2018-07-06
Хүн ам, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбар жендэрийн талаар баримтлах бодлогоо өнөөдөр танилцууллаа. 2018 оны эхний байдлаар энэ салбарт ажиллагсдын 65.3 хувь нь эмэгтэй, 34.7 хувь нь эрэгтэй байна.
Салбарын хувьд жендэрийн тэгш байдлыг хангах асуудлыг олон улсын байгууллагууд төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд дэмжих хандлага түгээмэл байдаг ба ХНХЯ нь олон улсын байгууллагуудтай хамтран 16 төсөл хэрэгжүүлжээ.
Жендэрийн үндэсний шинжээч Т.Амгалан "Хүн ам, хөдөлмөр нийгэм хамгааллын салбарын жендэрийн талаар баримтлах бодлого нь үүнийг боловсруулж байгаа 7,000 гаруй ажилтан, албан хаагчдад ажлаа илүү жендэрийн мэдрэмжтэй хийх нөхцлийг сайжруулахад чиглэгдсэн. Энэ нь тэдгээр хүмүүсийг чадавхижуулах асуудалтай холбоотой ба энэ салбарын гаргаж байгаа бодлого хөтөлбөр үйлчилгээ хүмүүст илүү нээлттэй байх хандлагыг бий болгож, хэрэгжүүлэх арга замуудыг нь зааж өгөх юм.
Энэ салбарт эмэгтэйчүүд их ажилладаг. Гэтэл хүйсээр ангилсан мэдээллийг харахад 70:30-ын харьцаатай байх жишээтэй.
Хэрвээ энэ салбарт эрэгтэйчүүдийг ажилтнаар оруулья гэвэл энэ чиглэлээр суралцаж буй хүмүүсийг анхаарах ёстой болно. Одоо энэ салбарт ажиллах боловсон хүчний дийлэнх нь охидууд сурч байгаа бол ажилтан албан хаагчид нь ч охидууд л болно гэсэн үг.
Салбарууд өөрийнхөө онцлогт таарсан бодлоготой болсноор хэрэгцээтэй байгаа мэргэжлээрээ их, дээд сургуулиудад захиалга өгч, дараа нь төгссөн хүүхдээ ажиллуулах бололцоотой. Төрийн байгууллагууд өөрийн хүний нөөцийн бодлогод тухайн мэргэжилтний захиалгыг их дээд сургуулиудад өгвөл их дээд сургууль тухайн чиглэлээр л бэлтгэнэ. Энэ бодлого хэрэгжиж эхэлвэл эрэгтэйчүүд энэ салбарт орж ирэх бололцоо бүрдэнэ. БСШУС-ын салбар өнгөрсөн онд жендэрийн талаар баримтлах бодлогоо баталсан учир бид үүнд ямар баримжаатай ажиллахыг тусгасан" гэв.
Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны мэргэжилтэн О.Буянаа "Хүн ам, хөдөлмөр нийгэм хамгааллын салбарт Жендэрийн талаар баримтлах бодлогыг ХНХ-ын сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулж анх боловсруулсан. Бодлого боловсруулах үйл явц эхнээсээ бүх бололцоог хангаж боловсруулагдсан гэдгээрээ онцлогтой. Мөн ХНХ-ын салбарт хөгжлийн үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлээр ажлахаар энэ бодлого тусгагдсан.
Одоо эхний үе шатдаа өөрсдийн албан хаагчиддаа жендерийн мэдрэмжтэй ажиллах орчныг бий болгож, тийм орчинд ажиллаж байгаа албан хаагчид маань өөрсдөө чадавхжиж мэдлэг нь дээшилж, жендэрийн мэдрэмжтэй үйлчилгээг үзүүлэх нөхцөл суурь нь бүрдэнэ гэж үзэж байна. Харин дараа нь манай албан хаагчид ард иргэддээ жендэрийн мэдрэмжтэй үйлчилгээг бүрэн хүргэж чадах юм" гэлээ.
Хүн ам, хөдөлмөр нийгэм хамгааллын салбар жендэрийн талаар баримтлах бодлогыг 2018-2024 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Мөн жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн дагуу бодлогын хэрэгжилтийг Жендэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирэх оны хоёрдугаар сарын 20-ны дотор багтаан тайлагнаж, бодлогын эхний үе шат хэрэгжилтийн үр дүнг 2022 оны эхний улиралд багтаан үнэлж, хоёрдугаар шатанд авах арга хэмжээний талаар зөвлөмж гаргах аж.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд