Б.Мандухай: “Comedylab”-ын Д.Амартүвшин бусдыг хорт муу зуршил руу уруу татаж, уриалж болохгүй

2019-09-20

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Мандухайтай хар тамхины хор хөнөөлийн талаар ярилцлаа.

-Хар тамхины хэрэгт дандаа мөнгөтэй, баян хүмүүс холбогддог гэж ойлгодог байлаа. Гэтэл өнөөдрийн бодит амьдрал дээр амьжиргааны түвшнээс доогуур орлоготой хүмүүс ихээр холбогдох болсон гэж сонслоо?

-Хар тамхи буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэг гэхээр зөвхөн тухайн бодисыг хэрэглэдэг хүмүүсээр төсөөлөөд байдаг. Гэтэл энэ төрлийн гэмт хэрэг гэдэг нь тухайн бодисыг хууль бусаар хадгалж, борлуулж, тээвэрлэж, завшиж, улсын хилээр нэвтрүүлж байгаа үйлдлүүдийг хэлж байгаа юм.  Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисууд тодорхой үнэ ханштай байдаг. Ямар ч орлогын эх үүсвэргүй, амжиргааны түвшин доогуур айлын хүн зугаа цэнгэлийн төлөө хар тамхи худалдаж аваад хэрэглэнэ гэдэг хэцүү. Гэтэл нөгөө талаасаа сүүлийн жилүүдэд бүртгэгдэж байгаа гэмт хэрэгт хийсэн судалгаанаас харахад амьжиргааны түвшин доогуур, тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс ч энэ төрлийн хэрэгт холбогдож байна. Гэвч тэдний ашиг сонирхол харилцан адилгүй байдаг. Тэдний зарим нь аливаа төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг зөвхөн хэрэглэж, мансуурах зорилгоор олж авч, хэрэглэдэг. Мансууруулах бодисоо олж авахын тулд худлаа ярина, хулгай хийнэ, бусдыг залилна, гэр орныхоо эд зүйлийг зарна үрнэ гэх мэт. Харин зарим нь тухайн бодисыг худалдаалах зорилгоор олж авч, хадгалан, бусдад худалддаг. Тэд нар хийж буй үйлдэлээ хууль бус хориотой гэдгийг мэдэж байдаг ч санаатайгаар үйлддэг. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад зарж борлуулдаг этгээдүүд өөрсдөө ч энэ төрлийн бодисоос хамааралтай болсон байх тохиолдол их байдаг. Тэгэхээр зөвхөн санхүүгийн хувьд боломжтой хүмүүс энэ зүйлтэй холбогддог гэж хавтгайруулж ойлгох боломжгүй болчихсон. Амжиргааны ямар ч түвшингийн хүмүүс энэ төрлийн зөрчил, гэмт хэрэгт холбогдсоор байна. Эдгээр хүмүүсийг нэг бол шорон, нэг бол үхэл л хүлээж байдаг гэдгийг их л хожим ухаарах юм даа. Гэвч тэр үед хар тамхинаас гарахад дэндүү оройтож, дэндүү холдсон байдаг.

-Олны танил эрхмүүд энэ төрлийн хэрэгт холбогдсоор байна. Уг нь нийгэмдээ үлгэр дууриалал болж явах ёстой хүмүүс шүү дээ?

-Хэдэн жилийн өмнө мансууруулах, сэтгэцэд бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, шүүхээс хорих ял шийтгэгдчихээд, сүүлийн жилүүдэд дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдээд, хорих ял эдэлсэн олны танил хүмүүс ч байна. Намайг нэрийг нь хэлсэн хэлээгүй хүмүүс гадарлаж байгаа байх. Манай улсад хар тамхи болон өөр бусад гэмт хэрэг зөрчилд ямар нэгэн олны танил хүн холбогдохоод нэг хэсэг шуугиад л таг болчихдог. Хэсэг хугацааны дараа бүхнийг мартсан мэт нөгөө жигшиж зэвүүцээд байсан нэгнийгээ магтаж, сайшаагаад л явж байтал. Гэтэл нийгэмд, өсвөр үе, хүүхэд залуучуудад буруу үлгэр дуйраалал үзүүлсэн олны танил хүн хэн ч биш болж, нийгмээс арчигддаг улс орон их байна. Жишээ нь Солонгос, Япон зэрэг улс орнуудад олны танил хүмүүс нь хар тамхи, хүчин, авлига гэх мэт гэмт хэрэгт холбогдох юм бол бүх нийтээрээ тэр хүнд шүүмжлэлтэй хандаж, тэр хүний кариер төгсгөл болдог. Тийм учир тухайн улс орны олны танил хүмүүс нийгэмд, бусдад зөв үлгэр дууриалал үзүүлж зөв байхыг хичээж ажиллаж амьдардаг. Гэтэл манайд хүүхэд, залуучууд үлгэр дууриалал аваад байгаа, даган дууриагаад байдаг олны танил хүмүүс энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох нь их байна. Ингээд ч зогсохгүй бусдыг хууль бус, хориотой зүйлд урвуу татаж, өдөөн хатгаж, уриалж байгаа байдал гаргаж байна.

-Саяхан “Comedylab”-ийн жүжигчин Амраа твиттер хуудастаа “энэ өвсийг зөвшөөрчихөөч ээ” гээд бичсэн байсан. Энэ хар тамхийг сурталчилж байгаа хэлбэр үү?

-Бид нэгэн дээвэр дор амьдарч байна. Монгол улсад ажиллаж, амьдарч байгаа хэн ч байсан Монгол улсын хууль тогтоомж, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенци, бусад эрх зүйн актуудыг дагаж мөрдөх үүрэгтэй. Тэр Амартүвшин гэх залуугийн хийж буй үйлдэлд их харамсаж байна. Сүүлийн үед Монгол улсад хөгжиж байгаа standup comedy-г би хувьдаа дэмждэг, хүүхэд залуучууд ч их сонирхож, дэмждэг. Гэвч Амартүвшин Монгол улсад хориотой хогийн олсны ургамал өвсний хэрэглээг зөвшөөрөх, хэрэглэхийг уриалж, бусдыг урвуу татаж байна. Амартүвшингийн хэлээд байгаа “өвс” гэдэг нь НҮБ-ын 1961, 1971 оны “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамал. Өөрөөр хэлвэл уг өвс гэх ургамалд тетрагидроканнабинол гэх сэтгэцэд нөлөөт бодис агуулагддаг гэсэн үг. Монгол улс уг конвенцид нэгдэн орсон учир дагаж мөрдөх үүрэгтэй. Хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдлэлгүй яахав, гэвч хууль  бус зүйлийг олон нийтэд сурталчилж огт болохгүй. Би цагдаагийн алба учир худал мэдээллийг олон нийтэд хүргэх ёсгүй. Зөвшөөрөхийг уриалаад байгаа “өвс”-ний талаар хэдэн баримт хэлье гэж бодлоо. “Өвс”-ний хэрэглээтэй байсан хүн тархинд цус харваж нас барсан тохиолдол байдаг. Мөн “хар тамхи хэрэглэдэг байсан хүн гэрээслэл бичээд нас баржээ” гэсэн нийтлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр яваад байсан. Тэр хэрэг 2018 онд гарсан явдал л даа. Үнэхээр өвсний хэрэглээтэй байсан залуу гэрээслэл бичээд “чи тэр зүйлээр тоглосон бол, тэр зүйл амьдралаар чинь тоглоно, амьдралдаа restart хийж өвс анх хэрэглэсэн өдрийг буцааж болдог бол буцаахсан, даанч надад үхэхээс өөр зам алга” гэж бичээд амиа хорлосон. Өөр иймэрхүү хэд хэдэн тохиолдол цагдаагийн газар бүртгэгдсэн байдаг. Тийм учир хүүхэд, залуучууд, ард иргэд маань хэн нэгэн хүний үзэл, бодолд бус харин хууль хяналтын байгууллагын бодит жишээнүүдэд үнэлэлт дүгнэлт өгөөрэй гэж хүсэх байна.

-Танайхаас хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийг баривчилж буй бичлэгүүдийг олон нийтэд цацсан. Гэтэл тэр бичлэгүүдийг үзсэн хүмүүс ямар “Ямар сүртэй юм  бэ, заавал цонхыг нь хагалаад байх шаардлага байдаг юм уу” гэх мэтчилэн бичиж байсан. Энэ асуултад хариулахгүй юу?

-           Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэг нь нууц, далд аргаар үйлдэгддэг, илүү зохион байгуулалтын шинжтэй, үндэстэн дамнасан гэмт хэрэг байдаг. Тийм учир энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх арга тактик илүү нарийн байдаг. Цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтэнг баривчлах, үзлэг шалгалтыг хийхдээ Цагдаагийн албаны тухай хууль болон Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны код журамд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Зарим хүмүүсийн яриад байгаа шиг энгийн нэг ядарсан иргэнд сүр хүчийг үзүүлээд байгаа хэлбэр огтхон ч биш. Тэр хүмүүсийн өрөвдөөд байгаа хүн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, уг бодисыг түүж, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн байдалтай явж байдаг. Тухайн хүний үйлдлийг газар дээр нь хязгаарлахгүй бол өөрийн болон бусдын бие махбодид халдах, эд мөрийн баримт устах эрсдэлтэй байдаг. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг би Монгол хүн бүрийн эсрэг үйлдэж байгаа гэмт хэрэг гэж боддог. Хүмүүсийн өрөвдөж хайрлаад байгаа тэр хүмүүс таны үр хүүхэд, ах дүү, найз нөхдөд чинь хар тамхиа өгч хэрэглүүлээд, зарж борлуулаад хайртай бүхнийг чинь донтогч, эрэмдэг зэрэмдэг хэн нэгэн болгох л зорилготой явж байгаа хүмүүс шүү дээ. Тэдгээр хүмүүст төр төмөр нүүрээ харуулах үедээ харуулах нь хууль ёсны бөгөөд зөв гэж би бодож байна.

-Давхар биетэй бүсгүйчүүд хар тамхи хэрэглэгчид болж байгаа тохиолдлууд байгаа гэсэн. Үнэн үү?

-Хэвлийдээ үрээ тээж байгаа жирэмсэн эхчүүд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисууд хэрэглэсэн, тухайн бодисыг зарж борлуулсан, хадгалсан байдалтай баривчлагдаж шалгагдах тохиолдолууд гардаг.  Эмэгтэй хүн гэдэг бол аливаа улс үндэстний удмын сан, ургын ариун байдлыг авч явдаг хүмүүс шүү дээ. Гэтэл тэд маань хар тамхины төрлийн бодис хэрэглээд, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдоод явж байгаа нь маш харамсалтай байдаг.  2,3-хан сартай хүүхдээ үлдээгээд шүүхээс хорих ял сонсоод явсан ээж ч байдаг. Ер нь хар тамхины хэрэгт холбогдож буй хүмүүсийн ард үлдэж буй хүүхдүүдийн асуудал их хэцүү санагддаг.

-Эцэг эхчүүд үр хүүхдээ энэ төрлийн бодис хэрэглээд байгаа юм биш биз гэж шалгаж, анхаарч байх нь зүйтэй байх. Ер нь энэ төрлийн бодист хамааралтай болж байгаа хүүхдэд ямар шинж илэрдэг вэ?

-2019 оны 09 дүгээр сарын байдлаар нийт арван долоон 15-18 хүртэлх насны хүүхэд Хар тамитай тэмцэх газарт шалгагдсан. Эдгээр хүүхдүүдийн эцэг, эх ар гэрийнхэнтэй уулзаж байхад хүүхдээ нэг л өөр болоод байгааг анзаарсан ч арай хар тамхи хэрэглээд явж байгаа гэж боддоггүй байсан гэдгээ хэлдэг. Ер нь хар тамхи хэрэглээд эхлэхээр ялангуяа өсвөр насны хүүхэд, залуучууд өөрийгөө нийгмээс, бусдаас тусгаарлаж эхэлдэг. Учир нь олны дунд байвал намайг мэдчих вий гэсэн айдас тэдэнд байдаг. Мөн зан араншингийн хувьд эрс өөрчлөгдөж эхэлдэг. Тийм учир та үр хүүхдийнхээ зан авирт гарч буй өөрчлөлтүүдийг сайн анзаарч, ярилцаж байх хэрэгтэй . Эцэг эх хүн байгалийн инстиктээрээ мэдэрдэг байх гэж би боддог. Хэрэв та ямар нэгэн зүйл мэдэрсэн л бол шалгаад үзэхэд илүүдэхгүй шүү дээ. Түүнчлэн хүүхдийнхээ амьдралын хэвшил, хоол нойрны дуршилыг анзаар. Магадгүй өдрийн цагаар унтаад, шөнө унтдаггүй ч юм уу. Хоолноос гарах, эсвэл хоолонд маш их орох. Өдөр нь гэртээ байж байгаад шөнө нь гадуур гараад явдаг ч юм уу, гадуур хонох нь олшроод байвал бас анхаарлаа хандуулаарай. Мөн хар тамхины хэрэглээнээс болж хүний биеийн жинд өөрчлөлт ордог, нуруу, цээж, нүүрээр нь идээт үрэвслүүд ихээр гарч, огт эдгэрэхгүй байх ч тохиолдол байдаг. Мөн хамгийн чухал зүйл бол найз нөхдийг нь маш сайн мэддэг байх явдал шүү. Мөн хүүхдийн чинь найз нөхдийн хүрээлэлд гэнэтийн шинэ найз гарч ирсэн юм биш биз дээ. Тэр найз хэн бэ гэдгийг эцэг эх бүр мэддэг байх ёстой. Манайд бүртгэгдсэн энэ төрлийн хэргийн 80 гаруй хувь найз нөхөд, танилын хүрээнд үйлдэгдсэн байдаг гэдгийг анхааруулж хэлье.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй