2018-02-23
Наймхан настай гуравдугаар ангийн сурагч, хуучнаар бол нэгдүгээр ангийн жаахан хүүхдүүдээс олимпиадын шалгалт авч байна хэмээн тасралтгүй хоёр цаг орчим суулгаснаас болж бяцхан охин яаж ч чадалгүй өмдөндөө шээж, ангийнхаа 60 гаруй хүүхдэд шоолуулж, чичлүүлсэн байж боломгүй явдал нийслэлийн 24-р дунд сургуульд гарсан талаар манай сайтад нэгэн иргэн мэдээлсэн юм. Бид иргэн Б-тэй ярилцлаа.
-БИЕ ЗАСМААР БАЙНА ГЭХЭД НЬ “ТЭВЧ” ГЭЖ ХЭЛЖЭЭ-
-Шалгалтын дундуур бие засъя гэхэд нь гаргаагүйн улмаас танай охин өмдөндөө шээсэн гэлээ. Юу болсон талаар тодорхой ярихгүй юу?
-Миний охин биш ээ. Би нагац эгч нь байгаа юм. Дүү аав, ээжтэйгээ Шведэд амьдарч байгаад өнгөрсөн жил буцаж ирээд, энд 24-р сургуульд 2-р ангид элсэж орсон. Энэ жил гуравдугаар анги. Улсын мундаг сайн сургууль гэж хөөцөлдөж байж оруулсан. Хичээлийн дундаас орж ирсэн болохоор сайн найз нөхөдтэй ч болж амжаагүй. Бүрэг, хэлний бэрхшээлтэй, шведээр сайн ярьдаг, монгол хэлээр сайн ярьж чадахгүй, дээрээс нь бөөрний үрэвсэлтэй хүүхэд л дээ. Шээс нь хэтэрхий их хүрвэл барьж чаддаггүй бэрхшээлтэй хүүхэд. Гэтэл уржигдар Нийслэлийн боловсролын газраас сургуулиудад зохион байгуулж байгаа гэсэн олимпиад 24-р сургууль дээр болсон юм байна. Гуравдугаар ангийн хүүхдүүд гэдэг найман настай, хуучныхаар бол нэгдүгээр ангийн хүүхдүүд байхгүй юу. Багш нар нь солигдоод, өөр өөр ангид шалгалт авсан байгаа юм. Манай дүүгийн ангиас өөр ангийн багш орж ирж шалгалт авахдаа хүүхдүүдийг хоёр цаг орчим бүтэн суулгасан байгаа юм. Дундуур нь манай дүүгийн шээс хүрээд бүр тэсэхээ байгаад “Бие засмаар байна” гэж шалгалт авч байсан багшдаа хэд хэд хэлсэн байсан. Хүн шээс нь хүрч байхад яаж төвлөрч шалгалт өгөх юм бэ. Хүүхэд өөрийнхөө биеийн онцлогийг мэдэж байгаа шүү дээ. Аргагүй болоод багшаасаа гуйхад “Шалгалтын дундуур хэнийг ч гаргахгүй, чи тэвч” гэж хэлсэн байсан. Ингээд дүү маань тэвчсэн ч яаж ч чадалгүй өмдөндөө шээчихсэн байсан. Хүүхдийг өмдөнд нь шээтэл нь шалгалт авдаг ямар дүрэм журам байна вэ.
-Шалгалт авч байхад гарч болохгүй гэдэг ч шээж болохгүй гэсэн дүрэм журам байдаггүй биз дээ?
-Энэ бол шээх гэсэн хүүхэд гаргаагүй гэсэн ганцхан асуудал биш. Би өөрөө ILTS, TOFEL гэх мэт олон улсын стандарт шалгалтууд өгч үзэж байсан. Тэнд насанд хүрсэн хүмүүсээс шалгалт авахдаа хүртэл шалгагч багш орж ирээд шалгалтынхаа дүрмийг уншаад, ийм ийм хүндрэл гарвал гараа өргөөд бидэнд ханд. Ийм үеэр бие засч болно гэж бүх зүйлийг нь хангаж өгдөг. Шалгалтын өмнө бүх дүрэм журмаа танилцуулж байж шалгалтаа эхэлдэг. Хүн чинь робот биш шүү дээ. Хэзээ бие засмаар болох, хэзээ бие нь гэнэт өвдөхийг хэн ч хэлж мэдэхгүй. Биологийн нөхцөл байдлыг нь тооцож, түүнд нь зохицсон хугацаанд шалгалт авах ёстой. Гэтэл гуравдугаар ангийн найман настай жаахан хүүхдүүдийг хоёр цаг ангиас нь гаргахгүй, шээе гэж гуйгаад байхад нь тэвч гэж хэлээд өмдөнд нь шээлгэдэг хууль дүрэм хаана байна гэж асуумаар байна. Боловсролын яамныхаан сургуулийн орчинд явагдаж байгаа аливаа үйл ажиллагаанд баримтлах техник стандарт, дүрэм журам гэж юм байна уу. Хэрвээ байдаг бол түүнийгээ хүүхдүүдийн нас, бие физиологийн онцлогт яаж тохируулсан байдаг юм бэ. Багш нар нь үүнийг мэддэг юм уу гэдэг асуулт асуумаар байна.
-ДҮҮГЭЭ АНГИДАА ШЭЭСНИЙГ БИД БҮР ГУРВАН ЦАГИЙН ДАРАА МЭДЭЖ ОЧСОН-
-Ангидаа шээх үед хүүхдүүд ямар байдалтай харьцсан байсан бэ?
-Дүү маань шээнгүүт хажууд нь сууж байсан эрэгтэй хүүхэд “Энэ шээчихлээ ш дээ” гээд анги дүүрэн орилсон байсан. Ингээд багшийн техник алдаа, хүндрэлээс болоод ангид байсан 60 хүүхэд бүгд миний дүүг ангиараа шившиглээд шоолсон байсан. Эмэгтэй хүүхэд шүү дээ. Айна, ичнэ, хүнд байдалд орно. Сэтгэл зүйн асар хүнд шок болж амьдралд нь хар толбо үлдэж байна. Багш нар нь л зөвөөр ойлгохгүй бол хүүхдүүд юмны учир мэдэхгүй болохоороо бие биедээ хайр гамгүй ханддаг шоолдог, доромжилдог. Өмдөндөө шээдэг гэсэн хоч тавдугаар ангид нь ч, 12-р ангид нь ч, магадгүй амьдралынх нь туршид дагана. Үүнээс үүдэлтэй хүүхэд хичээлдээ муудах, өөртөө итгэлгүй болох, өөрийгөө хүндлэх хүндлэлээ алдах, энэ нь явсаар байгаад сэтгэл зүйн хямрал болох, цаашлаад том ангидаа ороод хамт олноосоо зожигрох, магадгүй амиа хорлох асуудал тулгарвал гуравдугаар ангид байхад шээлгэсэн багш нар нь хариуцлага хүлээх үү. Хүлээхгүй. Багш нар нь ерөөсөө л танай шээрэн хүүхэд шээчихлээ, наад хүүхдээ авч яваад цэвэрлэ гэх нь холгүй сууж байгаа юм. Юу хийснээ, ямар алдаа гаргаснаа, хүүхдэд ирээдүйд нь ямар хохирол учруулснаа мэдэхгүй байна.
-Охиныг ангидаа шээснийг та бүхэн яаж мэдсэн юм бэ?
-Хүүхэд шээлээ гэхэд тэр дор нь шалгалтын дундуур гаргаад ч юм уу багш нарынхаа өрөөнд оруулаад өмдийг нь тайлаад нэг юмаар хучаад суулгачихаад бид нар луу утасдаж хэлэх ёстой биз дээ. Гэтэл утасдаагүй. Бидэнд ямар ч хэл ус дуулгаагүй. Хүүхдээ ийм эвгүй байдалд орчихоод, шээсэндээ хутгалдаад, уйлаад, хүүхдүүдэд шоолуулаад сууж байгааг гурван цагийн дараа мэдсэн. Ангийнх нь охин шалгалтын дараа гүйж очоод дөрөвдүгээр ангид сурдаг үеэл эгчид нь хэлсэн байсан. Ингээд эгч нь гүйж очиж дүүгээ аваад тэгээд эмээ рүүгээ, над руу утасдаж хэлж байгаа юм. Үеэл эгч нь ангид нь очиход ангиараа дүүрэн дүүг маань шоолчихсон, манай дүү уйлчихсан, эгчдээ “Би энэ сургуульд дахиад хэзээ ч явахгүй” гэж хэлсэн байгаа юм. Шалгагч багш, ангийн багш нь бүгд миний дүүг тоохгүй шээстэй нь хаячихсан байхад есхөн настай эгч нь дүүгээ очиж авсан байсан. Биднийг очиход сандлаасаа босохгүй суусаар байгаад өмд нь шээсэндээ дарайгаад хатчихсан байсан. Гэтэл багш нь би өөр ангид шалгалт авч байсан болохоор мэдээгүй, манай ангийнхан ч мэдээгүй гэж хээв нэг хэлж байгаа юм.
-БАГШ НАР МЭРГЭЖЛИЙН ТОМ АЛДАА ГАРГАСАН-
-Та бүхнийг сургууль дээр очиход ямар байдалтай байсан бэ?
-Ангийнх нь хүүхдүүд бүгд мэдчихсэн, шоолоод л байсан. Нэлийтэл шалаар нэг шээс болчихсон байхад тэрийг хэн ч арчаагүй. Биднийг очиход халтартаад хатчихсан байсан. Шалгагч багш нь ч тэр, ангийн багш нь ч тэр миний дүүд анхны тусламж үзүүлээгүйд маш их гомдолтой байгаа. Энэ бол тийм аймаар мэргэжлийн өндөр ур чадвар шаардаад байх зүйл биш. Зүгээр л хүний наад захын ёс зүйн асуудал яригдаж байна. Энэ багш нар мэргэжлийн маш том алдаа гаргаж байна.
-Сургуулийн захирал, удирдлагуудад хандсан уу?
-Хэнд гомдол гаргах вэ гэтэл энэ сургууль захиралгүй байгаа юм байна. Захирал нь ажлаасаа халагдсан гэсэн. Боловсролын тогтолцоонд бага насны хүүхэдтэй харьцаж байгаа багш нарт тавих стандарт, дүрэм гэж байна уу. Багш нар нь үүнийгээ шат шатандаа ойлгож байна уу. Дээрээс нь хүүхэд хамгааллын асуудалд огт анхаарахгүй байна. Хүүхэд асар их цочирдоод шоконд орчихоод байхад сургуулийн сэтгэл зүйч эмч байдаг бол яагаад тусламж үзүүлсэнгүй вэ. Миний дүү цаашид энэ сургуульд сурах ямар ч боломжгүй болчихлоо. Өөр сургуульд ортол нэлээд хугацаа шаардана. За орлоо гэхэд хуучин сургуулиасаа ингээд шилжсэнийг маань мэдэх болов уу гэх айдас хүүхдэд төрнө. Шинэ орчинд яаж дасч зохицох, ямар хамт олон угтах вэ. Багш нар цаашид ийм байдал гаргасаар байх уу гэх мэт маш олон асуудал асуултын тэмдэг хэвээр үлдэж байна.
-Багш нар нь өөрсдийнхөө бурууг хүлээж байна уу?
-Ангийн багш нь бидэн рүү уурлах маягтай харьцсан. Би мэдээгүй байсан. Эмээ рүү нь утасдаж хэлсэн гэх мэтээр буруугаа хүлээх нь бүү хэл урдаас тайлбар тавьж байсан. Анхны тусламж үзүүлж чадаагүй багш нар нь одоо ядаж ангийнхаа хүүхдүүдийн өмнө “Бидний буруу байсан юм. Багшийн алдаанаас болоод ийм байдалд хүрлээ. Та нарт ч гэсэн ийм асуудал тулгарч болох байсан. Найзынхаа оронд өөрийгөө тавиад бодож үзээд, найзыгаа битгий шоолоорой” гэж сэтгэл заслын яриа хийж өгөх байх гэж найдаж байна. Нэг хүүхэд бөөрний үрэвсэлтэй байж байгаад шээсээ барьж чадалгүй шээсэн ганц тохиолдол гарлаа гэх биш, ер нь эрүүл хүүхэд ч тэр шээс хүрсэн л бол гарах ёстой шүү дээ. Хэн, хэдийд шээхээ хэзээ ч тааж мэдэхгүй. Эрүүл хүүхэд ч тийм асуудалд орно. Өвчтэй хүүхэд байсан гэдгээр нь ойлгоод байх шаардлага байхгүй. Шалгалтын дундуур зөвшөөрөл өгөөд, бие физиологийн шаардлагыг нь хангуулах нь жирийн стандарт гэж бодож байна. Гэтэл энэ жаахан хүүхэд шээс нь хүрээд хэцүүдэж байна гэж харахгүй, харин энэ худлаа хэлж гараад хуулчих вий, шалгалтдаа өндөр оноо авчих вий гэсэн муухай байдлаар хүний хүүхдийг харснаас ийм зүйл боллоо гэж бодож байна.
-БАГШ НАРТ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНД АРГА ХЭМЖЭЭ АВНА ГЭВ-
Энэ ярилцлагын дараа бид охины нагац эгчтэй хамт 24-р сургууль руу очиж багш нартай нь уулзахаар болсон юм. Биднийг очиход өдрийн ээлжийн ангийн хүүхдүүд хичээлдээ ирж буй бололтой, багш нар нь хүүхдүүдээ хүлээж аваад тун завгүй байв. Бид охины ангийн багштай уулзаж, тайлбар авах гэхэд “Миний яриаг бичиж авах гээд байгаа юм уу. Тэгвэл ярихгүй” хэмээгээд зугтав.
Тиймээс Бага боловсрол хариуцсан менежертэй нь уулзаж, болсон үйлд явдлын талаар тайлбар авсан юм. Тэрбээр “Шалгалтын дундуур хүүхэд гаргаж болохгүй гэсэн дүрэм байдаг. Гэхдээ шээлгэхгүй, тэвчиж бай гэж хэлэх дүрэм байхгүй. Энэ явдлын хувьд багш нар хоорондоо солигдож, өөр өөр ангиудаас шалгалт авсан байсан. Тэгж солигдохоос өмнө анги удирдсан багш нь ангийнхаа бүх хүүхдийг бие засуулаад, бүх зүйлийг нь тайлбарлаад, цаас балыг нь бэлдүүлсэн байх ёстой байдаг. Тэгээд надаас сэдвээ авсан багш нар ангиудаа сольж хуваарилж аваад шалгалт авсан.
Охины ангиас шалгалт авсан багш нь өөр ангийн хүүхдүүдийн онцлогийг мэдэхгүй учраас шалгалтын дэгээ бариад, тухайн охиныг гаргаагүй юм билээ. Шалгалт авсан залуу багш ч гэсэн манайд 5-6 жил ажиллаж байгаа туршлагатай багш. Тэгээд бие засъя гэхэд нь гаргахгүй гэсэн юм билээ. Энэ тохиолдолд ангийн багш хүүхдүүдээ шалгалтад бэлдээгүй алдаа гаргасан байна. Мөн шалгалт авсан багш хүүхдийг шээе гэж байхад нь гаргаагүй нь алдаа болсон. Тиймээс бид багш нартайгаа ярилцаад тодорхой хэмжээний арга хэмжээ авна гэж бодож байна. Цаашид анхаарах хэрэгтэй юм байна гэдгийг мэдлээ. Баг нартаа ч захиж хэлэх хэрэгтэй” гэлээ.
-ШАЛГАЛТ АВСАН БАГШ БУРУУГАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, УУЧЛАЛ ГУЙВ-
Энэ үед Бага боловсрол хариуцсан менежерийн өрөөнд охины ангийн багш болон шалгалт авсан багш ч орж ирлээ. Ангийн багшийн хувьд өөрийгөө тодорхой байдлаар буруутгахыг огт хүссэнгүй. Сүүлдээ уурлаж “Ажил хийж байгаа хүмүүст саад битгий бол. Бид одоо ажлаа хиймээр байна” хэмээн гарч одов.
Шалгалт авсан гэх залуу багш буруугаа ойлгож байгаагаа хүлээн зөвшөөрч, охины авга эгчээс уучлал гуйсан юм. Тэрбээр “Би тухайн үед шалгалт авч байсан болохоор охиныг шээсний дараа ямар арга хэмжээ авч, яах ийх учраа олоогүй. Гэхдээ шалгалтыг хоёр цаг аваагүй. 50 минут авсан. Шалгалт 15:10-т эхлээд 16:00 цагт дууссан. Тэгэхээр охин 14:00 цагт ангидаа орж ирснээсээ хойш шалгалт дуусах хүртэл хугацааг хэлсэн байх” хэмээн тайлбарлаж байлаа.
БСШС-ын сайдын 2013 оны наймдугаар сарын 16-ны өдрийн А/309 тоот тушаал, БСШУСЯ-ны 2015 оны нэгдүгээр сарын 28-ны тушаалаар тус сургууль “Улсын шалгалт зохион байгуулах дэг” гэж боловсруулсан юм байна. Уг дэгийн 1.10-т “Сурагчид ямар нэгэн шалтгаан гараад шалгалт дундуур гарах шаардлага гарвал туслах багш хамт гарна. Утас электрон хэрэгслийг хаасан байна” гэж заасан байна.
Тус сургуулийн багш нарын ярьж байгаагаар олимпиадын болон бусад шалгалтын үеэр ч энэ дэг үйлчилдэг бөгөөд дээрх тохиолдолд шалгагч багш ганцаараа шалгалт авсан. Боловсон хүчин дутмагаас болж туслах багш байхгүй байсан гэх тайлбарыг Бага боловсрол хариуцсан менежер нь өгч байна.
Ямартаа ч 24 дүгээр сургуулийн Бага боловсролын менежер болон шалгалт авсан багш нар буруугаа хүлээж, охины ангийн сурагчдад болсон явдлын талаар эерэгээр тайлбарлаж, “Багш нарын буруугаас ийм зүйл болсон. Та нарт ч ийм зүйл тохиолдож болно. Тиймээс найзынхаа оронд өөрийгөө тавьж бодоод, нэгнээ шоолохгүй байгаарай” хэмээн сурагчдаас уучлал гуйсан юм.
Энэ тохиолдол ингээд өнгөрдөг юм байж. Гэвч охин дахиж энэ сургуульд сурахгүй гэсэн учраас нагац эгч нь багшаас нь хувийн хэргийг нь авахаар 24-р сургууль дээр үлдлээ. Ил гарсан нь л энэ тохиолдол болохоос хэдэн үрс ингэж шээсээ тэвчиж, нулимс цийлэлзүүлж, эцэстээ тэсгэл алдан ангидаа шээж, шившиглэгдэн шоовдорлогдож байсныг бид мэдэхгүй. Цаашид ч хэрхэхийг мэдэхгүй. Энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ?
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд