Хэнтийгээс Ховдыг зорин ирж, хүн барьцаалж зугтсан хэргийн эргэн тойронд

2019-10-23

Ховд аймгийн төв Жаргалант суманд энэ сарын 19-ний өдөр хүн барьцаалж,  дээрэмдэх зорилгоор авч явсан гэмт хэрэг гарсан билээ. Энэ тухай Ховд аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, Цагдаагийн хошууч Ш.Сүхтулгаас тодруулж, мэдээлэл авлаа. 

Ховд аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, Цагдаагийн хошууч Ш.Сүхтулга

 -Хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ  сарын 19-ны өглөө 08:00 цагийн орчимд Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр, Талын буудлаас урагшаа Зах руу чиглэсэн замаар хохирогч С машинтайгаа явж байхад араас нь жижиг машин тулж,   шүргэсэн байгаа юм. Тэр үед С машинаасаа буугаад,  арын машины хажууд очсон юм билээ. Гэтэл  доторх хүмүүс нь бууж ирээд,  хутга тулган машиндаа суулгаад явсан. Хохирогчийн машиныг нэг этгээд нь унаад,  хоёр машин Ховдоос гарч Увс аймаг руу явсан байгаа юм. Тэгээд Увс аймаг ороод,  тэндээсээ Завхан аймгийн Сонгино суманд явж байхад нь манай Цагдаагийн хэсгийн шуурхай ажиллагааны үр дүнд тухайн газар дээр саатуулан баривчилсан.

Ийнхүү бүлэг этгээдүүдийг баривчилж,  Ховд аймгийн 457 дугаар Хорих ангийн Цагдан хорих ангид саатуулан мөрдөн байцаалт явуулж байна. Харин хохирогчийг Улаанбаатар хот руу эмнэлэгт үзүүлж, шинжлүүлэхээр явуулсан.

- Анх уг хэрэг гарсныг хэзээ, хэрхэн яаж, хэн мэдсэн бэ?

- Өдөр 12:00 цагийн үед хохирогч С-ын ар гэрээс манай Цагдаагийн газарт дуудлага өгсөн. Өглөөнөөс хойш утас нь холбогдохгүй сураггүй байна гээд. Тухайн өдөр төлөвлөсөн ажил байсан юм шиг байгаа юм. Тэгээд манай Цагдаагийн газар эрэн хайх ажиллагаа явуулж,  шуурхай арга хэмжээ авсан.

- Бүлэг этгээдүүдийн хувьд хаанахын харъяалалтай, юу хийдэг хүмүүс вэ?

-Бүгд Хэнтий аймгийн харъяалалтай хүмүүс байсан. Тодруулбал, 17-19 насны  гурав, 55 настай 1 этгээд бүлэглэн уг хэргийг үйлдсэн.

-Хохирогчид яг ямар гэмтэл учруулсан бэ?

-Мэдээж сэтгэл санааны хувьд их цочиролд орсон байгаа байх. Хөл гаранд нь хөнгөн хэлбэрийн мэсний гэмтэл учруулсан байсан. Үйлдэгдсэн хэрэгт Ховд аймгийн цагдаагийн газраас хэрэг үүсгэн,  мөрдөн байцаалтын ажил явуулж байгаа тул шинжээчийн дүгнэлт гартал өөр мэдээлэл өгөх боломжгүй. 

ХОХИРОГЧ Ш.С  ГЭЖ  ХЭН БЭ?

 Ховд аймагт гарсан энэ гэмт хэрэг  олон нийтийг сэртхийлгэж, анхаарал татсан.  Гэгээн цагаан өдрөөр аймгийн төв дотроос хүн барьцаалан  авч явна  гэдэг бол иргэдийн аюулгүй байдалд заналхийлсэн, айдаст автуулсан хэрэг  яах аргагүй мөн.

Хохирогч Ш.С-ын хувьд Увс аймгийн  харъяат, тус аймгийн Хар тарвагатайн нүүрсний уурхай, Ховд аймгийн “Бадамлах дөл” дулааны станцын захирал юм. Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант сумын зарим байр орон сууц өнөөдрийг хүртэл халаалт дулаангүй зутарч байгааг хариуцах  “эзэн” билээ. Цаг тухайд нь засвар үйлчилгээгээ хийдэггүй. Жилийн жилд л халаалтын үе эхлэхэд засвар, эвдрэл гэмтэл нэрээр халаалт дулааны  гомдол санал хөвөрдөг байдал Ховд аймагт жирийн үзэгдэл болсон.

“Халаахгүй, хөлдөөхгүй” гэсэн зарчимтай гэсэн  жиг жуг яриа энэ жил ч гарч л  байна. Өнөөдрийг хүртэл халаалтгүй  байгаа газар нэлээд бий. Энэ мэт асуудлаас үүдэн сүүлийн жилүүдэд Ховд аймгийн иргэд, төр захиргааны байгууллагуудын зүгээс дулааны станцыг төрд буцаан авах тухай яриа  гарч байгаа ч нэг л “барьцаа” олж өгөхгүй байгаа. Учир нь асуудал үүсэх бүрт Эрчим хүчний яамнаас “менежментийн баг” ажлуулах хүсэлтэй байдаг ч хүртэл ажил хэрэг болоогүй явна.

Ховд аймгийн “Бадамлах дөл” дулааны станц

 Энэ дулааны станцыг  2008 онд хувьчилсан байдаг ч тухайн үеийн бичиг баримт архивт бүрэн хадгалагдаагүй, хувьчлалын хувьд эргэлзээтэй, ашиг сонирхолын зөрчилтэй, хууль бус үйлдэл их харагддаг. Гэтэл энэ асуудлыг өнөөдрийг хүртэл сөхөж гаргаж, шийдвэрлэхгүй байгаа нь энэ хүний танил тал,  “улс төрийн нөлөө”-ний  хэр хэмжээг илэрхийлэх мэт.  

Тухайн үед 300 орчим сая төгрөгөөр хувьчлан авсан гэдгийг эх сурвалжууд мэдээлдэг. Гэхдээ мань хүн одоо уг дулааны станцыг зарахдаа хүрвэл 7 тэрбум орчим төгрөгөөр үнэлнэ гэж дуугардаг байсан ч сүүлийн жилүүдээс зарах, төрд буцаан өгөх тухай ярихаа больсон байдаг. Учир нь энэ жил түүний хэлж байгаагаар аймгийн төвийн зарим төв шугаманд нийтдээ 1 тэрбум орчим төгрөгийн засвар шинэчлэлийн ажил хийж байгаагаа мэдэгдсэн.

Ингэж Ховдын ард түмний амны уншлага мэт болсон халдаггүй, хөлддөггүй халаалтын зовлонг шуудхан хэлэхэд “хатуухан эдлүүлж” байгаа хүн гэж хэлж болно. Тухайн хүний асуудал бол нэг иймэрхүү.

 ХЭРЭГ ҮЙЛДЭГЧИД ХЭНТИЙГЭЭС ХОВДЫГ ЗОРИХ ШАЛТГААН ЮУ ВЭ

 Барьцаалагдсан хүн хэн байсан нь хамаагүй, энд бусдын амь нас, эрүүл мэнд яригдаж байна. Гэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тун сонирхолтой. Гэмт этгээдүүд улсын зүүн захаас, хаа байсан Хэнтий аймгаас Ховдыг зорьж оччихоод, яагаад гэгээн цагаан өдөр хүн барьцаалав. Бүр аймгийн төвөөс шүү дээ.  Хүн барьцаалахдаа олон камерт өртөнө гэдгээ тооцоолоогүй нь сонин. 

 Тухайлбал, Өглөө 08:00 цагаас аймгийн төвөөс барьцаалж авч яваад,  Увс аймаг оруулаад , тэндээсээ Завхан аймаг руу явсан байгаа юм. Тийм гэнэн “томоогүй” байтлаа тэр холоос зорин ирээд хүн барьцаалах уу, үүний цаад шалтгаан юу байв? Ямар мөнгөтэй хүн мундсан биш. Тэгээд ч одоо цагт бэлэн мөнгө биедээ авч явах хүн ховор.

Түүнээс гадна  улсын дугаар, бүртгэлтэй  машинтай нь авч явж байгаад баригдах вий гэсэн болгоомжлол байгаагүй юу гээд эргэлзэх зүйл  энэ хэргийн эргэн тойронд байгаа юм.  Мөн цахим орчинд  мэдээлж байгаа шиг хохирогчийн гуянд хоёр удаа хутгалсан гэдэг нь худал мэдээлэл байв. Гэхдээ хөнгөн хэлбэрийн мэсний шархтай байсан нь үнэн аж. Хохирогч С энэ сарын 21-ний өдөр онгоцоор Улаанбаатар хотыг зорьсон бөгөөд өнөөдрөөс эмнэлэгт үзүүлж байгаа гэж ар гэрийнхэн нь хэлсэн.

Магадгүй “хувь хүний хардах эрх”-ийг өнөөдөр хуулиараа эдэлж байгаа нөхцөлд нэг зүйлийг тодруулахад,  үүнийг зохион байгуулагч нь хэн байв гэдгийг урвуулж харах бодолтой олон хүн байгаагийн нэг нь сэтгүүлч  миний бие.

Хэрэг үйлдэгчид тэгэхээр Хэнтийгээс Ховдыг яагаад зорих болов. Эзний захиалгаар уу, адын сэдлээр үү гэдгийг хууль шүүх нь тодруулна байх. Юутай ч ийм нэг гаргалгаа олны дунд байгааг сонордуулъя. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир зохион байгуулалттай биш л бол тун удахгүй хууль шүүхийн байгууллагын шийдвэр үнэн зөв, ил тодоор гарах байх гэж найдаж байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй