Э.Орчлон: Монгол шавхагдашгүй нөөцтэй тул дэлхийн эрчим хүчний гол тоглогч болох боломжтой

2018-03-13

“Клийн Энержи Ази” компанийн Гүйцэтгэх захирал Э.Орчлонтой танилцлаа. Тус компанийн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 мегаваттын салхин парк өнгөрсөн оны сүүлээс ажиллаж эхэлсэн. Ингэснээр Ньюком групп сэргээгдэх эрчим хүчний хоёр дахь эх үүсвэрээ ашиглалтад орууллаа. Тус групп 2013 онд Төв аймагт Салхитын салхин паркийг анх ашиглалтад оруулж байв.  Энэ нь Монголын хамгийн анхны салхин парк байсны сацуу эрчим хүчний анхны, хувийн эх үүсвэр гэдгээрээ онцлог. Энэ төсөл амжилттай хэрэгжсэн тул Ньюком групп хоёр дахь салхин паркаа барьжээ.   

Бид сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн хурдац, 2020 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Азийн супер сүлжээ” төслийн талаар ярилцсан юм.  

-Салхитын ЦС 50 мегаваттын хүчин чадалтай ч заримдаа бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй. Энэ байдал одоо ч үргэлжилсээр байна уу?
-Ганц Монголд ч биш дэлхий даяар сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдэд энэ бэрхшээл тохиолддог. Диспетчерийн үндэсний төв Монгол Улсын өдөр тутмын нийт цахилгааны хэрэглээг тооцоолон, нийлүүлэгч тус бүр ямар хэмжээний цахилгаан үйлдвэрлэх вэ гэдгийг тогтоодог.

Салхи үлээснээр сэнс эргэн, цахилгаан үйлдвэрлэдэг, агаарын урсгалд огт нөлөөлөхгүй. 

Тэдний ажил амаргүй. Төвийн бүс хэдэн мегаваттын хэрэглээ байх, хоёр, гурав болон дөрөвдүгээр цахилгаан станц, Салхит, Цэций болон нарны станц тус бүр хэрэглээний хэдэн хувийг үйлдвэрлэх вэ гэдгийг зохицуулдаг байгууллага. 

Өдөр бүр энэ тооцоог хийдэг. Мөн биднээс захиалга авч, өнөөдөр салхи хэд үлээж байна гэж асууна.   

Манай улс эрчим хүчээ 100 хувь дотоодоос хангаж чадахгүй л байна. Оройн эрчим хүчний ид ачааллыг цхилгаан станцууд дангаараа даадаггүй тул ОХУ-аас цахилгаан импортолдог. Диспетчерийн үндэсний төв (ДҮТ) импортын цахилгаанаа ч өдөр бүр тооцоолно. Эрчим хүчний хэрэглээ буурвал ДҮТ заримдаа манай үйлдвэрлэлд хязгаар тогтоодог. Системийг бүхэлд нь хянаж, ямар нэг гэмтэл гарвал шаардлагатай эрчим хүчийг хаанаас нөхөх вэ гэдгийг шуурхай шийдвэрлэдэг тул ДҮТ-ийн ажил их хүнд.     

Шөнө эрчим хүчний хэрэглээ буурдаг тул хэдийгээр бид 50 мегаваттаар ачаалж чадах ч 10 мегаваттыг нийлүүл гэх мэтээр заавар өгдөг юм. Бид үйлдвэрлэж байж л хөрөнгө оруулалтаа нөхөх тул энэ нь бидэнд хүнд тусдаг. Гэхдээ энэ байдлыг Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээгээр тодорхой зохицуулсан.  

-Яаж зохицуулсан бэ?
-Бидний үйлдвэрлэх нийт эрчим хүчний 3 хувийг ДҮТ-ээс хязгаарлана.

Бусад улс орнуудад ч салхин паркийн нийлүүлэлтийг хязгаарлах нь түгээмэл. Салхин паркийн онцлог нь салхи дандаа 50 мегаваттаар үлээдэггүй. Дандаа салхитай байна гэж үгүй. Иймээс сүлжээнд зохицуулалт хийх шаардлага үүсдэг. Салхит, Цэцийгээс нийт 100 мегаваттыг нийлүүлж байснаа салхигүй болж, хэмжээ 50 болж буурахад үлдсэн 50-ийг нь хаанаас хангах вэ гэдгээ ДҮТ яаралтай шийдвэрлэх хэрэгтэй болдог гэсэн үг.        

-Салхин паркад үйлдвэрлэсэн эрчим хүчээ нөөцлөх боломжтой юу?
-Одоогоор үгүй. Сэргээгдэх эрчим хүчийг хуримтлуулах зай хураагуурын үйлдвэрлэл хэрэглээнд хэзээ нэвтрэх бол гэж дэлхий даяар хүсэн хүлээж байна. Технологи бий ч хэт үнэтэй байна. Тэр технологийг импортлон, Монголд суурилууллаа гэхэд хуримтлуулсан цахилгаанаа худалдах шаардлагатай. Гэтэл борлуулах тариф хэт өндөр тул ашиггүй байна.  Энэ технологийн зардал хэдэн жилийн дараа буурна гэж үзэн, бид анхааралтай ажиглан, Монголд нутагшуулахаар судалж байна.

БИД ТАРИФАА БУУРУУЛАХЫН ТУЛД АЖИЛЛАЖ БАЙНА

-Томоохон салхин паркууд цөлжилтөд хүргэдэг гэж зарим эрдэмтэн үздэг.
-Энэ талаар олон судалгаа хийсэн. Салхин сэнснүүд үүл хөөчихдөг. Үүний улмаас бэлчээр цөлжин, мал идэх өвсгүй болох уу гэж малчид их асуудаг юм. Өвөр Монголд олон тооны салхин парк бий. Судлаад үзэхэд хамгийн доод давхаргын үүл 3000 метрийн өндөрт байдаг. Манай турбинуудын хамгийн өндөр нь 90 метр урт. Хар ухаанаар бодоход 90 метр өндөр турбин 3000 метрийн өндөрт байгаа үүлийг хөөж чадахгүй.

Салхин сэнснүүд өөрөө эргэдэггүй. Салхи үлээснээр сэнс эргэн, цахилгаан үйлдвэрлэдэг, агаарын урсгалд огт нөлөөлөхгүй. Хүмүүс эйр кондишнтэй адилхан зарчмаар ажилладаг юм шигээр буруу боддог. Гэхдээ салхин турбин байгальд 100 хувь ээлтэй гэж хэлж болохгүй. Махчин шувуу сэнсэнд өртөх эрсдэлтэй. Салхитын паркад 2 шувуу өртсөн. 

Саудын Арабад нарны станцын цахилгааныг 1-2 центээр авдаг.  Энэ үнийг Монголынхтой харьцуулах боломжгүй.

Бид Европын сэргээн босголт хөгжлийн банк, ЖАЙКА-гаас төслийн зээл авч, Цэцийгийн төслийг санхүүжүүлсэн юм. Эдгээр байгууллага хамгийн түрүүнд байгаль орчинд үзүүлэх нөлөөг анхаардаг. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийхэд бид хоёр жил зарцуулсан. Өндөр хүчдэлийн шугамд мөн жилд 2-3 шувуу өртдөг юм билээ. Цогтцэцийд арван нэгдүгээр сараас хойш турбинууд ажилласан. Одоогоор шувуу  сэнсэнд өртсөн гэж мэдээлээгүй байна.  

Өвөр Монголд хийсэн судалгаагаар турбины доор тарвага нутагших нь элбэг. Иймд хулгана, тарвага агнах гэсэн махчин шувууд сэнсэнд өртдөг юм билээ.   

Манайд бол хонь турбины сүүдэр дагаж бэлчдэг. Бид талбайгаа хашаалаагүй тул бэлчээрт ямар ч сөрөг нөлөөгүй гэдгийг судалгаагаар баталсан.    

-“Оюутолгой” компанийг дөрвөн жилийн дотор дотоодоос эрчим хүчээ ав гэж шахаж эхэллээ. Та бүхэн энэ талаар тус компанитай хамтран ажиллаж байна уу?
-Уурхайн эрчим хүчний хэрэгцээг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжтой, эсэхийг бид судалж байна. Тэдэнд байнгын давтамжтай эрчим хүч хэрэгтэй. Гэтэл 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх боломж одоогоор байхгүй. Бид 300 мегаватын станц барьсан ч заримдаа 200 эсвэл 100-гаар үлээнэ. Энэ хэлбэлзэл 24 цагаар, тасралтгүй олборлолт, үйлдвэрлэл явуулдаг Оюутолгойд эрсдэлтэй. Иймд бид хуримтлуур судалж байна. Техникийн хувьд бололцоотой ч ашигтай юу гэдгийг судалж байна. Судалгаа удахгүй дуусна.      

-Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд цахилгаан станцуудаас цахилгаан худалдан авахдаа төр эх үүсвэрээс нь хамаарч, 0.8-0.18 ам.доллар төлөхөөр заасан. Төгрөгийн ам.долларын эсрэг ханш ихээхэн савлагаатай байдаг манай улсад яагаад төлбөрийг ам.доллараар төлнө гэж заасан юм бол?
-Нүүрсний зардалтай харьцуулан сэргээгдэх эрчим хүчийг өндөр үнэтэй гэж шүүмжлэх нь бий. Бусад улсуудтай харьцуулбал манай салхины тариф хамгийн бага 6 дахь улсад тооцогддог. Японд 19, Филиппинд 17, Украинд 12, Грект 10, Туркэд гаднаас тоног төхөөрөмжөө авбал 7.3, дотоодоос хангавал 11-12 центийн үнэтэй. 

Гэхдээ Саудын Арабад нарны станцын цахилгааныг 1-2 центээр авдаг. Үүнийг Монголынхтой харьцуулах боломжгүй юм. Учир нь Арабын цөл дэх нарны хавтангууд дэлхийд хамгийн том, 2000 гегаватт буюу их хэмжээний цахилгаан үйлдвэрлэдэг. Станцын хүчин чадал өсөх тусам өртөг буурна. Учир нь сэргээгдэх эрчим хүчний станцын дийлэнх зардал санхүүжилтэд шингэдэг. Хүмүүс турбин өндөр үнэтэй гэж боддог ч энэ нь нийт зардлын 20 хувийг эзэлдэг.         

Цэций станц 128 сая ам.долларын өртөгтэй. Үүний 90 сая нь төслийн санхүүжилт буюу зээл. Энэ хөрөнгийг Монголоос босгох аргагүй. Аль ч банк ийм дүнтэй зээл олгохгүй. Валютын зээлийн хүү төслийн эрсдэл, Монголын улс төр, эдийн засгийн эрсдэл дээр тулгуурлан зээлийн хүү өндөр болчихдог. Манай зардлын дийлэнх нь хүүгийн эргэн төлөлт байна.  АНУ, Саудын Арабад төрөөс нь маш бага хүүтэй зээлээр дэмждэг.  Газар үнэгүй олгон, татвараас чөлөөлдөг тул тариф нь бага.

Бид тарифаа бууруулахын тулд ажиллаж байна. 50 мегаваттын станцад 25 турбин худалдан авсан. Харин томоохон төслүүдэд дор хаяж 200 турбин авдаг тул хөнгөлөлт эдэлнэ.  

Нүүрсний үнэтэй харьцуулах тухайд III, IV ДЦС-ыг хэдэн онд барьсан билээ. Хувийн хөрөнгөөр биш, төрийн хөрөнгөөр социализмын үед барьсан. Эдгээр станцууд нүүрсний төлбөртөө улсаас татаас авдаг болохоор сэргээгдэх эрчим хүчний станцуудтай харьцуулах нь үндэслэлгүй. Одоо 450 мегаваттын нүүрсэн ЦС баривал 7-8 центээр худалдана. Хувийн хэвшил баривал тодорхой өгөөж байх хэрэгтэй.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиар гаалийн татвараас зарим тоног төхөөрөмжийг (турбин, сэнс, далбаа) чөлөөлдөг. Өөр хөнгөлөлт байхгүй. Трансформатор, мотор, генератор, шугам хоолой зэргийг хөнгөлөөгүй. Харин уул уурхайн компаниуд илүү олон хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлж, таатай орчинд ажилладаг.

Одоогийн 9.4 центийн тарифыг бууруулахад улс төр, эрх зүйн тогтвортой байдал маш чухал. Учир нь салхин парк барих бүтээн байгуулалтыг зогсооно, Цахилгаан худалдах, худалдан авах тухай гэрээг эргэж харна гэж нэг улс төрч ярихад л зээл олгосон банкууд биднээс танай төсөл хэрэгжих үү гэж лавлаж, санхүүжүүлэгчдэд эргэлзээ төрүүлчихдэг.    

-Хөгжлийн банкийг томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор байгуулсан биз дээ?

-Бид хандаж үзээгүй. Тарифаа бага байлгахын тулд хамгийн бага зардалтай эх үүсвэрийг сонгосон.

ЕСБХБ, ЖАЙКА төрийн оролцоотой банкууд тул хувийн банкийг бодвол бүтээн байгуулалтын төсөлд арай өөр нөхцөлтэй зээл олгодог.

Одоогоор Монголд эдгээр банктай долларын зээлээр өрсөлдөх банк алга. Манай банкууд өөрсдөө ЕСБХБ-наас зээл авч, ААН-үүдэд дамжуулан олгодог.  

-Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-т “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутагт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоо гүйцэтгэнэ. Энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэхийг зарлан сурталчлахыг хориглоно” гэжээ.
-Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд тарифыг ам.доллараар төлнө гэж заасан тул энэ хуульд нийцүүлэн, “Цахилгаан худалдах, худалдан авах гэрээ”-нд тарифыг ам.доллараар тогтоосон. Энэ нь бид зээлээ ам.доллараар авсантай холбоотой. Зээлээ төгрөгөөр авч, тоног төхөөрөмжөө мөн төгрөгөөр авдаг болвол тарифаа төгрөгөөр тогтоох бүрэн боломжтой.

Софт банк яагаад Монголд салхин парк барив. Мөнгөө хийх өөр газар байгаагүй юм уу гэж хүмүүс гайхдаг.

-“Зүүн Азийн супер сүлжээ” төсөл ямар шатандаа яваа вэ?
-Цогтцэций төслийг Ньюком групп (51 хувь), Японы хөрөнгө оруулалтын компани болох Софтбанк (49 хувь) хамтран санхүүжүүлсэн. Эдгээр нь манай компанийн хөрөнгө оруулагчид. Сүүлийн үед Софтбанк бусад улсуудад хийсэн томоохон хөрөнгө оруулалтаараа алдаршиж байна. Тус компани  саяхан 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын санг Саудын Араб, Apple компанитай хамтран нээлээ. Япон Улсдаа Софтбанк хамгийн том компани нь. Тэд яагаад Монголд салхин парк барив. Мөнгөө хийх өөр газар байгаагүй юм уу гэж хүмүүс гайхдаг.

Манай хөрөнгө оруулагчид “Азийн, эрчим хүчний супер сүлжээ” байгуулах алсын зорилготой. Фукушимагийн ослын улмаас Япончууд атомын станцуудаа хаалаа. Газар нутаг жижиг тул салхины болон нүүрсэн ЦС барих боломж хомс. Иймд эрчим хүч импортлох гарц хайж байна. “Азийн супер сүлжээ” төсөл хэрэгжсэнээр Монголын говиос Хятад, БНСУ-ын сүлжээгээр дамжуулан, далай доогуур шугам татан, Японд сэргээгдэх эрчим хүч экспортолно. Бидэнд их нүсэр сонсогддог ч өөр улсад ийм төсөл хэрэгжсэн бодит түүх бий.

Европын орнууд эрчим хүчний сүлжээгээр хоорондоо тэр чигтээ холбогдсон. Жишээ нь Франц Германаас цахилгаанаа авч байна. Монгол шавхагдашгүй нөөцтэй тул дэлхийн эрчим хүчний хүлээн зөвшөөрөгдсөн тоглогч болох бүрэн боломжтой. Цэций салхин парк энэ төслийн эхлэл.

-Софтбанк төрийн оролцоотой юу?
-100 хувь хувийнх, их том зорилттой компани. “Азийн супер сүлжээ”төслийн ажлын хэсэгт Софтбанк, БНХАУ-ын төрийн өмчийн, эрчим хүчний сүлжээний хамгийн том компани болох Стэйт грид,  БНСУ-ын Кэпко (Koreа Electrical power operation) гээд мөн төрийн өмчит компани, ОХУ-ын Россети зэрэг эрчим хүчний гигантууд багтдаг. Төслийн ТЭЗҮ-г боловсруулж байна.

Бид цаашид эдийн засгийнхаа нэг тулгуурыг сэргээгдэх эрчим гэж үзэх хэрэгтэй.  Боломж хэдийнэ үүссэн. Цэций салхин станцын бүтээн байгуулалт 2016 оны сүүлээр эхэлсэн юм. 2017 оны есдүгээр сард дууссан. Жил хүрэхгүй хугацаанд 50 мегаваттын ЦС-ыг монгол инженерүүд барьсан. Нийт ажилчдын 95 хувь нь монголчууд байсан. 80 орчим туслан гүйцэтгэгч компани оролцсон юм. Турбины хамгийн том үйлдвэрлэгч болох Вестасаас (Vestas) турбинуудаа худалдаж авсан. Энэ компани олон төсөл хэрэгжүүлснээс хамгийн хурдан хэрэгжүүлсэн төслөөр Цэций станц шалгарсан. Миний мэдэхээр дөрвөн монгол инженер Вестасийн Индонез, Вьетнам дахь төслүүдэд ажиллан, турбин угсарч байна. Бид хүний нөөцөө бэлтгэн, туршлагажуулах боломжтой.     

БАГАНУУР, БӨӨРӨЛЖҮҮТИЙН ТӨСЛҮҮД БИЙ Ч НИЙСЛЭЛИЙГ ДУЛААНААР ХАНГАХ ГАНЦ БЭЛЭН ТӨСӨЛ НЬ V СТАНЦ     

-Худалдан авагч нь ганцхан Япон гэхээр эрсдэлтэй л юм.
-БНСУ мөн бий. Өвөр Монголд маш олон тооны СЦ бий. Хятадын хойд хэсэг эрчим хүчний илүүдэлтэй байна. Тэд илүүдэл эрчим хүчээ манай шугамаар дамжуулан Япон, БНСУ-д нийлүүлэх хүсэлтэй. Японд 1 кВт салхины эрчим хүчийг 19 центээр авдаг. Бид үүнээс бага үнэ санал болговол худалдан авах нь гарцаагүй. 2020 оны олимпийн өмнө Японд цахилгаан нийлүүлнэ гэж тооцоолж байна.  Энэ бол их шаргуу төлөвлөгөө. ТЭЗҮ нь дуусах шатандаа орсон.

Энэ төсөл геополитикийн талаасаа мөн өндөр ач холбогдолтой. ОХУ, Монгол, БНХАУ, БНСУ, Япон эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсоноор аливаа зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх боломж олгодог. ЕХ-ны орнууд өөр хоорондоо эрчим хүчний сүлжээгээр холбогдсоны үр дүнд тэдгээр орнууд илүү нэгдмэл, нэг эрх ашигтай болсон гэж үздэг юм билээ.      

Хэдий нүүрс шатаах ч энэ станц ус ашиглахгүй, агаараар усаа хөргөх, дэвшилтэт технологи нэвтрүүлнэ.

-Та “Ньюком” группын ТУЗ-ийн гишүүн, Хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар давхар ажилладаг. V ЦС-ын төслийн талаар мэдээлэл өгөөч?
-Монголд өвөл их хүйтэн болохоор эрчим хүчээ 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжгүй. Айлуудыг дулаанаар хангахын тулд, паараа хөлдөөхгүйн тулд зайлшгүй ДЦС хэрэгтэй. V ЦС-ыг олон улсын санхүүжүүлэгчид дэмждэг шалтгаан нь энэ. АХБ, ЕСБХБ нүүрсний бусад төслүүдийг санхүүжүүлэхээ зогсоосон ч V ЦС-ыг санхүүжүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

Хэдий нүүрс шатаах ч энэ станц ус ашиглахгүй, агаараар усаа хөргөх, дэвшилтэт технологи нэвтрүүлнэ. Бид өнгөрсөн онд судлахад нэг кВт цаг цахилгааны өртөг 7 цент байсан. Дулаанаа үнэгүй хангана. Гэвч хугацаа алдах тусам өртөг өсөх эрсдэлтэй. Таван толгойн ЦС-ыг мөн л олон жил ярилаа. Энэ төсөл эхлэхгүй байгаа шалтгаан нь санхүүжилт байхгүй. 

Удах тусам нүүрсэн ЦС-ын өртөг өсөх бодит эрсдэл бий. Турбин үйлдвэрлэгчид багасч байна. Европын олон оронд нүүрсэн ЦС шинээр барихыг хориглосон тул турбин үйлдвэрлэгчид салхины турбинд хөрөнгө оруулах боллоо. Арван жилийн дараа нүүрсний турбин авах гээд хайхад олдохгүй болно. Олбол маш үнэтэй байна. Дэлхийн эдийн засгийн тогтолцоо ингэж өөрчлөгдөж байгаа болохоор бид хөл нийлүүлэх л хэрэгтэй.  

-Тавдугаар ЦС-ыг хаана барих вэ?
-Тэрэлж явах замд, Хонхорт гэж шийдвэрлэсэн. Бид шинэ байршилдаа тохируулан, ТЭЗҮ-ээ шинэчиллээ. Хөрөнгө оруулагчийн хувьд бид төслөө эхлүүлэхээр ажиллаж байна. Энэ төсөл Монголд тохирсон, хамгийн бодит шийдвэр. Бид эрчим хүчээр хараат бус байх ёстой. Гэр хорооллыг орон сууцжуулах талаар ярьж байна.

Тэгэхээр нийслэлийн дулааны эрэлт улам өснө. Багануур, Бөөрөлжүүтийн төслүүд бий ч нийслэлийг дулаанаар хангах ганцхан бэлэн төсөл нь V станц. Цахилгааны эрэлт өсөхөд бид хойд хөршөөсөө худалдан авах замаар шийдвэрлэж болно. Харин дулаанаа хаанаас хангах вэ? 

-2015 оноос эхлэн иргэдээс дэмжих тариф авах болж, сар бүр цахилгааны төлбөрт нэг кВтц цаг тутамд 11.88 төгрөг төлж байна. Тарифын орлого Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих санд төвлөрдөг үү эсвэл та бүхний үйлдвэрлэсэн төлбөрт зарцуулдаг уу?
-Төлбөр болгон бидэн рүү шилжүүлдэг. Цахилгааны төлбөрт улсаас мөн татаас олгодог. Үнэ зах зээлийн жамаар тогтоогүй л байна.

Дундаж өрх сард 150-200 кВт цаг ашигладаг. 200 кВт цагаар бодвол сард 1000-2000 төгрөг нэмж төлдөг болсон. Зөвхөн манай 2 станцаас жилд 200 орчим мянган өрх цахилгаан хэрэглэдэг. Салхин паркууд ус хэрэглэдэггүй, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулдаг тул байгаль орчинд ихээхэн ээлтэй.

Харин ДЦС-ууд өөрсдөө хашаандаа гүний худагтай тул ус их хэмжээгээр ашигладаг. Иймд дэмжих тариф бол байгаль орчинд оруулж буй хөрөнгө оруулалт. Айл бүр 2000 төгрөгөөр эко эрчим хүч худалдан авч байна гэдэг өнцгөөс хараасай.   

БИД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮР ШИМИЙГ ХҮРТЭЭД ЭХЭЛЧИХЛЭЭ 

-“Тогтвортой хөгжил 2030” гэх мэт баримт бичгүүдэд сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн тусгасан юм бол?
-2020 онд манай улс нийт эрчим хүчнийхээ 20 хувийг, 2030 онд 30 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс хангах зорилт дэвшүүлсэн. Түүнээс энэ салбарыг стратегийн нэг тулгуур багана гэж заагаагүй.

Гэхдээ бодлогын баримт бичигт 20-30 хувьд хүргэнэ гэсэн нь бидэнд томоохон хөшүүрэг болдог. Их зөв шийдвэр гаргасан гэж би боддог. АНУ Парисын гэрээнээс гарлаа гэж байхад бид ийм зорилт дэвшүүлсэн нь сайн хэрэг.

Одоогийн бидний нэг жилийн 1 гегаваттын хэрэглээ дэлхийн эрчим хүчний хэрэглээнд маш бага зай эзэлнэ. Сүүлийн жилүүдэд салхины 3, мөн тооны нарны станцууд ашиглалтад орчихлоо. Энэ салбарт 300 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсон. Оюутолгойн хөрөнгө оруулалтыг хасвал уул уурхайд оруулсан хөрөнгө оруулалттай манай салбарт оруулсан мөнгө тэнцэнэ.  Энэ нь сэргээгдэх эрчим хүч ашигтайг харуулна. Зөвхөн Цогтцэцийн төсөлд сүүлийн 2 жилд улсад 15 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Туслан гүйцэтгэгчээр ажилласан 80 компани мөн татвар төлсөн.

Дубайд дэлхийн хамгийн том, хамгийн хямд нарны станц барьж байна.

Сэргээгдэх эрчим хүчний үр шимийг бид хүртээд эхэлчихлээ. Үүний гол суурь нь 2007 онд баталсан, Сэргээгдэх эрчим хүчний хууль. Энэ хуульд үндэслэн дээрх хөрөнгө оруулалтуудыг хийсэн. Эрхзүйн талаас бодлогын маш том дэмжлэг, хөшүүрэг болсон юм.

Гэхдээ энэ салбар ганц Монголд ч биш, бусад улсуудад ч төрийн дэмжлэггүй, бие даан хөгжих боломж бүрдээгүй. Технологи нь шинэ, өндөр зардалтай. Цаашдаа сэргээгдэх эрчим хүчээ экспортлохын тулд юуны өмнө дотоодын тогтвортой байдлаа хадгалан, энэ салбарыг хөгжүүлэх хэрэгтэй.

-Сэргээгдэх эрчим хүчний ерөнхий төлөвийг харвал аль улс толгой цохиж байна?
-АНУ, Саудын Араб гэх мэт маш олон орон энэ салбарт хөрөнгө оруулж байна. Дубайд дэлхийн хамгийн том, хамгийн хямд нарны станц барьж байна. Эрчим хүчний ирээдүй бол сэргээгдэх эрчим хүч. Учир нь шавхагдашгүй нөөцтэй. Арабын Нэгдсэн Эмират, Катар зэрэг газрын тосны орлогоор хөрөнгөжсөн орнууд ганц салбараас хараат бус болгохыг зорьдог. Газрын тосны нөөц барагдаж байна. Мөн жил бүр сэргээгдэх эрчим хүчний зардал буурсаар байгаа нь хөрөнгө оруулагчдыг татдаг.

Саудын Араб яагаад энэ салбарт маш их хөрөнгө оруулсан гэхээр 20-30 жилийн дараа дэлхий даяараа эрчим хүчний сүлжээгээр холбогдохыг олж хараад л тэр. Өнгөрсөн 100 жилд хэн газрын тостой нь хөрөнгөжин, дэлхийн бодлогыг тодорхойллоо. Цаашид хэн сэргээгдэх эрчим хүч эзэмшинэ, тэр улс эрх мэдлийг атгана. Салхи хаа сайгүй байдаг мэт боловч ямар нягтшилтай үлээх нь чухал. Салхи бол бүтээгдэхүүн. Нар, салхины нөөцөө дэлхийн зах зээлд борлуулах л чухал. Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэж болохгүй.  

МАШИНАА ЦАХИЛГААНААР АЖИЛЛУУЛАХ Ч ЦАХИЛГААНАА НҮҮРСНЭЭС ҮЙЛДВЭРЛЭВЭЛ УТГАГҮЙ

-Сэргээгдэх эрчим хүчний ашиглалтын зардал буурсан гэсэн үг үү?
-Хөрөнгө оруулалтаа оруулсны дараа нэгж эрчим хүчний үнэ тогтмол буурч байна. Инженерүүд ажиллах гэх мэтээр ашиглалтын тодорхой зардал бий. Гэхдээ станцаа барьсны дараа бараг л үнэгүй эрчим хүч үйлдвэрлэнэ.        

Миний бодлоор бид  40-50 жилийн дараа сэргээгдэх эрчим хүч гэдэг нэр томьёог хэрэглэхгүй. Учир нь эрчим хүчээ 100 хувь сэргээгдэх эрчим хүчнээс гаргадаг болно.   

Өнгөрсөн 100 жилд хэн газрын тостой нь хөрөнгөжин, дэлхийн бодлогыг тодорхойллоо. Цаашид хэн сэргээгдэх эрчим хүч эзэмшинэ, тэр улс эрх мэдлийг атгана. 

Европын олон оронд 2030, 2040 он гэхэд бензин хөдөлгүүрт авто машин оруулахгүй гэж шийдвэрлэлээ. Энэ нь 20 жилийн дараа тэдгээр улс бензин хэрэглэхгүй гэсэн үг. Иймд авто машин үйлдвэрлэгчид бензин хөдөлгүүрээ хэрхэн сайжруулах тухай бус, цахилгаан авто машины үйлдвэрлэлд хөрөнгөө зарцуулна.

Энэ нь дэлхий даяар цахилгааны хэрэглээг нэмэн, тэр хэрэглээг хаанаас, хэрхэн нөхөх вэ гэхээр байгальд ээлтэй, нэмэлт зардалгүй сэргээгдэх эрчим хүчийг сонгоно. Машинаа цахилгаанаар ажиллуулах ч цахилгаанаа нүүрснээс үйлдвэрлэвэл утгагүй.

Энэ хандлага бидэнд ч хамаатай. Ирээдүйгээ өнөөдрөөр харж болохгүй. Манай улсын нэг жилийн нийт хэрэглээ 1 гегаватт. Энэ хэрэглээ өснө. Нийтээрээ цахилгаан машин унаад эхэлвэл энэ төрлийн машины үнэ буурч, бид ч олноор нь импортолно.      

Монголчууд их азтай. Манай говийн нар, салхины нийт нөөц Азийн нэг жилийн хэрэгцээг дангаараа хангах хүчин чадалтай. Монгол эрчим хүчээр дараагийн Саудын Араб болох боломжтой.

-Бид сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэснээр ямар хэмжээгээр хүлэмжийн хийн ялгаралт бууруулснаа тоолох механизмгүй явж ирлээ. БОАЖЯ энэ аргачлалыг боловсруулахаар ажиллаж байгаа юм билээ. 
-Хүлэмжийн хийн ялгаруулалтыг хэмжих олон улсын стандарт бий. Манай станцууд тус бүр жилд 50 мегаватт цахилгаан үйлдвэрлэнэ гэвэл ойролцоогоор 100 мянган айлыг цэвэр эрчим хүчээр хангасан гэсэн үг. Мөн нэг жилд 1.3 сая тонн ус хэмнэдэг. 50 мегаваттын нүүрсний цахилгаан станц барьвал жилд ийм хэмжээний ус ашиглах байжээ.

Мөн 200 мянган тонн хүлэмжийн хий ялгарах байсныг зогсоосон. Хүлэмжийн хийг худалдаж авдаг, худалддаг олон улсын механизм, зах зээл бий болчихсон. Яг бирж шиг. Парисын гэрээ, Киотогийн протоколд хүлээсэн үүргийнхээ дагуу улс орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулах ёстой. Гэвч нүүрсний станцтай, газрын тос олборлодог гэх мэт шалтгаанаар хүлэмжийн хийн ялгаралтыг амжилттай бууруулсан орнуудаас оноо худалдаж авдаг.  

Манай говийн нар, салхины нийт нөөц Азийн нэг жилийн хэрэгцээг дангаараа хангах хүчин чадалтай.

-Улс бүрийн бууруулах ёстой хэмжээ өөр үү?
-Тийм. Тухайн улсын эдийн засгаас шалтгаалан харилцан адилгүй. Нэг улс тухайн жилд 100 мянган тонноор хүлэмжийн хий бууруулах зорилт тавьсан ч 200 мянгаар буурууулсан бол 100 мянган илүү кредитээ худалдана гэж мэдээлдэг. Ингэж ажилладаг механизм байгаа юм. Энэ зах зээлд оролцохын тулд ямар үе шатууд дамжих, ямар шалгуурууд давах ёстой талаарх стандартууд бий.

Энэ бол хүлэмжийн хийг бууруулах дэлхий нийтийн санаачилга. Салхитын станц олон улсын зах зээлд оноогоо худалддаг. Нэгж хүлэмжийн хийн үнийг ч тогтоосон. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн тусламжтайгаар хэдэн тонн хүлэмжийн ялгаралтаас урьдчилан сэргийлж чадав гэдгийг бодитоор тогтоох мэргэжилтэн байхгүй. Иймд гаднаас мэргэжилтэн урьж, оноогоо баталгаажуулдаг. Энэ чиглэлийн боловсон хүчнээ бэлтгэх шаардлагатай бий.

-Оноо худалдсан орлого Монгол Улсынх уу эсвэл тухайн станц хүлээн авдаг уу?
-Хүлэмжийн хийг бууруулсан станц авдаг. Төрийн оролцоо байхгүй. Төр өөрөө сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр баривал төлбөрөө хүлээн авна.     

ХУУЧИРСАН СҮЛЖЭЭНД ТУЛГУУРЛАН ГУРАВ ДАХЬ САЛХИН ПАРКИЙГ НЭЭЖ БАЙГАА НЬ ИХ ТОМ ГАВЬЯА

-Ойрын хугацаанд ашиглалтад орох салхины шинэ парк бий юу?
-Энэ оны сүүлээр 55 мегаваттын хүчин чадалтай, Франц, Германы хөрөнгө оруулалттай, Сайншандын салхин парк ашиглалтад орно. Ингэснээр сэргээгдэх эрчим хүчнээс гаргах эрчим хүч өсөх юм.

Казахстанд 50 мегаваттын анхны салхин ЦС-аа одоо л барих гэж байна. 

Гэвч манай эрчим хүчний сүлжээ их хуучирсан. 1960-аад онд бүтээсэн тул сэргээгдэх эрчим хүч хүлээж авах байдал нь бүрэн хангагдаагүй. Учир нь сэргээгдэх эрчим хүч харьцангуй шинэ технологи. Улсаас сүлжээндээ хөрөнгө оруулж, сайжруулах шаардлагатай.

Нөгөөтээгүүр хуучирсан сүлжээнд тулгуурлан гурав дахь салхин паркийг нээж байгаа нь их том гавьяа. Манай хоёр станц өнгөрсөн хугацаанд нийт 40-50 сая кВт цахилгаан нийлүүлсэн. Энэ хэрээр импортын эрчим хүч буурсан юм. Мөн нэгж үнэ нь 10-11 цент байсан бол 9 болж буурсан.

Казахстанд 50 мегаваттын анхны салхин ЦС-аа одоо л барих гэж байна. Оюутолгой гэх мэт 7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай, цоо шинэ технологи ашиглах төслийг бид Рио Тинто, BHP эсвэл Англо Американ гэх мэт гадны томоохон компанитай хамтралгүй хэрэгжүүлж чадахүй. Харин сэргээгдэх эрчим хүчний станцуудыг Монголчууд өөрсдөө барьж, ашиглаж чадна. “Ньюком” бол 100 хувь үндэсний компани.

Цэций салхины нийт нөөц 250 мегаватт. Бид эхний 50 мегаваттын станцаа барьчихсан. Одоо 200 мегаваттын өргөтгөл дээр ажиллаж байна. Ийм хэмжээний сэргээгдэх эрчим хүч нийлүүлэхэд манай сүлжээ хүлээж авах боломжтой эсэхийг судалж байна. Цогтцэцийгээс УБ хүртэл олон км урт дамжуулах шугамууд бий. Зарим нь сайн, зарим нь муу шугам. Мөн олон дэд станцаар дамжуулдаг тул дунд нь эрчим хүч алдагддаг гэх мэт техникийн бэрхшээл бий.            

-Танд баярлалаа.

Эх сурвалж: GOGO.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй