Хэрэв энэ төсөл батлагдвал Эрүүгийн хууль ингэж өөрчлөгдөнө

2018-05-25

Эрүүгийн хуулийн зохицуулалтыг ач холбодол, хэмжээ зангарагаар нь Үндсэн хууль, иргэний хуулийн дараа эрэмбэлж үзэхэд гажих зүйлгүй мэт. Тэгвэл хууль тогтоогчид ойрын өдрүүдэд энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг  хэлэлцэнэ. 

Өчигдөр УИХ-ын гишүүн О.Батнасан, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар нар “Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл өргөн барьсан. Эрүүгийн хуулийг үүнээс өмнө 2015 онд шинэчлэн найруулж баталсан бөгөөд энэ хууль өнгөрөгч 2017 оноос хэрэгжиж эхэлсэн билээ. Гэтэл ганцхан жилийн  дараа дахин өөрчлөлт оруулах гэлээ гэж ундууцах хүн ч гарч мэдэхээр байна. Хууль бол өөрчлөгдөж боловсронгуй болж, цаг үеийн чиг хандлагыг илэрхийлж байх ёстой эрх зүйн зохицуулалт. Энэ утгаараа цагийн шаардлагаар  өөрчлөгдөаж байх учир зүйтэй.

Дээрхи гурван гишүүний өргөн барьсан Эрүүгийн хуульд оруулах өөрчлөлтийн гол агуулга нь өсвөр насны хүүхдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг оновчтой болгоход чиглэж байгаа аж.  Тодруулбал, 2015 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг өмнөх хуулиас нь дордуулсан.  Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг шиг ингэж  дордуулж зохицуулсан нь 18 нас хүрээгүй хүүхдийг аль болох хорихоос өөр ялаар шийтгэх хувилбарыг баримтлах олон улсын гэрээ, конвенц, пактын зарчимд нийцээгүй гэж төсөл санаачлагчид үзжээ.

Гэнэн хонгор, дарвиж шаагисан насандаа яваа хүүхдүүд алдаж онохыг алийг тэр гэхэв. Гэвч тэр бүрд нь шоронд суулгаж, гэмт хэргийн ертөнцтэй илүү дотно танил болгооод байвал хүмүүжлийн үр нөлөөгүй. Харин ч эсрэгээрээ цаашид буруу замаар будаа тээх үүдэл шалтгаан болох магадлалтай.

2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүүхдийн хувьд гэмт хэргийн ангилал харгалзахгүйгээр “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх”, “хорих ял оногдуулах шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” зэрэг зохицуулалт байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар эдгээрийг “хөнгөн гэмт хэрэг” гэж хязгаарласан нь өмнө байсан энэрэнгүй зохицуулалтыг дордуулсан байна.

Яг энэ асуудлаар манай сайт “Засан хүмүүжүүлэхэд заавал “шоронжуулж” шийтгэх ёстой гэж үү” хэмээн асуудал хөндсөн өгүүлэл нийтэлж байсныг санаж байгаа байх.  Энэ нийтлэлд дурдагсан нэг баримтыг эргэн саная.

Ховд аймгийн Мянгад суманд нэр бүхий сурагчид хамтран хулгай хийсний улмаас нэг жилийн хорих ял сонсон биечлэн эдэлж байна. Хэрэг явдлыг судалж үзэхэд нийт мөнгөн дүнгээр 200 мянга орчим төгрөгийн архи пиво, тамхи бусад зүйлсийг хулгайлсан бөгөөд хохирлоо бүрэн барагдуулсан байна. Энэхүү хэргийг 18 настай 1 иргэн, 12-р ангийн 2 сурагч хамтран үйлдсэн бөгөөд хэргийг санаачлан гардаж хийсэн иргэн 1.3 жил, бусдын нөлөөнд орж хэрэг үйлдсэн 2 сурагч тус бүр 1 жилийн хорих ял сонссон. Энэхүү 2 сурагчийн ял, шийтгэлийн нөхцөл нь уруу татаж аргагуйн эрхэнд оруулсан буюу уриалан дуудсан хүн нь тэдэнтэй ижил хэмжээний ял авч байгаа нь нэг л ойлгомжгүй болчихоод байгаа юм.   Энэ бол амьдрал дээрхи жишээ.

Үүнтэй  ижил нөхцөл байдлыг хууль санаачлагчид иш татжээ. Тухайлбал, практикт 14-17 насны 4 хүүхэд хүнсний дэлгүүрээс 110 мянган төгрөгийн талх, боорцог, чихэр гэх мэт хүнсний зүйл хулгайлсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн Хулгайлах гэмт хэргийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтын “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн” хэмээх зүйл ангид хамаарч, тус зүйл анги нь “хүнд” гэмт хэргийн ангилалд багтах тул дээрх хүүхдүүд хорих ялаар шийтгүүлж байгаа юм.

Эрүүгийн хуулиар гэмт хэргийг “хөнгөн” ба “хүнд” хэмээн ангилж буй нь насанд хүрэгсдийн үйлдэж буй гэмт хэргийн шинж чанар, хор хохирол зэргийг үндэслэсэн ангилал бөгөөд үүнийг насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэрэгт шууд хамааруулан авч үзэх нь учир дутагдалтай гэж үзжээ.

Эрүүгийн хуулийн энэ заалтаас улбаалан 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хойш буюу Эрүүгийн шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш хорих ял эдэлж буй хүүхдийн тоо эрс өссөн гэх тоо баримт байна. Тодруулбал,  2017.07.01-ний байдлаар 21 хүүхэд гэмт хэрэгт яллагдаж, 9 хүүхэд хорих ангид ял эдэлж байсан бол 2018.05.01-ний байдлаар 58 хүүхэд гэмт хэрэгт яллагдаж, 59 хүүхэд хорих ангид ял эдэлж байгаа  гэсэн тоо баримт байна.

Төмөр торны цаана суугаад хүн хүмүүждэг үү. Эргэлзээ төрүүлэх асуултын нэг нь энэ. Гэнэн хонгор, дарвиж шаагисан насандаа яваа хүүхдүүд алдаж онохыг алийг тэр гэхэв. Гэвч тэр бүрд нь шоронд суулгаж, гэмт хэргийн ертөнцтэй илүү дотно танил болгож байвал хүмүүжлийн үр нөлөөгүй. Харин ч эсрэгээрээ цаашид буруу замаар будаа тээх  үүдэл шалтгаан болох магадлалтай.  

Иймд гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдийн эрх зүйн байдлыг нь дордуулж зохицуулсан Эрүүгийн хуулийн 8.1 дэх “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл” зүйлийн 4 дэх заалт “Хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй” гэсэн заалтыг хүчингүй болгож, мөн тус хуулийн 8.6 дахь “Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” зүйлийн 1 дэх заалтын болон тус хуулийн 8.7 дахь “Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ” зүйлийн 1 дэх заалтын “хөнгөн” гэснийг тус тус хасч өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулаад байгаа ажээ.

Хэрэв энэ төсөл батлагдвал Эрүүгийн хууль ингэж өөрчлөгдөх юм

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй