С.Заяасайхан: Хүмүүс бусдын анхаарал дунд амьдарч, анхаарлыг татахын тулд өөрийгөө алдаж дуусдаг

2018-06-21

Монгол Улсын соёлын элч, зураач С.Заяасайхан "Time machine" буюу "Цаг хугацааны машин" үзэсгэлэнгээ ирэх сарын 1-ний өдөр дэлгэхээр болжээ.

Эх орныхоо дүрслэх урлагийн нэр хүндийг дэлхийд гаргаж яваа түүний үзэсгэлэн өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагаар аялуулах ажээ.

Долоодугаар сарын 1-5-ны өдрүүдэд Зайсан дахь Белла Виста хотхоны Q Art галерейд толилуулах тус үзэсгэлэнд түүний өмнө нь дэлгэж байгаагүй сүүлийн үеийн 20 гаруй шинэ бүтээл багтсан байна.  

Тэрбээр  2001 онд Германы элчин сайдын яаманд, 2002 онд Урчуудын хороонд хамтарсан үзэсгэлэнд, 2016 онд “Маршал арт” галерейд бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байв. Түүнчлэн гадаадын 20 гаруй улсад бүтээлээ толилуулсан билээ.

-Та үзэсгэлэнгээ “Time machine” буюу “Цаг хугацааны машин” гэж нэрлэсэн учрыг тайлбарлахгүй юу?
-Хоёр шалтгаан бий. “Time machine”  гэдэг зургийн санаа төрсөн юм. Хоёр жилийн  өмнө үзэсгэлэн гаргачихаад Монголдоо ирэн очин байлаа. Монголыг гадна талаас төсөөлөхөд их сайхан. Ирээд амьдрахад цаг хугацааны машинд суучихаад заримдаа өнгөрсөн рүүгээ аялж байгаа мэт мэдрэмж төрдөг. Тэр мэдрэмжээрээ би нэг зураг зурсан.

Мөн үзэсгэлэндээ тавих зургуудаа хараад ямар нэр өгөх талаар бодож байтал өнгөрснөөс улбаатай мэдрэмж төрсөн. Өнгөрснөөр аялах, тэндээ амьдрах, эсвэл өнгөрсөн болон одоо цаг хоёрын хоорондын зөрчил буюу холбоос харагдах шиг болсон.

-Үзэсгэлэнд тавих бүтээлүүдээ ямар хэв маягаар зурсан бэ. Онцлох шинж чанар нь юу байх бол?
-Энэ удаагийн бүтээлүүд маань бүгд шинэ зургууд. Нийгмийн сүлжээнд эсвэл урьд нь үзэсгэлэнд тавьсан зураг байхгүй. Маш их  туршилт хийсэн. Сүүлийн үед би поп арт их сонирхож байна. Өөрийнхөө стилийг поп арттай нэгтгэсэн. Монголын поп арт гэж ямар байх вэ, поп соёл бидэнд байгаа бил үү...

Өнөөдөр бидний бүтээж буй поп соёл хэдхэн жилийн түүхтэй. Чөлөөт нийгэмд шилжсэнээс хойш янз бүрийн үзэл санаа орж ирсэн. Урьд нь зөвхөн гадаад өнгө үзэмжээр илэрхийлэх гэдэг байсан бол одоо дотоод үнэт зүйлс, түүн рүү өнгийж харах гэсэн оролдлогууд, үндэстний үнэт зүйлийг бусад соёлоос хайж үзсэн оролдлогууд хийснээрээ ялгаатай.

Үзэсгэлэнгийн куратороор Торонтогийн урлагийн музейн куратор, Осака хотын SoHo Art  галерейн захирал Селио Баррето  ажиллаж байна.  Удахгүй куратор маань дүгнэлтээ гаргах байх.

-Куратор таны бүтээлүүдэд ямар үнэлэлт өгч байна вэ?
-Бид хоёр 2007 оноос хойш хамтарч ажиллаж байна. “Монгол Контент” ХХК-ийн санаачилгаар хийж буй миний тухай баримтат кинон дээр куратор маань болон ажиллаж байгаа. Киноны продюсероор МҮОНТ-ийн захирал асан Ц.Оюундарь ажиллаж байна.

Селио Баррето намайг маш сайн мэддэг. Түүний “SoHo Art Gallery”  болон Осакагийн “Контемпорари арт музей” хамтран жил болгон зохион байгуулдаг Япон дахь гадаад уран бүтээлчдийн “Trans International Show” олон улсын хэмжээний үзэсгэлэнд би гурван жил дараалж оролцож байлаа.

Мөн миний бүтээлүүдийг Францын Луврын музейд үзүүлж байсан. Намайг болон миний бүтээлүүд болон намайг хэрхэн өөрчлөгдөж байгааг Селио Баррето маш сайн мэддэг. 

Уран бүтээлч хүн урьд нь хийсэн юмандаа автахгүй, шинийг хайж эрэлхийлж байх хэрэгтэй. Энэ удаагийн үзэсгэлэн маань миний өөрөө өөртөө шинэ үүд хаалга  нээсэн оролдлого байлаа. 

-Арга барилаа өөрчилсөн ч С.Заяасайхан зураачийн хэв маяг, үнэр шингэсэн байх болов уу гэж бодож байна?

-Заримдаа уран бүтээлч  хүн үзэгчдийг бодно. Гэхдээ зарим үед үзэгчдийг үгүйсгэх хэрэгтэй. Энэ удаа үзэгчдийн хүлээлтийг анхаарч, тэдний таашаалд нийцүүлэх гэж хичээгээгүй. Хүн нэг юманд хүрээд гацчихдаг үе бий. Тэндээс 
цааш хэрхэн хөдлөх вэ гэсэн зөрчилдөөн, эрэл хайгуул дунд хийгдсэн бүтээлүүд юм.
Нөгөө талаас би зүгээр л хүмүүст санал болгож байна. Маш тодорхой мессеж, контент, философи тулгаагүй. Сүүлийн үеийн бүтээлүүд маань их энгийн болж байна.

-Таны бүтээлүүдэд үндэсний хэв шинж голчлон харагддаг. Одоо энэ үзэсгэлэнд тийм бүтээлүүд харагдах уу?
-Урьд нь уламжлалаа илүү  тусгахыг хичээдэг байсан. Энэ бүтээлүүд дээр уламжлалыг тэр чигээр нь тусгах биш, зөвхөн юун дээр  би түүнийг хэрэглэх үү, мөн яаж эвдэх үү, гэхдээ эвдсэн ч ор үгүйсгэхгүйгээр яаж сануулах уу гэх маягаар бүтээлүүдээ зурсан.

Нөгөө талаар Улаанбаатарыг ямар соёлтой хот болохыг тодорхойлох хэцүү. Азийнх уу, европынх уу, үйлдвэрлэлийнх үү, буддын соёлтой юм уу гэх мэт.  Нэг бол нүүдэлчин ч юм шиг,  нэг бол иргэншсэн, соёлжсон, олон жил болсон хот ч юм шиг. Имижийн хувьд тэр энэ гэж хэлэхийн аргагүй, холимог, барьцгүй, эрлийзчихсэн харагддаг. Энэ сэтгэгдэл бүтээлүүдэд маань шингэсэн. 

-Таны бүтээлүүдэд хурц, тод өнгө, контемпорари  хэв маяг давамгайлдаг. Харин одоо энэ хүлээлт үгүй болсон гэж ойлгож болох уу?
-Сүүлийн 2-3 жилийн хугацаанд хийсэн ажлуудынхаа зургийг энд тэнд нийтэлж, хуваалцаагүй. Ирээд үзээрэй. Магадгүй өөр төрлийн таашаал авна гэдэгт итгэлтэй байна. Хүн ямар ч сэдвийг хөндөж уран бүтээл хийж болно. Хамгийн хүнд бараан сэдвийг ч хөндөж болно. Түүний зэрэгцээ таашаал гэдэг юмыг хаяж болохгүй.

-Онцлоод ярих ямар бүтээл байна вэ?
-Онцолж ярих хэд хэдэн бүтээл бий. “Monster child”  буюу “Мангас хүүхэд” гэдэг зураг бий. Орчин үед хүмүүс ганц л хүүхэд төрүүлдэг болсон. Ганц Монголд биш Япон, Америкт ч адил. Хүүхдээ хэт эрхлүүлж, юу ч хэлдэггүй.

Багшаасаа ч айдаггүй, эцэг эх нь байнга өмөөрдөг. Эрхлүүлсээр байгаад хүүхэд нь “мангас” болчихсон. Мангасын өрөвдөлтэй, ганцаардмал байдлыг зуралгүйгээр, зөвхөн өнгөний мэдрэмжээр илэрхийлэх гэсэн оролдлого бий.

Мөн “Public domain guy”  гэдэг нэртэй олон нийтэд танил болсон хүний тухай зураг бий.  Нийгмийн сүлжээ дунд интернэтийн эрин үед амьдарч байна. Хүмүүс бусдын анхаарал дунд амьдарч, анхаарлыг татахын тулд өөрийгөө алдаж дуусдаг. Түүгээрээ өвчилдөг, тэрийг нь өдөр шөнөгүй харж сууж, амьдардаг нийгэм болчихсон. 

Мөн амжилтаа ярьсан, амжилтаар "өвчилсөн" хүмүүс дунд амьдарч байна. Эсвэл маш олон баатрууд бий болчихсон байна. Тэр хүмүүсийг бид хэвлэл мэдээллийн хэрэгсэл, телевизээр завгүй харж амьдарч байна.

Харамсалтай нь өөрийгөө толинд харах завгүй тэр хүмүүсийг хараад, шүүмжлэх биш би өөрөө яаж харж байгаагаа бүтээлдээ тусгасан.

Гэх мэтчилэн  бүтээл болгон өөрийн гэсэн санаатай. Зарим нэг интерактив шийдлүүд орсон, үзэгчдийг тэр зурагтаа татаж оруулах, өнөө үеийн контемпорари арт, янз янзын шийдлүүдийг туршсан.
Миний 2015, 2008 онд хийж байсан хоёр зураг, мөн 23 шинэ зураг тавигдана. Өөрөөр хэлбэл үзэсгэлэнгээрээ өөрийн бүтээлийн хувьслыг харуулъя гэж зорьсон. 

-Ирээдүйг зөгнөсөн бүтээл байгаа болов уу?
-Байгаа. Жишээ нь бидний орчин үе, ирээдүй, өнгөрсөн үеийн амьдрал яаж холбогдож байгаа, анимейшн  хэлбэрийн буюу иллюстраци маягийн ажлууд тавигдаж байна.

-Бүтээлүүдэд тань шингэсэн цаад санааг хэн хамгийн сайн ойлгодог вэ. Хүн бүр хараад өөр өөрийн дүгнэлт хийдэг болов уу?
-Заримдаа би үзэгчдээс өөрөө сурдаг. Анхандаа яг ийм болгочихъё, тийм санаа хэлье гэж хурц, нэг өнцгөөр харсан зурагнууд би хэзээ ч зурж байгаагүй. Хүмүүс янз янзаар харна. Зарим хүн миний бодоогүй юмыг бодчихсон байдаг. Надад тэр нь гоё санагддаг юм.

-Манай үндэсний уламжлал шингэсэн зургийг гаднынхан хэрхэн хүлээж авдаг вэ?
-Манай үндэсний хувцас, хувцсанд байдаг элементүүд их сонирхолтой. Тийм ч учраас гадныханд Монголыг таньж мэдэхээс тэдэнд манай уламжлал харь гаригийн мэт байлаа. Ямар сайндаа дээр үед “Оддын дайн” кинонд бүхэлд нь ашигласан байдаг. 

Харин одоо Монголынх гэж мэддэг болсон. Гэхдээ л маш сонирхолтой. Монгол өөрийн өвөрмөц контенттой. Монгол ахуй, баатрууд, соёл тэр чигтээ сонирхолтой. Миний хувьд бүтээлдээ тэр чигээр нь шингээхээс илүүтэй тэдэнд ойлгогдох хэл рүү хөрвүүлэхийг эрмэлздэг.

Уран зургийн магадгүй өрнөдийн уран зураг руу яаж хувирах уу гэж хардаг. Би бодит байдлаар нь биш яаж хувирч болох вэ гэдгийг хардаг юм. 

-Та 20 гаруй улсад үзэсгэлэнгээ гаргаж байсан гэсэн. Цаашдаа гаднын орнуудад үзэсгэлэн гаргах төлөвлөгөө байгаа юу?
-Энэ үзэсгэлэнгийн дараа Сингапурт үзэсгэлэнгээ гаргана. Мөн Америкийн Сан-Франциско хот, Германд гаргах талаар ярьж байна. Энэ жилдээ багтаан нэг соло, нэг хамтарсан үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна.

-Монголд уран зургийн үнэлэмж ямар байна вэ?
-Монголд их сайжирч байна гэж бодож байна. Монгол зураачид боломжийн уур амьсгалд амьдарч байна. Монгол хүмүүс гоо зүйн мэдрэмжтэй,  урлагийг үнэлдэг, сониучхан, шийдвэр гаргахдаа хурдан. Нэг үеэ бодвол амьдрал дажгүй болчихсон байна. Ашиг хонжоо харахгүй болж, өөрийнхөө сэтгэлийн таашаалд хөрөнгө мөнгө зардаг болсон байна. Би сэтгэл ханамжтай байдаг. Цаашдаа сайхан болох байх.

"Time machine"  үзэсгэлэнг долоодугаар сарын 1-5-ны өдрүүдэд Белла Виста хотхоны “Q Art”  галерейд толилуулна

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй