Монголчуудын түрүүг алдаагүй Тамаваши Б.Мөнх-Оргил

2019-01-29

Монголчуудын түрүүг алдаагүй Тамаваши Б.Мөнх-Оргил

Японы мэргэжлийн сүмо бөхийн 2019 оны анхны башё Токио хотод 15 өдрийн турш үргэлжилж, Ням гаригт/2019.01.27/ өндөрлөлөө. Хацү башёд гурван аварга барилдсан ч сэкивакэ цолтой Тамаваши Б.Мөнх-Оргил түрүүлсэн юм. Тэрбээр сүмод 15 жил амжилттай барилдаж яваа цөөн сүмочдийн нэг бөгөөд 34 настайдаа Эзэн хааны цомыг хүртлээ.

Тамаваши Батжаргалын Мөнх-Оргил Сар шинийн өмнөхөн Монгол түмнээ баярлуулж, монгол хөвгүүдийн амжилт сүмогийн түүхэнд тасраагүй гэдгийг харуулж өглөө.

ТАМАВАШИ ХАКҮХОГ 12 ДАХЬ ӨДРИЙН БАРИЛДААНД ДАВАВ

Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёд сэкивакэ Тамавааши Б.Мөнх-Оргил түрүүлж, эзэн хааны цомын анх удаа хүртлээ. Токио хотод болсон башёд гурван аварга анхаарал татаж байсан ч тэд тэмцээнийг дуусгаж чадаагүй юм. Хамгийн түрүүн аварга Кисэносато гурав дараалан өвдөг шороодсоны эцэст башёг орхиж, улмаар зодог тайлах шийдвэрээ гаргасан. Үүний дараа аварга Какүрюү М.Ананд башёг бэртлийн улмаас үргэлжлүүлэх боломжгүй болсон. Их аварга Хакүхо М.Даваажаргал ганцаараа башёг тэргүүлж эхэлсэн ч 12 дахь өдөр Тамаваши Б.Мөнх-Оргилтой оноолт таарсан. Энэ барилдаанд Тамаваши ялалт авснаар башёг тэргүүлж эхэлсэн бол Хакүхо 14 дэх өдрийн барилдаанд бэртэл нь сэдэрч дэвжээнд гараагүй. Энэ боломжийг Тамаваши алдалгүй сүүлийн гурван өдрийн барилдаанд ялалт байгуулж, 13 даваа, хоёр унаатайгаар түрүүлсэн юм. Түүний араас хамгийн ойр даваатай бөх бол 2018 оны арваннэгдүгээр сарын башёд түрүүлсэн сэкивакэ Такэкэйшёо байсан.

ДЭЭД ЗИНДААНД ТҮРҮҮЛСЭН МОНГОЛЫН ДОЛОО ДАХЬ БӨХ

34 настай эзэн хааны цомыг анх удаа хүртсэн Тамаваши Б.Мөнх-Оргил мэргэжлийн сүмод ороод 15 жил болсны эцэст энэ амжилтанд хүрч байна. Тэрбээр дээд зиндаанд 10 гаруй жил амжилттай барилдаж байгаа цөөн сумочийн нэг юм. Мөн Монгол Улсаас сүмо бөхийн түрүү авсан долоо дахь бөх болж байна. Анхны түрүүг Асашёорюү Д.Дагвадорж авч байсан бол их аварга Хакүхо М.Даваажаргал/41/, Харүмафүжи Д.Бямбадорж /9/, Какүрюү М.Ананд /5/, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар Эзэн хааны цомыг хүртэж байсан.

34 насандаа түрүүлсэн Тамаваши Б.Мөнх-Оргил залуу бөхчүүдээс дутуугүй байгаагаа энэ башёгаар харуулж, монгол бөхийн бахдам ялалтыг үргэлжлүүлэв. Түүнээс өмнө Кёкүтэнхо Н.Цэвэгням 2012 оны тавдугаар сарын башёд 37 насандаа түрүүлж байсан бөгөөд тэрбээр хоёрт бичигдэж эхэллээ.

Тамаваши Катаонами дэвжээнд харьяалагддаг бөгөөд уг дэвжээнээс хамгийн сүүлд 1971 он буюу 48 жиийн өмнө 51 дэх ёкозүна Таманоүми түрүүлж байжээ. Тэрбээр дэвжээнийхэндээ болон өөртөө шинэ оны эхэнд том амжилтыг авчирлаа.

40 НАС ХҮРТЛЭЭ БАРИЛДАХ ЗОРИЛГОТОЙ

Б.Мөнх-Оргил Улаанбаатар их сургуульд сурч байсан ч сүмод эргэлт буцалтгүй орохоор болж, сургуулиа орхин Японыг зорьжээ. Түүний эгч нь Японд сурч байхдаа дүүгээ сүмод оруулах боломжийг хайн Какүрюү М.Анандтай уулзахад Кёкүшюүзан Д.Баярбаяртай холбогдохыг зөвлөсөн гэдэг. Ингээд Кёкүшюүзан Б.Мөнх-Оргилыг Катаонами дэвжээнд оруулсан түүхтэй аж. Б.Мөнх-Оргилын аав, ээж хоёул багш мэргэжилтэй бөгөөд Хацү башёгийн сүүлийн өдөр Японд очжээ.

Хацү башё өндөрлөх урд шөнө нь түүний эхнэр хоёр дахь хүүхдээ төрүүлж, баяр дээр давхар баяр нэмлээ. Шинэ хүүтэй болсон мэдээг дуулсан Б.Мөнх-Оргил эмнэлэг, гэр хоёрын дунд явсаар хоёр, гуравхан цаг унтсанаа хэлж, хүүгээ хараад түрүүлэх ёстой хэмээн өөрийгөө хурцалжээ. Тэрбээр башёгийн сүүлийн өдөр итгэлтэйгээр дэвжээнд гарч Эндог давснаар түрүүлсэн юм.

Б.Мөнх-Оргил сэтгүүлчийн асуултанд хариулахдаа “Төсөөлж байсангүй. Мөрөөдөл биелдэг гэдгийг ойлгож авлаа. Үнэхээр итгэж өгөхгүй байна. Барилдаан болгондоо анхаарлаа хандуулна. Үзсэн хүн баярлатал барилдах хүсэлтэй. Нэг удаа түрүүлэхийн амтыг мэдэрсэн болохоор дахин энэ сайхан мэдрэмжийг авахын төлөө зүтгэнэ. Би 40 нас хүртлээ барилдах зорилготой байгаа” гэжээ.

Тамаваши Б.Мөнх-Оргил ирэх гуравдугаар сарын башёд сайн барилдах юм бол тавдугаар сард озэки /арслан/ цолны төлөө барилдах билээ. Монголчуудын түрүүг үргэлжлүүлсэн Б.Мөнх-Оргилд талархая.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

1-5 дугаар ангийн сурагчдад Монгол ёс, хүмүүжлийн хичээл орно
Франц улс юу хүлээж байна вэ?
Тарваган тахлын эсрэг дархлаажуулалт ирэх долоо хоногт орон даяар эхэлнэ
ЗГ: Хөх хот дахь Ерөнхий консулыг эгүүлэн татлаа
NASA-гийн судлах дараагийн сансрын биет нь Санчир гарагийн дагуул Титан байна
“Их 20”-ийн уулзалтын гол дүрүүд
Хөшигийн хөндийн нисэх буудлын менежментийн төслийг Монгол, Японы хамтарсан компани концессоор хэрэгжүүлэхээр боллоо
З.Орхонсүрэн: Цаг алдсаны улмаас хутгалуулсан иргэн цус алдаж, ухаан балартсан байсан
Хүүхдэд өгч болохгүй хориотой эмийн жагсаалт
Залуусыг буруу зүйлд уриалж буй шинэ цагийн ХИП ХОП
Үсчин, гоо сайхны газрууд хэрэглэсэн багажаа халдваргүйжүүлдэггүй зөрчил нийтлэг илэрчээ
Мадурогийн амийг хорлох хуйвалдааныг илрүүлснээ Венесуэлийн засгийн газар зарлажээ
Европ тивд хагас тонн жинтэй шувуу хүмүүстэй зэрэгцэн амьдарч байсныг эрдэмтэд баталжээ
Ж.Ганхуяг: Гарцын тэмдэглэгээг тодотгохын тулд шар хаалгануудыг байрлуулсан
Монголд хар тамхи байнга хэрэглэдэг 708 хүн байна
Наадмын түүхийг гажуудуулсан алдас буюу баримтат үнэн оршвой
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болов
Европын амьтны хүрээлэнгүүдэд төрсөн хирснүүдийг Руанда руу шилжүүлжээ
Виктория Бекхэм нууцаа ”задаллаа”
"Ираны эсрэг АНУ-ын хоригууд бол эдийн засгийн терроризм"