2018-01-22
Өнөөдөр улсын нийслэл гэлтгүй аймаг, сум бүрийн сургуулийн дэргэд PC тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байна. Орхон аймагт л гэхэд 11 PC тоглоомын газар ажиллаж байгаагаас нь зарим нь журам дүрмээ зөрчин, хүүхдүүдийг хоногийн 5 мянган төгрөгөөр хоногоор тоглуулах, эрүүл ахуйн шаардлага стандарт нийцээгүй орчинд үйлчилгээ үзүүлсээр байгаа юм. Энэ нь нийгэмд PC тоглоомын донтолт, сэтгэцэд нөлөөлөх голлох хүчин зүйлсийн нэг болоод байна. Улмаар хүүхдүүд хичээл сургуульдаа дур сонирхолгүй болж, эцэг эх гэр бүлийнхэндээ худлаа хэлж, бусдад уруу татагдах зэрэг тохиолдлууд нэмэгдэх хандлагатай байгаа.
Хамгийн гол нь мэдрэлийн ядаргааны улмаас ууртай, цочмог болж түгшимтгий, дотогшоогоо болохын сацуу хий зүйл сонсох, харж эхэлдэг байна. Тэгвэл Орхон аймаг анх удаа зууны сэтгэцийн өвчлөлийн тэргүүлэх шалтгааны нэг болсон PC тоглоомыг халсан аймаг болох талаар ярилцаад эхэлжээ. Манай улсын хувьд СЭМҮТ-д анх 1996 онд компьютер тоглоомын донтолт оноштойгоор эмчлүүлж эхэлж байсан бол өдгөө жилдээ 100 хол давсан хүүхэд эмчлүүлдэг гэх тоо баримт бий. Гэхдээ энэ бол нэг ёсондоо эцэг эх, асран хамгаалагчийн хяналт сайтай хүүхдүүд гэсэн үг. Хамгийн эмгэнэлтэй нь РС-нд донтохоос гадна сүүлийн үед хараа, сонсгол муутай, мэдрэлийн хэт ядаргааны улмаас нүүр, ам нь татдаг, ухаан алддаг, хий юм хардаг болдог байна.
Мэргэжлийн эмчийн хэлснээр насанд хүрсэн хүн өдөрт 40 минутаас илүү хугацаагаар компьютерийн урд суухад л мэдрэлийн эсүүд цочролд орж, судас нарийсдаг байна. Мөн энэ өвчнөөр ихэвчлэн бага насны болон өсвөр насныхан өвчилдөг нь тэдэнд PC тоглоомоос өөр чөлөөт цагаа өнгөрөөх газар дутмаг байгаатай холбоотой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Дэлхийн улс орнуудын хувьд Австрали улс, Хятад улсад PC тоглоомыг хатуу хорьдог бол Монгол Улсад анх удаа Орхон аймаг PC тоглоомыг хорьж, халсан анхны аймаг болох эсэх нь хуулийн хүрээнд судалгаа явуулсны үндсэн дээр шийдвэрлэгдэх юм.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд