. Сонгон шалгаруулалтаа хийчихээд УИХ-аар зээлийн хэлэлцээр батлагдсаны дараа гэрээ хийгдэнэ. Одоогийн байдлаар зээл тусламжийн гэрээ УИХ-аар соёрхон батлагдсаны дараа тухайн төслийн үйл ажиллагаа эхэлж байгаа бөгөөд үүнээс шалтгаалан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжих хугацаа 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар сунгагдаж, үүнээс шалтгаалан 400-500 сая төгрөгийн үргүй зардал гардаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай. Иймд урьдчилан худалдан авах ажиллагааны журмыг бий болгосноор төсөл хөтөлбөрийн хэрэгжилт төлөвлөсөн хугацаандаа дуусах, үргүй зардал гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой.

-Улсын төсвийн хөрөнгөөр явуулах урьдчилсан худалдан авах ажиллагааг хэзээ явуулах вэ? Хэн шийдвэр гаргаж ажиллах вэ?

-Хуулийн төсөлд төсвийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг мөн урьдчилсан худалдан авах ажиллагааны журмаар зохион байгуулах боломжийг тусгасан. Үүнийг хэрэгжүүлэхдээ урьдчилсан худалдан авах ажиллагааны журмаар хийгдэх төсөл арга хэмжээний жагсаалтыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар батална гэж оруулсан. Ингэснээр яг ямар төсөл, арга хэмжээг урьдчилан эхлүүлж болох эсэхийг шийдвэрлэх юм. Засгийн газар ач холбогдол, эрсдэлийг дүгнэж жагсаалт гаргаснаар урьдчилсан худалдан авах ажиллагааг явуулна.

-Ямар нэгэн төсөл арга хэмжээн дээр урьдчилсан худалдан авах ажиллагааг зохион байгуулсны дараа тэр төсөл арга хэмжээ батлагдахгүй бол яах вэ?

-Урьдчилсан худалдан авах ажиллагааны хамгийн гол онцлог нь санхүүжилт батлагдах хүртэл уг шалгарсан этгээдтэй гэрээ байгуулахгүй л  дээ. Иймээс “урьдчилсан худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалтад шалгарсан тендерт оролцогчтой тухайн зээл, тусламжийн олон улсын гэрээ, улсын төсвийн санхүүжилт батлагдаагүй тохиолдолд гэрээ байгуулахыг хориглоно” гэсэн зохицуулалт оруулсан байгаа. Энэ нь олон улсад хэрэглэгддэг практик юм байна лээ. Энэ тухай заалтыг урьдчилсан худалдан авах ажиллагааны тендерийн урилгад тусгаад л явах байх. Гадаадын зээл, тусламжийн гэрээ, хэлэлцээрийн тоо баримтыг харахад санхүүжилтийг батлахгүй байх, анхны зорилго, ангилал өөрчлөгдөх эрсдэл 1-2 хувьтай. Энэ нь урьдчилсан худалдан авах ажиллагааг явуулах эрсдэл гарах магадлал маш бага гэдгийг харуулж байгаа. Гол нь хэзээ, аль төсөл арга хэмжээ дээр явуулах вэ гэдгийг оновчтой харж, шийдвэрлэх нь чухал. Улсын төсвийн хөрөнгөөр явуулах нөхцөлд сангийн яам урьдчилсан худалдан авах ажиллагааг явуулах шаардлага, үндэслэл бүхий төсөл арга хэмжээний жагсаалт, эрсдэлийг үнэлж, Засгийн газраар хэлэлцүүлж батлуулснаар асуудлыг оновчтой шийдвэрлэнэ гэж дүгнэж байгаа.

-Их олон давуу талыг тусгасан хууль батлагджээ. Үндэсний үйлдвэрлэгчдийнхээ өмнөөс танд талархал илэрхийлье.

-Баярлалаа.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй