2018-09-27
Мексикийн өмнөд хэсгийн Акапулко хотын цагдаагийн газар хар тамхины мафийнхны гарт орсон тул засгийн газар нь цэрэг илгээж, тэдний зэвсгийг нь хураажээ.
Хотын цагдаагийн хоёр командлагч хүн амины хэргээр баривчлагдаж, бусад нь галт зэвсэг, радио холбоо, сумны хамгаалалттай хантааз зэргээ хураалгасан байна.
Далайн эргийн Акапулко хот нь нэгэн үе аялал жуулчлалын гол төв болж байсан ч сүүлийн жилүүдэд хар тамхины мафийнхны дайны талбар болсон юм.
Одоо тус хотод дэг журам сахиулах ажлыг засгийн газраас илгээсэн цэргүүд, цагдаагийн төв газраас илгээсэн албан хаагчид гүйцэтгэж байна.
Хотын цагдаагийн газарт гэмт хэрэгтнүүд шургалж, төвдөө захирагдахгүй болсон тул ийм арга хэмжээ авсныг Мексикийн эрх баригчид мэдэгджээ.
Өнгөрсөн онд 800,000 оршин суугчтай Акапулко хотын 100,000 хүнд ноогдох аллагын тоо 103 хүрсэн нь Мексикт төдийгүй дэлхийд дээгүүрт орох үзүүлэлт байв.
Тус хот дахь аюулгүй байдлын түвшнийг АНУ-ын тагнуулын төв газар Сири, Иракийн нөхцөл байдалтай зүйрлэж байжээ.
Мексикийн эрх баригчид өмнө нь мафийнхны гарт орсон орон нутгийн цагдаагийн газруудыг буулгах арга хэмжээ авч байсан ч Акапулко хот шиг том хотод хэрэгжиж байгаагүй юм.
Мэргэжлийн ур чадвар муу, цалин багатай цагдаа нар гэмт хэрэгтнүүдийн гарт орох тохиолдол Мексикт түгээмэл байдаг.
Эх сурвалж: Associated Press
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд